Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 312

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдорж

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

шүүгдэгч Э.Буянбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намсрай овогт Эрдэнэцэцэгийн Буянбаатарт холбогдох 201619000471 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдраг 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Намсрай овогт Эрдэнэцэцэгийн Буянбаатар, /РД:НУ87061850/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Э.Буянбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт Шавхуургын ам гэх газрын шороон зам дээр Даюун маркийн мотоцилклийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7А, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар В.Батсуурийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Э.Буянбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр адуундаа явчихаад гэртээ харих замдаа мотоцикльтойгоо онхолдчихсон гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Батсуурь, Буянбаатар нар мотоцикльтой явж байгаад осолд орсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Батсуурийн биеийн байдал нь өдөр ирэх тусам сайжирч байгаа гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/

 

Хохирогч В.Батсуурь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ослын үеийн зүйлийг мэдэхгүй байна. Архи хэнтэй ууснаа ч сайн санахгүй байна. Манай дүү Батдорж миний эмчилгээ, эм тариа, шатахуун, идэж уух зүйлд зарцуулсан баримтыг нэгтгэж тооцоход 3.391.697 төгрөг болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 07 цагийн үед би Баатар, Батсуурь ах нарын хамтаар 2 мотоцикльтой адуу хайхаар Төв аймгийн Баянжаргалан сумын баруун урагшаа гарсан юм. Тэгээд адуугаа Баянжаргалан сумын уурхайн хойд талаас олж аваад буцаад харьж явтал Баатар бид хоёрын унаж явсан мотоцикль бензингүй болсон. Тэгээд бид хоёр Баянжаргалан сумын төв орж бензин аваад дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг аваад Баянмөнх, Батсуурь хоёр дээр очоод хувааж уусан. Тэгсэн Баянмөнх бие өвдөнө гээд их уугаагүй. Пиво ууж дуусчихаад буцаж Баянжаргалан сум орж дахин 4 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво аваад замдаа хоёр савыг нь ууж дуусчихаад явсаар байгаад манайд ирээд хоод унд идээд 1 ширхэг пиво, 1 шил Улаанбаатар гэсэн нэртэй 0.75 литрийн архи Баянмөнх ах авсан байсныг хувааж уусан. Тэгээд ууж дуусчихаад Баатар, Баянмөнх, Батсуурь нар харилаа гээд гарцгаасан. Баатар надаас харьчихаад ирье гээд миний мотоциклийг аваад явсан. Би тэр гурвыг хөдөлж явсныг ч мэдээгүй, өглөө босоод адуундаа явах гэтэл мотоцикль байхгүй байсан. Тэгээд эхнэрээсээ асуутал Баатар чамаас гуйгаад аваад явсан гэж ярьсан. Буянбаатарыг манайхан Баатар гэж дууддаг юм. Би өөрөө тэр үед их согтсон байсан. Хөдөөний хүмүүс бид бие биедээ юмаа харамлаад байдаггүй юм. Харин тухайн үед Буянбаатар бага зэрэг пиво уусан архи уугаагүй эрүүл шахуу согтоогүй байсан. Харин Батсуурь ахыг үлд гээд байхад үгэнд ороогүй Буянбаатарын ард суугаад явсан байсан. Миний мотоцикльд үнэлгээгээр 18.000 төгрөгний хохирол гарсан. Хохирол гэхээр зүйл байхгүй тул гомдолгүй, нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Баянмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр адуугаа алдчихаад хайж яваад Баянжаргалан сум Архуст сумын залгаа газарт явж байгаад Баянмөнх, Батсуурь, Буянбаатар, Энхболд, Баянжаргалан сумын нэг танихгүй залуу нартай таарсан юм. Тэд нар тэндээ 2 хуванцар савтай 2.5 литрийн Нийслэл пиво ууцгааж байсан. Би өөрөө архи дарс ууддаггүй болохоор тэд нарыг ууж байхад хажууд нь юм яриад сууж байсан. Тэгээд тэр 4 дахин Баянжаргалан сумаас 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл гэсэн пиво авч ирж ууж дуусгачихаад бид нар бүгдээрээ цаашаа Баянжаргалан сум орж 1 шил 0.5 литрийн Улаанбаатар гэсэн архи ууцгаасан тэндээсээ дахин 4 сав 2.5 литрийн Нийслэл гэсэн пиво аваад буцаад Баяндэлгэр сум руу явах замдаа 4 савтай пиво ууцгаасан. Замаараа Энхболдийн гэрт орж 1 савтай пиво, 1 шил архи ууцгаагаад үлдсэн, 1 савтай пиво Буянбаатар өвөртлөөд аваад явсан юм. Тэгээд би Энхболдын гэрээс ганцаараа Буянбаатар, Батсуурь хоёр сундлаад манайх руу явцгаана гээд хөдөлсөн юм. Би түрүүлж яваад тэр хоёр бие засна гээд ард үлдээд намайг явж бай гэсэн. Би гэртээ очоод түр хүлээж байгаад нөгөө хоёр ирэхгүй болохоор нь буцаад очтол манайхаас 2км орчим газарт онхолдсон байсан. Баатраа Батсуурийг босгоод бариад сууж байсан. Батсуурийн толгойноос цус гарсан байсан. Би Батсуурийг өөрийнхөө ард сундлаад гэр рүүгээ авч явсан юм. Баатар араас өөрийнхөө мотоцикльтой дагаж ирээд манай эхнэртэй хамт Батсуурийг дамжилж ороод орон дээр хэвтүүлээд Баатар явна гээд гараад явсан, тэгээд удалгүй буцаж ирээд замаа олохгүй байна гэхээр нь би гарч зам зааж өгч явуулсан. Тэрнээс хойш буцаж ирээгүй. Анх намайг Баянжаргалан сумын ард очиход Буянбаатар өөрийнхөө мотоцикльтойгоо Батсуурь өөрийнхөө мотоциклоо өөрийнхөө дүү гээд залууд өгөөд явуулчихсан юм. Тэгээд тэндээс Энхболдын гэрт очихдоо Батсуурийг ардаа сундлаад Буянбаатар, Энхболдыг сундлаад явсан. Нөгөө танихгүй залуу Баяжаргалан суманд үлдсэн. Буянбаатарын унаж явсан мотоцикль нь аваад 7 хонож байсан шинэ мотоцикль байсан. Гэрэл дохио болон бусад эд анги нь хэвийн ажиллагаатай байсан. Харин онхолдсны дараа банк нь хонхойгоод баруун талынх нь толь хугарсан байсан, бусдаар зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч Д.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өглөө адуундаа явсан юм. Тэгээд орой адуу олдохгүй байсан гэж над руу утасдсан юм. Тэгээд тэрнээс хойш 10-ны шөнө 02 цагийн үед гэртээ орж ирчихээд буцаад гараад явахаар араас нь гараад хартал манайхаас нэг км-ийн зайтай ойрхон зам дээр мотоциклийн гэрэл гарч байсан. Манай хүн тэр гэрэл рүү явж байсан, тэндээсээ нэг их удалгүй хөдлөөд ирсэн. Тухайн үед Баатар нилээн согтсон, Батсуурь архи үнэртүүлсэн, толгойноос нь цус гарчихсан харимаар байна гэж байсан. Тэгээд Баатар бид хоёр Батсуурийг дамжилж гэр рүү оруулсны дараа Баатар яваад өгсөн. Тэгээд унтаж амарчихаад өглөө би унтаж байг гээд үхэр малаа янзалсан. Манай нөхөр адуундаа явсан байсан. Тэгээд гэртээ орж ирээд цайгаа чанаад сууж байтал Батсуурь ор доргитол чичрээд байхаар нь даралтыг нь үзэхэд арай гайгүй зүрхнийх нь цохилт өндөр байхаар нь зүрхний эм уулгачихаад Батсуурийн эгч Бат-Эрдэнийг утсаар нь дуудсан юм. Тэгээд удалгүй Баяндэлгэр сумын түргэн дуудаж авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09шэ/256 тоот дүгнэлт: 1. Э.Буянбаатарын биед тархи доргилт, зүүн хөмсгөнд язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №8386 тоот дүгнэлт: 1.В.Батсуурийн биед баруун зулайн урд хэсгээр урагш доош чиглэлтэй чамархай яс, баруун нүдний ухархайн гадна хана, дээд хана дайран баруун этмойд хөндий, суурийн хөндийг дайран, зүүн талын чамархайн сац, зүүн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, духны зүүн хэсэгт зулай чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай зүүн чамархай хэсгийн тархины эдэд цус хуралт, суурийн хөндийд цус хуралт, тархины тал бөмбөлөгүүдийн таславч хооронд аалзан бүрхүүл, ясны нумны зөрүүтэй хугарал, хамрын зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун талын хацар ясны нумны зөрүүтэй хугарал, хамрын зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.13 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална...гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00000065 дугаартай дүгнэлт: 1. Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Э.Буянбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7А “жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Хэргийн материалаас үзэхэд Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Э.Буянбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохдоо зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй, хэргийн материалаас үзэхэд осол болох үед замын нөхцөл нөлөөлсөн зүйлгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдорж шүүхийн гаргаж өгсөн хүсэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Эрдэнэцэцэгийн Буянбаатарт холбогдох эрүүгийн хэрэгт В.Батдорж миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Миний бие В.Батдорж нь Э.Буянбаатараас ахынхаа эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан. Бид нар 5 жил цуг айл саахалт байж Э.Буянбаатар нь манай малыг малладаг байсан. Одоо миний ахын бие эрүүл саруул болсон. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Иймд Э.Буянбаатарт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт.../хх-ийн 134 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №87 дугаартай дүгнэлт: 1.Э.Буянбаатарын цусанд этилийн спирт илрээгүй байна. 2.Э.Буянбаатар АВО системээр 1 дүгээр бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Буянбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт Шавхуургын ам гэх газрын шороон зам дээр Даюун маркийн мотоцилклийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7А, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж В.Батсуурийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч В.Батсуурь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Энхболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Баттуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 87 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09/шэ256 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8386 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00000065 тоот дүгнэлт, Э.Буянбаатаын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Э.Буянбаатарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Э.Буянбаатарт ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Буянбаатарын өмчлөлийн 2 тооны адууг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгох, Э.Буянбаатар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдоржид 1.500.00 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдоржоос цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Г.Энхболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг дурьдах зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Намсрай овогт Эрдэнэцэцэгийн Буянбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Э.Буянбаатарт оногдуулсан 2 хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Э.Буянбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянбаатарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Э.Буянбаатар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Буянбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох 1 жилийн эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Ялтан Э.Буянбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Батдоржид 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Э.Буянбаатарын өмчлөлийн 2 тооны адууг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Э.Буянбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ