Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0784/Э |
Дугаар | 2022/ШЦТ/793 |
Огноо | 2022-06-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000909 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эгч,хүргэн ахын хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын 2 дугаар баг ... гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоо ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ийн Э (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т плазагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Х-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зүүн зовхи, цээжинд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн мөр, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би гэрээсээ эхнэр Д.Х-ын хамт гараад дэлгүүр хаачихсан байсан болохоор Т плазагийн караокеноос пиво авах гээд ороод тухайн караокеноос 2 шил пиво аваад гараад гэр лүүгээ алхаад явж байтал хойноос нэг залуу чанга орилоод нааш ир тамхи байна уу гэхээр нь би юу гэнээ гээд яваад очиход үл таних хоёр залуу, нэг эмэгтэй хүн байсан ба тухайн хоёр залуугийн нэг болох энэ залуу нь намайг заамдаж аваад доошоо дарж газар унагаагаад миний толгой руу өшиглөсөн. Тэгээд би энэ залууг барьж аваад эхнэртээ гар утсаа өгөөд цагдаа дууд гээд өгөхөд М март худалдааны төвийн үүдэнд намайг заамдаад газар унагаасан, тэгээд энэ залуу миний хацар луу шанаадаад унагаагаад ахиад толгой руу өшиглөсөн. Тэгтэл миний зүүн талын хөмсөг сэтэрсэн. Энэ залуу тухайн үед үнэндээ маш их согтуу, юугаа ч мэдэхгүй байсан. Зүгээр байж байгаад энэ залууд нохой шиг зодуулсан. Тухайн үед нүүр ам үнэндээ аймаар болсон. Бас намайг үсдэж чирч байхад миний өмдний халаасанд байсан гар утасны дэлгэц хагарсан байсан. Энэ залуу надад ямар ч хохирол барагдуулаагүй. Би 10 хоног эмнэлэгт хэвтсэн, тэр эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 600,000 төгрөг, гар утасны нүүр солиулсан зардал 350,000 төгрөг, нийт 950,000 төгрөг нэхэмжилж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч М.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), гэрч Д.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), гэрч Д.Т-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5938 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 30-34 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), шүүгдэгч Б.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т плазагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Х-аас тамхи асууж, улмаар уг асуудлаас үүдэлтэйгээр маргалдаж, М.Х-ын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх,чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зүүн зовхи, цээжинд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн мөр, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хохирогч М.Х-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэрээсээ эхнэр Д.Х-ын хамт гараад дэлгүүр хаачихсан байсан болохоор Т плазагийн караокеноос пиво авах гээд орсон. Эхнэр бид хоёрыг тухайн караоке руу ороход тэнд үл таних хоёр эрэгтэй, нэг эмэгтэй залуухан хүмүүс нэлээн ууртай маягийн бас согтуу байж байсан. Тэгээд тухайн караокеноос 2 шил hieneken нэртэй пиво аваад гараад гэр лүүгээ алхаад явж байтал тухайн караокед байсан залуугийн нэг нь хойноос чанга орилоод нааш ир тамхи байна уу гэхээр нь би юу гэнээ гээд яваад очиход тухайн үл таних хоёр залуу, нэг эмэгтэй хүн байсан ба тухайн хоёр залуугийн нэг залуу нь намайг заамдаж аваад доошоо дарж газар унагаагаад миний толгой руу өшиглөсөн. Тэгээд би тухайн залууг барьж аваад эхнэртээ гар утсаа өгөөд цагдаа дууд гээд өгөхөд М март худалдааны төвийн үүдэнд намайг заамдаад газар унагаасан залуу нь хацар луу шанаадаад унагаагаад ахиад толгой руу өшиглөсөн. Тэгтэл миний зүүн талын хөмсөг сэтэрсэн. Тэгээд тэр гурван хүн зугтаасан. Пиво авахаасаа өмнө гэртээ 1 шил пиво уучихсан байсан. Анх намайг дуудаж тамхи асуусан энэ залуу нь миний хацар луу шанаадаад миний толгой руу өшиглөөд, миний толгой газар мөргүүлээд унасны дараа бүх бие рүү болох толгой нүүр ам, нуруу зэрэг газар луу өшиглөсөн. Энэ залуу тухайн үед үнэндээ маш их согтуу, юугаа ч мэдэхгүй байсан. Зүгээр байж байгаад энэ залууд нохой шиг зодуулсан. Тухайн үед нүүр ам үнэндээ аймаар болсон. Бас намайг үсдэж чирч байхад миний өмдний халаасанд байсан гар утасны дэлгэц хагарсан байсан. Энэ залуу надад мар ч хохирол барагдуулаагүй. Би 10 хоног эмнэлэгт хэвтсэн, тэр эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 600.000 төгрөг, гар утасны нүүр солиулсан зардал 350,000 төгрөг, нийт 950,000 төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч Д.Х-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим дэлгүүр хаалттай байсан болохоор Т караокеноос пиво авах гээд нөхрийнхөө хамт гэрээсээ гарсан. Тэгээд тухайн караоке руу ороод 2 шил hieneken нэртэй пиво авчхаад гараад гэр лүүгээ орох гээд явж байтал караоке дотор бармен луу нь тооцоогоо энэ тэр гээд орилоод байсан нэг үл таних согтуу залуу гадаа гараад ирчихсэн, манай нөхрийг хөөе гээд дуудахаар нь яасан гээд манай нөхөр очиход тамхи байна уу гэж асуухад нь байхгүй гэж хэлтэл тухайн үл таних залуу манай нөхрийн нүүр лүү нь цохисон. Тэгээд тухайн залуу манай нөхрийг болихгүй зодоод байсан. Тэр манай нөхрийг зодоод байсан үл таних залуутай нэг эрэгтэй бас нэг эмэгтэй хүн байсан, тэр хоёрын эмэгтэй нь манай нөхөрт ерөөсөө гар хүрээгүй. Эрэгтэй нь харин салгаад ч байгаа юм шиг манай нөхрийг тэврэхэд нөгөө аймар цохиод байсан хүн нь зодоод байсан. Тэгээд цагдаа дуудсаны дараа тэр гурав тал тал тийшээ зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
4. Гэрч Д.Т-гийн: “...Э, Б нар бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид гурав 2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 00 цагийн үед тэр караокеноос гарсан. Тухайн газраас Э түрүүлж гарсан араас нь Б бид хоёр гарахад Э нэг үл таних ахтай маргалдаад хэрэлдээд зогсож байсан. Тэр үед Б бид хоёр Э-ийг цаашаа аваад явж байхад Э-тэй маргалдаж байсан ах хувцасныхаа энгэрээс шил гаргаж ирээд тархийг чинь хагална шүү гэж хэлсэн. Тэгтэл Э эргэж хараад тэр ахын пивоны шилийг газар хагалуулаад бид гурав явж байхад тэр ах дахин нэг шил гаргаж ирээд Э-ийг цохино гээд дайраад байхад Э очоод тэр үл таних ахыг газар унагаагаад толгой руу нь 2, 3 удаа өшиглөсөн. Манай найз Э тэр үл таних ахтай маргалдаж зодолдсон өөр зодоонд орсон хүн огт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5938 дугаартай: “...М.Х-ын биед зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зүүн зовхи, цээжинд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн мөр, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
6. Шүүгдэгч Б.Э-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ажлаа тараад гэр лүүгээ явж байхад манай хоёр найз Б Т хоёр намайг 1 дүгээр хороололд хүрээд ирээч, гурвуулаа уулзъя гэхээр нь Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо Т плаза төвийн караокены газар очсон. Тухайн үед Т, Б бид нар 0.75л шилтэй архийг хувааж ууж байгаад дуусгалгүй Т плазагийн караоке сууж байгаад гарахаар болсон. Тэгээд би Т плазагийн караокеноос гараад явж байхад замд үл таних эрэгтэй над руу уурлаад дайрсан. Тэгтэл манай хоёр найз Т, Б нар дундуур орж салгаад намайг холдуулсан. Тухайн үед надтай маргалдсан зүйл надад хандаж чиний толгой дээр чинь пивоны шил хагална шүү гэхээр нь би уурлаад чадвал хагалаарай гэж хэлээд тэр залуугийн барьж байсан пивоны шилийг аваад тэр залууг газар унагааж нүүр лүү нь 5, 6 удаа өшиглөхөд Т Б нар салгаж холдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Х-аас тамхи асуух нэрийдлээр маргаан үүсгэж, улмаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.Х-ыг газар унагааж нүүр хэсэг рүү өшиглөн зодсоноос гэмтэл учирсан, шүүгдэгч нь тухайн үйлдлийг хууль бус болохыг өөрөө ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн шинжтэй, түүний үйлдэл нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-ийн бусдыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Тус хэргийн улмаас хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр ... эмнэлэгт эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардалд 600,000 төгрөг, ... гар утас засварын газарт iphone-7, iphone-8 зэрэг гар утасны дэлгэц солиулсны төлбөрт 350,000 төгрөг зарцуулсан буюу нийт 950,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, баримтуудыг хэрэгт хавсаргуулсан байна. (хавтаст хэргийн 39 дэх тал)
Хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтуудыг судалж үзвэл,
Хохирогчийн нэхэмжилсэн буй нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд зарцуулсан 600,000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэл бүхий байх тул 600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Х-т олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 600,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч М.Х- нь өмнө мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчид зөвхөн зодуулж гэмтсэн талаар мэдүүлэг өгснөөс бус зодуулах явцад гар утас эвдэрч гэмтсэн талаарх мэдүүлэгч өгч байгаагүй, мөн түүний гэр бүлийн хүн болох /эхнэр/ гэрч Д.Х- нь өөрийн нөхрийг бусдад зодуулж гэмтсэн талаар мэдүүлсэн, бусад гэрч нарын мэдүүлэгт ч энэ талаар мэдүүлсэн зүйлгүй, хохирогч нь тухайн үед эд зүйл эвдэрч гэмтсэн талаар мэдүүлээгүйгээс үүдэлтэйгээр гар утасны эвдрэл гэмтлийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан авагдаагүй байна.
Иймээс хохирогчийн нэхэмжилж буй гар утасны засварт зарцуулсан зардал болох 350,000 төгрөгийн зардлыг энэ хэрэгт хамааралтайгаар гарсан зардал гэж дүгнэх боломжгүй, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч М.Х- нь уг гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон зардал гарсан тохиолдолд баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Ө.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогч М.Х “...ямар нэгэн саналгүй” гэж,
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “...улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байдал, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдал /оюутан, хажуугаар нь ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-эд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ээд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн М.Х-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э-ээс 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг хохирогч М.Х-т төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ