Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 221/2024/0003/З |
Дугаар | 221/ШШ2024/0004 |
Огноо | 2024-02-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/ШШ2024/0004
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: МӨХ МХХ
Нэхэмжлэлийн шаардлага: “МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаах”
Гомдол гаргасан тогтоол: Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 дугаар тогтоол
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Иргэдийн төлөөлөгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 221/2024/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь МӨХ МХХнд холбогдуулан “МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаах”-аар маргасан байна.
2. МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 дугаар тогтоолоор хариуцагч Б.Дд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгожээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдолдоо: ”МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар манайхаас гаргасан гомдлын дагуу өмгөөлөгч Б.Д гэх этгээдэд холбогдох асуудлыг авч хэлэлцсэн. Манайд ирүүлсэн бичиг баримтаас үзэхэд Б.Дд хариуцлага тооцоогүй гэж ойлгогдох төдий утга агуулга хэл найруулгын хувьд учир дутагдалтай 9 хүний гарын үсэг зурсан 11 хуудас материал байна. Хуудас №10 нь Тогтоох нь: .... гэж төгссөн байна. Хуудас №11 нь 3.Тогтоолыг 14 хоногийн дотор ... гэж эхэлсэн байна. Энэ нь техник алдаа биш гэдгийг баталж байна. Үүнээс харахад хурлаас гарсан шийдвэрийн тогтоох хэсэг нь огт байхгүй тул тухайн хурлын эцсийн үр дүн нь юу байгаа нь ойлгомжгүй ямар шийдвэрийг гаргаж асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь учир битүүлэг, цаашид тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хэрхэн хаана хандах нь мухардмал, эцсийн дүндээ ямар ч ач холбогдолгүй хурлын тогтоол нэртэй зүйлийг манайх хүчин төгөлдөр хууль эрх зүйд нийцсэн албан ёсны баримт гэж үзэхгүй”,
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий С ХХК-ийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өмгөөлөгч Б.Дд холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, хуралдаанд гомдол гаргагчийг төлөөлөн тус компанийн захирал Н.Г болон хариуцагч, өмгөөлөгч Б.Д нар нь биечлэн оролцож, хуралдаанаас гарсан шийдвэрийг сонссон хэрнээ хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдэхгүй, ойлгоогүй гэж гомдолдоо дурдсан нь ойлгомжгүй байна. Хороо нь тухайн маргааныг хянан шийдвэрлээд тогтоолыг 4 хувь хэвлэж, хуралдаанд оролцсон нийт 9 гишүүн хянан, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд бусад хувиуд буюу хороонд үлдсэн хувиуд болон хариуцагчид өгсөн тогтоолууд бүгд алдаагүй байгаа болно. Хэрэв тус тогтоол алдаатай байсан бол бусад хувиуд ч мөн нэгэн адил алдаатай хэвлэгдсэн байх байсан. Гэвч С ХХК-ийн захирал Н.Г нь тогтоолыг өөрийн биеэр шалгаж, гарын үсэг зурж авсан байгаа. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, С ХХК-ийн захирал Н.Гантулгын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Н.Гас “МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан байна.
1.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар манайхаас гаргасан гомдлын дагуу өмгөөлөгч Б.Д гэх этгээдэд холбогдох асуудлыг авч хэлэлцсэн. Манайд ирүүлсэн бичиг баримтаас үзэхэд Б.Дд хариуцлага тооцоогүй гэж ойлгогдох төдий утга агуулга хэл найруулгын хувьд учир дутагдалтай 9 хүний гарын үсэг зурсан 11 хуудас материал байна. Хуудас №10 нь Тогтоох нь: .... гэж төгссөн байна. Хуудас №11 нь 3.Тогтоолыг 14 хоногийн дотор ... гэж эхэлсэн байна. Энэ нь техник алдаа биш гэдгийг баталж байна. Үүнээс харахад хурлаас гарсан шийдвэрийн тогтоох хэсэг нь огт байхгүй тул тухайн хурлын эцсийн үр дүн нь юу байгаа нь ойлгомжгүй ямар шийдвэрийг гаргаж асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь учир битүүлэг, цаашид тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хэрхэн хаана хандах нь мухардмал, эцсийн дүндээ ямар ч ач холбогдолгүй хурлын тогтоол нэртэй зүйлийг манайх хүчин төгөлдөр хууль эрх зүйд нийцсэн албан ёсны баримт гэж үзэхгүй. Иймд энэ тогтоолыг хүчингүй болгож МӨХ МХХнд ахин шинээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.
2. МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 дугаар тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Дд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгожээ. /Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тогтоолд/
2.1. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хариуцлагын хорооноос гомдол гаргагч С ХХК-ийн захирал Н.Гд гардуулсан МТ/32 дугаар тогтоолын 10 дахь хуудасны сүүлийн догол мөрөнд “МӨХ МХХны маргаан хянан шийдвэрлэх журмын 88, 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, 89.3, 89.4, 89.6 дахь хэсэг, 90 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:” гээд 11 дэх хуудсанд “3. Тогтоолыг 14 хоногийн дотор маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай, 4. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч энэ тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Хороо нь тухайн маргааныг хянан шийдвэрлээд тогтоолыг 4 хувь хэвлэж, хуралдаанд оролцсон нийт 9 гишүүн хянан, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд бусад хувиуд буюу хороонд үлдсэн хувиуд болон хариуцагчид өгсөн тогтоолууд бүгд алдаагүй байгаа болно. Хэрэв тус тогтоол алдаатай байсан бол бусад хувиуд ч мөн нэгэн адил алдаатай хэвлэгдсэн байх байсан. С ХХК-ийн захирал Н.Г нь тогтоолыг өөрийн биеэр шалгаж, гарын үсэг зурж авсан байгаа” гэж тайлбарлаж байна.
3. МӨХ МХХны маргаан хянан шийдвэрлэх журмын 88 дугаар зүйлийн 88.1-д “Маргааныг хянан шийдвэрлэсэн хуралдаанаас гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 88.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 89 дүгээр зүйлийн 89.1-д “Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 89.4-т “Тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэхэд баримталсан хууль, дүрэм, журмын заалтыг тодорхой тусгана”, 89.6-д “Маргааныг хэрэгсэхгүй болгосон тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд 89.6.1-д “хэрэгсэхгүй болгосон тухай” гэж тус тус журамласан байна.
3.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талаас МТ/32 дугаар тогтоолыг эх хувиар нь ирүүлснийг шүүх шинжлэн судлаад хуулбарлаж, хэрэгт хавсаргасан бөгөөд дээрх хоёр тогтоолыг харьцуулж харахад хоорондоо зөрүүтэй, Мэргэжлийн хариуцлагын хороо тогтоолыг нөхөж гаргасан гэж үзэхээр байна.
3.2. Маргаан бүхий тогтоолын хуудасны дугаарлалт зөв боловч тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт байхгүй, тогтоох хэсэгт тусгагдах ёстой С ХХК-ийн өмгөөлөгч Б.Дд холбогдуулж гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь МӨХ МХХны маргаан хянан шийдвэрлэх журмын ноцтой зөрчилд тооцогдоно. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
3.3. Иймд МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар МӨХ МХХнд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Иргэдийн төлөөлөгч Б.М дүгнэлтдээ: “Тогтоол дээр маргаан үүссэн гэж ойлголоо. Гаргасан тогтоол нь буруу байсан гэж нэхэмжлэл гаргасан, хариуцагч талаас тогтоолд алдаа байхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.3-т заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. МӨХ МХХны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №МТ/32 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар МӨХ МХХнд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан С ХХК-иас гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА