Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 617

 

 

 

 

 

 

 

2019        6                 20                                             2019/ДШМ/617

 

                                                     Б.Г-од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Батзаяа,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Г-од холбогдох эрүүгийн 1906012160604 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Таргад овгийн Б.Г-, 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,................ ам бүл 3, эцэг, эхийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Өсвөр насны шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баатархайрханы 1830 тоот гэртээ эх Б.Туяаг “архи ууж агсам тавьлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Таргад овгийн Баттулгын Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь ойлгомжгүй, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт байхгүй ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” талаар тусгайлан хуульчилсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна” гэж заасныг шүүх журамлаагүй орхигдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч М.Батмөнх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдахдаа “шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх нь “шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэж мэтгэлцэж байх ба Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж үзээд дээрх зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй учраас Б.Г-од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн байна. Өмгөөлөгч би Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг санал болгоогүй бөгөөд харин өсвөр насны шүүгдэгч Б.Г-од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзээд мөн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаар үүнд: Гандигийн нэрэмжит коллежийн оюутан /сургуулийн тодорхойлолтыг нотлох баримт болгон шүүх хуралдаанд дээр өгсөн/, эцэг нь хөгжлийн бэрхшээлтэй, эх нь архины хамааралтай, хохирогч Б.Туяагийн “...2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр би улиастайн архи уудаг хүмүүстэй нийлж архи уугаад гэртээ орсон. Тэр үед нөхөр, хүү хоёр намайг унт гэхэд би унтахгүй гээд агсам тавьсан чинь манай бага хүү унт гээд дарахдаа миний хамар руу нэг удаа цохьсон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, мөн дээрх шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг үндэслээд Б.Г-од шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах санал шүүхэд гаргасан юм. Иймд хөнгөрүүлэх болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Б.Г-од анхан шатны шүүхээс оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөлж, тогтоолыг зөвтгөж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасан үндэслэлийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад ял оногдуулахдаа журамлаагүй гэх үндэслэлээр эсэргүүцэл бичиж өөрчлөлт оруулах саналтай. Эсэргүүцлийн үндэслэлийг дэмжиж байна. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Хохирогч Б.Туяа нь архины хамааралтай. Ээж тухайн үед дүү болон аавыг хэл амаар доромжилж, салаавч гаргаад байсан учир Б.Г- ээжийг ор луу түлхэж байгаад 2-3 удаа цохисон. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Өсвөр насны шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1830 тоот гэртээ эх Б.Туяаг “архи ууж агсам тавьлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Туяагийн “2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би гудамжинд Улиастайн архи уудаг хүмүүстэй нийлж архи уугаад гэртээ орсон. Тэр үед манай нөхөр хүү хоёр намайг унт гэхэд би унтахгүй гээд агсан тавьсан чинь манай бага хүү Б.Г- намайг унт гээд дарахдаа миний хамар руу гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний хамарнаас цус гараад хамар хугарсан. Тэгэхээр нь би уурандаа цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх 7/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын “...аав руу салаавч гаргаад байхаар нь уур хүрээд ээжийнхээ нүүр лүү гараараа нэг удаа цохиод, мөр лүү нь түлхсэн. Тэгсэн чинь ээжийн хамраас цус гараад тогтохгүй байсан...” гэсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14/,

Хохирогч Б.Туяагийн “...хашаан дотроо нуучихсан байсан 0.5 граммын “Хандгай” гэдэг архинаасаа 3 удаа балгаад гэртээ ороод юу ч яриагүй орон дээрээ куртка тайлаад сууж байтал манай хүү Б.Г- босч ирээд баруун, зүүн шанаа руу цохиод нүд харанхуйлаад унасан. Унаад нэг сэргээд босоод иртэл үстээд хамар луу 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-9/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2013 дугаар актын “Б.Туяагийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 18/ болон өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Прокурор Э.Гэрэлмаа “шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь ойлгомжгүй, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт байхгүй ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж өөрчлөлт оруулах”-аар улсын яллагчийн эсэргүүцэл;

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг үндэслээд Б.Г-од шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлтэй, өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь,

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна” гэсэн байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй” гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял хийлгэх ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэсэн нь буруу тул энэ талаар гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасныг өсвөр насны шүүгдэгч Б.Г-од хэрэглэж болох боловч, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, тохирох үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул “шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөх”-ийг хүссэн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг:

“2. Өсвөр насны шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-од оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнхийн “шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ