| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0818/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/838 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208014761009 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужаанаар ажилладаг, ам бүл 2, охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ын Б (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын гадаа Н.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын гадаа Н.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Н.Э-ийн: “...Би найзуудын хамт Сонгинохайрхан дүүргийн хороо ... нэртэй 3 давхар тоосгон буудлын 1 давхрын 3 тоотод 15 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд уугаад байж байтал уг буудлын ресейпшн орж ирээд 3 давхарт хүмүүс хоорондоо маргалдаад байна, та нар ороод салгаад өгөөч гэж хэлэхээр нь би хоёр найзын хамт буудлын өрөөнөөс гараад ресейпшн гэх үл таних хүүхэнтэй дээшээ гартал уг өрөөнд үл таних залуучууд хоорондоо маргалдаад байхаар нь салгаад дундуур нь ортол Б гэх залуу уурлаад намайг боогоод хана луу шахахаар нь би түлхээд орон дээр шидээд дээр нь гараад гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон чинь намайг зөрүүлээд гараараа цохисон. Тэгсэн чинь Б гэх залуу намайг буудлаас гараад эр хүн шиг үзье гэж хэлээд гадаа гартал тэр залуу надаас зугтаагаад над руу ойртохгүй байхаар нь би гүйж очоод утсыг нь булааж аваад зугтаачихсан чинь манай дүү Э-ын нүүр лүү нь тэр залуу нэг удаа гараараа цохихоор нь би тэр залууд май гээд гар утсыг нь буцааж өгөөд эр хүн ийм байдаггүй юм гэж хэлээд барилцаж аваад цээж рүү нь өвдөглөх үед миний нүүр уруул орчим тэр залуу 3 удаа цохиж, хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөх үед цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулсан. Миний уруул дотор тал язарсан, баруун нүдний хөмсөг хэсэг хавдсан. Баруун гарын тохой шалбарсан байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20 дахь тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5796 дугаартай:
“Н.Э-ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад шарх, цус хуралт, цээж, зүүн бугалга, өвдөг, баруун бугалга, шуу, сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
3. Шүүгдэгч Б.Б-ын: “...Би найзтайгаа тоглоомоор маргалдаад байж байтал хэсэг хугацааны дараа тэр эгч буцаж орж ирэхдээ үл таних залуу буюу (Э)-ийг дагуулаад орж ирсэн ба Э “та нар юундаа хэрэлдэж маргалдаад байгаа юм бэ” гээд намайг түлхэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд хоолойноос нь боотол Э намайг эргүүлж түлхэх үед би орон дээр унасан ба Э миний дээр гараад нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэр үед би Э-ийг чи эр хүн юм бол хоёулаа гараад зодолдъё гэж хэлээд бид хоёр буудлаас гараад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн Э гэх залуу миний гар утсыг шүүрч аваад цагдаа иртэл байж бай гэж хэлээд надаас зугтаагаад утас өгөхгүй байсан. Тэр үед Э-ийн дүү Э гэх залуу буудлаас гараад ирэхээр нь би утсаа авъя гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохих үед Э гэх залуу миний гар утсыг май гэж хэлээд эр хүн ийм байдаггүй юм гэж хэлээд бид хоёр барилцаж авах үед Э миний цээж хэсэг рүү өвдгөөрөө өвдөглөхөөр нь миний уур хүрээд тэр залуугийн нүүр уруул орчим гараараа нэг удаа цохитол зөрүүлээд Э миний нүүр лүү 2-3 удаа цохиж хөлөөрөө цээж хэсэг рүү өвдөглөж хоорондоо харилцан зодолдож байтал цагдаа ирээд Э, Э бид гурвыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би бусдын биед учруулсан гэмтлийг цохиж зодож учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүндээ маш их харамсаж гэмшиж байна. Дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 72-74 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас харвал, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь тус зочид буудлаар үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан байх ба шүүгдэгч Б.Б нь хүмүүстэй муудалцаж байхад нь уг асуудлыг зохицуулахаар очсон Н.Э- нь Б.Б-тай мөн л муудалцаж улмаар гадагшаа гарч харилцан бие биеэ цохилцож зодолдсон болох нь тэдгээрийн агуулгын хувьд зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон, улмаар тухайн үед шүүгдэгч Б.Б-ын үйлдлээс шалтгаалан Н.Э-ийн биед гэмтэл учирсан нь хөнгөн гэмтэлд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, харин Б.Б-ын биед гэмтэл тогтоогдсон эсэх талаар ямар нэгэн баримтгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод нь халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд торгох ялын саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй шууд холбоотой, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол нэхэмжлэхээс татгалзсан байдал, нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлын хувьд хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдийн хамт амьдардаг, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн ангилалд хамаарсан зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ