Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/827

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Лхагвасүрэн (томилолт),

шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д Х овогт З-ийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208011661057 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эцгийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын 5 дугаар баг, ..., 5 дугаар хэсэг, 29 тоотод  оршин суух хаягийн  бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэгт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д Х овогт З-ийн Х (РД:...)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Х нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хуучин  эцсийн  автобусны  буудал дээр иргэн Л.Х-ын  таксинаас буухдаа унагааж, гээгдүүлсэн  Samsung S-20 fe загварын  гар утас, кейс, хаан банкны картыг  бусдын эзэмшилд буйг мэдсээр байж завшсаны улмаас 870,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч З.Х нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн З.Х: “...газар унасан гар утсыг авч дүүдээ өгч хэрэглүүлсэн тул маргахгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Хэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч З.Х нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хуучин  эцсийн  автобусны  буудал дээр иргэн Л.Х-ын  таксинаас буухдаа унагааж, гээгдүүлсэн Samsung S-20 fe загварын  гар утас, кейс, хаан банкны картыг  бусдын эзэмшилд буйг мэдсээр байж завшсаны улмаас 870,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь дараах нотлох баримтуудтай байна. Тухайлбал,

1. Хохирогч Л.Х-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

2. Хохирогч Л.Х-ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 06 минутын орчимд  Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороо ... төвийн  үүднээс такси бариад  Сонгинохайрхан  дүүргийн ... дугаар хороо ... хуучин эцэс хүргүүлсэн. Тэгээд би  таксины мөнгө өгөх гэтэл  уг жолооч нь  задлахгүй гэхээр нь  би дэлгүүр орж  мөнгө задлуулаад  жолоочид таксины мөнгө болох 10,500 төгрөг өгсөн. Тэгээд уг машин  хөдлөөд  би гар утсаа мартсанаа санаж  өөрийн 8681... дугаар луу  хүний гар утас гуйж байгаад залгаж үзтэл эхлээд тасалсан, тэгээд ахиад залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.  Миний гар утас нь улаан өнгийн Самсунг эс-20 FE маркийн  гар утас,  гадуураа ягаан өнгөтэй  резинэн кесстэй. 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр  Сайн төвөөс  лизингээр 1,990,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн хаан банкны виза карт гэрэнд нь байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Гэрч Х.Б-ы: “...Би хаан банкны 5023.2839.. дугаарын дансыг  эзэмшдэг. 2022 оны 03 дугаар сарын 02-ны  өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Т-ын  хуучин эцэс орчимд  байрлах АТМ-с  миний эзэмшлийн дээрх данснаас  миний хамтран амьдрагч Н-гийн хүү З овогтой Х нь  ашигласан. Би Х-ийг дэлгүүр лүү явуулсан юм. Тэгээд гэртээ ирэхдээ гар утас олсон гээд улаан өнгийн утас  үзүүлж байсан ба өөрийн төрсөн дүү Б-т өгч уг гар утсыг ашиглаж байсан. Одоо уг гар утас нь надад байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

4. Гэрч Х.Б-аас улаан өнгийн гар утсыг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дахь тал),

5. Хохирогч Л.Х-д улаан өнгийн  гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал),

6. Т хүнсний дэлгүүрийн  хяналтын  камерын  бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэлд: “...бараан өнгийн хувцастай хүн дэлгүүрийн урд талд байрлах замын боржур орчмоос ямар нэгэн эд зүйлийг авч буй дүрс, мөн тухайн хүн Т дэлгүүрт орж ирэн үйлчлүүлж буй дүрс бичигдсэн”  (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

7. Хаан банкнаас 29/2298 дугаартай албан бичгээр ирүүлсэн АТМ-1393 хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэлд: “...бараан хувцастай эрэгтэй хүн АТМ-с үйлчлүүлж /50232839.. данснаас/ мөнгө авч буй дүрс бичигдсэн.” (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

8. Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Samsung S-20 fe загварын  гар утас, кейс, виза карт, бүгд-870,000 төгрөгөөр үнэлсэн” (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

9. Шүүгдэгч З.Хийн өгсөн: “...би Толгойтын  хуучин эцэс дээр байрлах Хаан банкны АТМ руу орж бэлэн мөнгө аваад зам  хөндлөн гарч байсан чинь  засмал зам дээр  гар утас хэвтэж  байхаар нь аваад  гэртээ очсон. Тэр утас нь  ягаан өнгийн кейстэй,  улаан өнгийн Самсунг маркийн утас байсан. Би тэр утсыг төрсөн дүү Б-т  өгч ашиглуулж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, хохирогч Л.Х нь таксигаар үйлчлүүлж Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т хүнсний дэлгүүрийн урд таксинаас буухдаа өөрийн эзэмшлийн Samsung S-20 fe загварын гар утас, кейс, хаан банкны картын хамт зам дээр унагаасан байсныг шүүгдэгч З.Х нь олсон ба улмаар хохирогч нь гар утсаа байхгүй байгааг мэдсэн даруй хүний утсаар өөрийнхөө дугаар луу удаа дараа залгахад хохирогчид буцаан өгөх санаа зорилго агуулалгүйгээр улмаар дуудлагыг таслах, гар утсыг унтраах зэрэг үйлдэл хийж авч яван дүүдээ өгч ашиглуулсан үйлдэл нь дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны  алдаатай гүйлгээ,  андуурагдсан илгээмж,  эд хөрөнгө,  гээгдэл эд хөрөнгө,  алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний  ашиг сонирхол,  аюулгүй  байдалд шууд учирсан  үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол гэж” гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,  түүнээс доош хэмжээг хэлэхээр заасан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч З.Х нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд буйг мэдсэн ч буцааж өгөхийн оронд завшсан, өөртөө захиран зарцуулсан, түүний үйлдлээс үүдэлтэйгээр бага хэмжээнээс дээш хохирол хохирогчид учирсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь  бусдын  өмчийг  өөрт олж авахын тулд аливаа байдлаар идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлд шилжиж, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг шунахайн сэдэлтийн улмаас завшсан, өөртөө захиран зарцуулсан, шамшигдуулсан үйлдлээр гэмт хэргийн шинж, бүрдэл хангагдана.

Иймд шүүхээс шүүгдэгч З.Х-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 870,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х-д 870,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч З.Х-ийн эцэг Х.Б нь хохирогчид гар утсыг нь биет байдлаар буцааж өгсөн байх тул одоо үлдэгдэл хохирол болох кейсний үнэ 15000 төгрөг, картын үнэ 5000 төгрөг, нийт 20,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Л.Х нь гар утсыг лизингээр авсан, өөрийн ашиглаагүй үеийн буюу 2 сарын хугацааны лизингийн мөнгийг шүүгдэгчээс гаргуулмаар байна гэх боловч энэ нь баримтгүй улмаар уг зардал нь гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй гарах хохирол бус байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-эд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч З.Х-ийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ... ХХК-нд гурил элдэгчээр ажилладаг, сарын дундаж цалин 600,000 төгрөг гэх буюу ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог байдал зэргийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын хэмжээ, байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч З.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч З.Хэд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д Х овогт З-ийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Х-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ээс 20,000 (хорин мянга) төгрөг гаргуулж хохирогч Л.Х-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ