Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/791

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203001960245 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Г-ын Э (РД:...),

Холбогдсон хэргийн талаар/:

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний 17 цаг 23 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр “Hyundai Aero City” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.5, 10.1, 23.4-д заасан заалтуудыг зөрчиж, зорчигч Ц. Н-г автобуснаас бууж амжаагүй байхад нь гэнэт хөдөлснөөс хөл алдаж, газарт унасан байх үед зорчигчийн баруун хөлийнх нь шагай хэсгийг автобусны хойд дугуй хэсгээрээ дайрч, Ц. Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул ахиж мэдүүлэх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Ц. Н шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээ хүүгээ цэцэрлэгээс аваад автобусанд 3 буудал явах гэж суусан бөгөөд буухдаа унаж хойд талын хөл хавчигдаад дайруулсан. Миний өсгийнд хадаас байгаа бөгөөд 2 сарын дараа авах эсэхийг шийдэх юм. Би насаараа хөлтэй байх эсэхийг мэдэхгүй байна. Одоо би гишгэж чадахгүй байна. Эрүүл мэндийн хувьд арьс нөхсөн, эмнэлэгт үзүүлээд хааяа нэг боолгоод явж байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Би дүү охиныхоо амьдралыг хүртэл сүйтгэсэн. Намайг ирж асарсан юм. Их зардал гардаг юм байна. Энэ хүн надад хүнлэг хандаад байгаа болохоор шоронд оруулна гэж бодохгүй байгаа. Энэ хүнийг нээх яллах талаар улсаас хүсэхгүй байна. 4.190.000 төгрөг өгсөнд маргаан байхгүй.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай байгууллагаас хохирогчид мөнгө төлсөн зүйл байхгүй. Манай байгууллага 100 хувийн даатгалтай бөгөөд Миг даатгалтай харьцдаг юм. Шүүхээс эцсийн шийдвэр гараад нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг Миг даатгал хохирогчид төлнө” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хоол хүнс зээл зэрэг бусад зардлыг хангахгүй үлдээх, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай” гэсэн дүгнэлтийг,

Хохирогч нь “...цаашид гарах хохирлоо нэхэмжилнэ” гэж,

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Х.Даваахүү нь “...Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Харин шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байна” гэсэн саналыг тус тус гаргав.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний 17 цаг 23 минутын үед “Б” ХХК-ны эзэмшлийн “Hyundai Aero City” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр ирж зогсохдоо нийтийн тээврийн хэрэгслийн баримталбал зохих стандартыг барьж зогсоогүйгээс гадна тээврийн хэрэгслээ бүрэн зогсоосон үедээ хаалгаа нээж зорчигчдоо буулгах, зорчигчдыг бүрэн бууж дууссаны дараа хаалгаа хаасан үедээ хөдөлгөөнөө эхлэх, үргэлжлүүлэх зэрэг арга хэмжээ аваагүйгээс бага насны хүүхэд дагуулж явсан зорчигч Ц. Н-г бууж байхад нь хөдөлж, зорчигч Г.Нансалмаа нь хөл алдан газар унасан, улмаар хөл дээгүүр нь тээврийн хэрэгслийнхээ дугуйгаар дайран гарч хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба зорчигч Ц. Н-гийн дагуулж явсан бага насны хүүхэд нь бууж чадалгүй автобусанд үлдсэн үйл баримт тогтоогдсон байна. Энэ нь дараах нотлох баримтуудтай байна. Үүнд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11 дэх тал)

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийн 17 цаг 23 минут 36 секундэд доод хэсгээрээ цагаан өнгөтэй, дээд хэсгээрээ ногоон өнгөтэй автобус зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд зогсож хойд хаалгаа онгойлгож байгаа нь дүрслэгдсэн байна. Бичлэгийн 17 цаг 23 минут 44 секундэд уг цагаан, ногоон өнгөтэй автобусны хойд хаалгаар нь хар өнгийн хувцастай эмэгтэй хүн бууж байхад нь автобус урагшаа хөдөлж хаалгаа хааж байгаа нь дүрслэгдэж байна. Бичлэгийн 17 цаг 23 минут 45 секундэд уг цагаан, ногоон өнгөтэй автобусны хойд хаалгаар бууж байгаа зорчигч газарт унах үед нь автобус баруун хойд дугуй хэсгээр зорчигчийн баруун хөл дээгүүр гарч байгаа нь дүрслэгдэж байна. Бичлэгийн 17 цаг 24 минут 05 секундэд газарт унасан зорчигч дээр ойр орчимд байгаа хүмүүс нь очиж байгаа нь дүрслэгдэж байна...” тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

3. Хохирогч Ц. Н-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний 17 цаг өнгөрч байхад Алтан тариа автобусны буудлаас зээ хүүгийн хамт сууж, 32-н автобусны урд буудал дээр автобус зогсохоор нь автобуснаас бууж байтал автобус хаалгаа хаагаад гэнэт хөдлөөд явсан. Би тухайн үед хөл алдаад газарт шууд унах үед миний баруун хөлийн шагай хэсгийг автобус хойд дугуй хэсгээрээ дайраад өнгөрч зогссон, надтай тухайн үед хамт явсан хүүхэд маань автобусан дотор үлдсэн. Тэгээд би хамгийн эхэнд хуурай дүү С-д хэлсэн гэр нь ойрхон байсан учир удалгүй хүрээд ирсэн. Манай дүү С, 102 болон 103 луу дуудлага өгсөн. Би одоог хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, мөн эмчлэгдэж байх хугацаандаа 2 удаа хагалгаанд орсон. Миний өсгийнд хадаас байгаа бөгөөд 2 сарын дараа авах эсэхийг шийдэх юм. Би насаараа хөлтэй байх эсэхийг мэдэхгүй байна. Одоо би гишгэж чадахгүй байна. 4.190.000 төгрөг өгсөнд маргаан байхгүй. Эрүүл мэндийн хувьд арьс нөхсөн, үзүүлээд хааяа нэг боолгоод явж байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Би дүү охиныхоо амьдралыг хүртэл сүйтгэсэн. Намайг ирж асарсан юм. Их зардал гардаг юм байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Иргэний хариуцагч А.О-гийн: “...Манай байгууллагаас хохирогчид мөнгө төлсөн зүйл байхгүй. Манайх 100 хувийн даатгалтай бөгөөд Миг даатгалтай харьцдаг юм. Шүүхээс эцсийн шийдвэр гараад нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг Миг даатгал хохирогчид төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5763 дугаартай: “...Ц.Н-гийн биед баруун хөлийн тахилзуур ясны бяцарсан далд хугарал, шагайн үений гадна болон дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал, баруун хөмсөгт зулгаралт, баруун шилбэний булчин, өөхөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, шагай, тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 59-61 дэх тал),

6. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн 440 дугаартай мөрдөгчийн:

“...Hyundai Aerocity маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г-ийн Э (рд:...) нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. 14.5. Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Зорчигч Ц-ийн Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал),

7. Шүүгдэгч Г.Э-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа хийгээд “...”-с Улаанхуарангийн чиглэлд автобус жолоодоод явж байсан. 17 цаг өнгөрч байхад 1 дүгээр хорооллын 32-н автобусны буудал дээр ирэх үед автобуснууд зогсчихсон байсан. Тэгэхээр нь би чигээрээ яваад буудлын харалдаа зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд зогсоод хүмүүсээ буулгасан. Намайг хүн буулгах үед хойд хаалгаар 3 хүн буусан. Баруун талын гадна толиндоо хартал өөр хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь би хаалга хаах товчлуураа дараад зүүн талын толиндоо хараад урагшаа хөдлөөд эргээд баруун гар талын толиндоо хартал нэг хүн автобусны хойд хаалгаар буугаад унаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би шууд тоормос гишгэж зогсоод ослын гэрлээ асаагаад автобуснаас буугаад нөгөө хүн дээр очсон. Тэгээд шууд 103 болон 102 луу дуудлага өгсөн. Тэгтэл нөгөө эгчийн баруун хөл нь шагай хэсгээр хавдаад эхэлсэн. Би гутлын цахилгааныг нь тайлаад байж байсан... ...Би хохирогчид хохирлын баримтаар хохирлыг бүрэн барагдуулж өгнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Б ХХК-ний жолооч Г.Э нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон зорчигчдыг тээвэрлэн явахдаа автобусны буудал дээр ирж зогсон зорчигчдыг буулгахаас өмнө бүрэн зогссоны дараа хаалгаа нээх, зорчигчдыг бүрэн аюулгүй бууж дууссаны дараа толиндоо доторх заалаа болон ойр орчноо харсны дараа хөдлөх үйлдлийг ном журмын дагуу гүйцэтгэлгүй зорчигчийг бууж дуусаагүй, хаалга нээлттэй байхад тээврийн хэрэгслээ хөдөлгөснөөс зорчигч хаалгаар унаж гэмтэхэд хүргэсэн, энэ нь замын хөдөлгөөний хэд хэдэн заалтыг зөрчсөн шинжтэй, шүүгдэгч Г.Э-ын болгоомжгүйгээр үйлдсэн гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд:

Тус хэргийн улмаас хохирогч Ц. Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр мөрдөн байцаалтын шатанд 2,007,000 төгрөгийн баримтыг гарган өгч нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч Ц. Н-гийн эмчилгээний зардалд нийт 4,190,000 төгрөг төлж барагдуулсан, уг асуудлыг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Түүнчлэн хохирогч Ц. Н- шүүхийн хэлэлцүүлэгт нэмж дараах баримтуудыг гаргаж өгсөн буюу эмчилгээнд 927,363 төгрөг, хүнсний бараанд 3,885,999 төгрөг, такси үйлчилгээнд зарцуулсан зардалд 336,000 төгрөг, нийт 5,149,362 төгрөгийг шүүгдэгч хийгээд иргэний хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжилсэн болно.

Хохирогч Ц. Н-гийн гаргаж өгсөн дээрх баримтуудыг судалж үзвэл, хохирогч Ц. Н- нь нэмж 881,856 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон, мөн зам тээврийн ослоос үүдэн учирсан хөлний тахилзуур яс болон шагайн ясны гэмтлийн улмаас өөрөө явах боломжгүй, тэргэнцэртэй явж буй нөхцөл байдал тогтоогдсон ба эмнэлэгт очиж боолт хийлгэх гэж такси хөлсөлдөг талаар дурдаж,  нэг удаад 6000 төгрөг зарцуулдаг, уг төлбөрт нийт 336,000 төгрөг зарцуулсан гэх тул уг зардлыг мөн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймээс дээрх зардлын дүн буюу 881,856+336,000=1,217,856 төгрөгийг  иргэний хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь, шүүгдэгч Г.Э нь Б ХХК-нд жолоочоор ажилладаг, тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул ажил олгогч нь гэм хорын хариуцлагыг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл,

“...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул гэм хорын хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болно.

Харин хохирогч Ц. Н-гийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсний зардал гэж нэхэмжилж, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн 3,889,999 төгрөгийн зардал нь гэмт хэргээс үүдэлтэйгээр гарсан зайлшгүй төлүүлэх зардалд хамаарахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Цаашид хохирогч нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Э болон иргэний хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүл мэндийн  даатгалын тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц. Н- нь ГССҮТөв эмнэлэгт  хэвтэж эмчлүүлсэн байх ба Эрүүл мэндийн дагалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулж 209,000 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүл мэндийн даатгалын санд 210,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул тэрбээр ЭМД-ын санд төлөх төлбөргүй болно. (хавтаст хэргийн 114 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

Хохирогч: “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн санал,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч нараас “...анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, мөн энэ гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Иймд дээрх байдлыг харгалзан 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Г.Э-ын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг гаргаж өгсөн баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу тэрбээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлэхгүй, үл ойшоож, хайнга хандсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой зэргийг бүгдийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Г.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ын Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц. Н-гийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсний зардал гэж нэхэмжилсэн 3,855,999 (гурван сая, найман зуун тавин таван мянга есөн зуун ерэн ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.Э-оос хохирогч Ц. Н-д 4,190,000 (дөрвөн сая, нэг зуун ерэн мянга) төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б ХХК-иас 1,217,856 (нэг сая, хоёр зуун арван долоон мянга, найман зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц. Н-д олгож,

хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Э болон иргэний хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ