Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0529

 

2020 оны 8 сарын 26 өдөр Дугаар 128/ШШ2020/0529 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БХХК-ийн захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

БХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд элс, хайрга, олборлох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 163.24 га газрыг 2008 оноос эхлэн 30 жилийн хугацаатай эзэмшин, хуулийн хугацаанд татвар хураамжаа тогтмол төлж ирсэн.

БХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаартай тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, Улаанбаатар хот-Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барьсан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолын 3-д Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн сайд, тухайн шатны Засаг дарга нарт даалгасугай гэсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 42.3-д ...Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж заасан байдаг бөгөөд БХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 163.24 га газарт Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барьсан хэдий ч одоог хүртэл БХХК-д нөхөх олговор олгоогүй болно.

БХХК нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19/45 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолын 3-д заагдсан албан тушаалтнууд болох Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт хандсан хэдий ч зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/3362 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19/48 дугаартай албан бичгээр хандсан хэдий ч одоог болтол хариу ирүүлээгүй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоорэргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163.24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трансст өртсөн газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тохиролцон газар чөлөөлөх асуудлыг 2017 онд зохион байгуулсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж заасан нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр газар ашигладаг тул Газрын тухай хуульд заасны дагуу нөхөх олговортой газар чөлөөлөх заалтад хамаарахгүй.

Мөн БХХК-ийн ашиглалтын МҮ-******* тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын захирамжийг БХХК эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0588 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэгэнт тусгай зөвшөөрөл дуусгавар болгосныг шүүх эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэгч БХХК Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглагч гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно гэж заасны дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар-Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трансст өртсөн газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай газар чөлөөлөх асуудлыг хариуцагч 2017 онд зохион байгуулсан байна.

Газрын тухай хуульд зааснаар иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаас үзвэл тухайн шатны Засаг даргын шийдвэрээр гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгжийг газар эзэмшигч гэж хэлэхээр байна.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо Өлзийт хороололд түгээмэл тахацтай ашигт малтмал ашиглах зориулалтаар 163,23 га газрыг 2008 оноос хойш манай компани эзэмшиж ирсэн гэж тайлбарладагч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар цуцалсан байна.

БХХК нь дээрх А/609 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн Давж Заалдах шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 221/МА2018/0588 дугаар магадлалаар нэхэмжлэгч БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан нөхцөл илэрвэл өөрөөр хэлбэл газрын хэвлийг ашиглагч нь газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгоно гэж заасны дагуу БХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь Нийслэлийн Засаг даргын гарсан А/609 дүгээр захирамж, болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 19.68 га талбайгаар давхцаж байгаа нь нотлогдож байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл БХХК -нь гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа газар байхгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь 2017 онд дууссан гэж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай газрыг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл байхгүй кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа гэж тайлбарладагч тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон аж ахуйн нэгжийн кадастрын зурагнд тэмдэглэл хийгээгүй нь төрийн захиргааны хоорондын ажлын уялдаа холбоотой асуудал бөгөөд кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй гэдэг үндэслэлээр газрын нөхөн олговрыг олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоолын 3-т Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг олгохоор заасан байх ба нэхэмжлэгч БХХК-ийн хувьд гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа газар байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч БХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тус тус заасныг баримтлан ...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн БХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ