Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0782/Э |
Дугаар | 2022/ШЦТ/786 |
Огноо | 2022-06-20 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Л-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208009710793 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ХХК-ийн блокийн үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялыг биелүүлээгүй, У овогт Л-ийн Н /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-ийг 2021 оны 07 дугаар сарын 10, 2021 оны 08 дугаар сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 17, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Н нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ийг өөрийн хүүхдүүдээ өмөөрлөө гэж, эсхүл бусадтай хардаж 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үснээс чирч, 2 удаа алгадсан, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 удаа алгадаж, 1 удаа өшиглөсөн, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үснээс зулгааж, хэд хэдэн удаа толгой руу гараараа цохиж, хурууг нь хазаж, гэдэс хэсгээр нь ширээ мөргүүлсэн зэргээр хүч хэрэглэж зодсон буюу байнга зодсон үйл баримт нь:
1. Дуудлагын лавлагааны хуудас: “... 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ... дугаарын утаснаас согтуу хүн эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлагыг бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хохирогч Б.Б-ийн: “... Би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хамтран амьдрагч Л.Н болон охин, 2 хүү нарын хамт амьдардаг. Би Н-той 2013 онд танилцаад тухайн оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид 2-т гэр бүлийн баталгаа байхгүй. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байсан санагдаж байна, тухайн өдөр миний үснээс татаад 2 удаа алгадсан. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ ганцаараа байхад согтуу ирээд хүнтэй хардаад 2 удаа алгадаад 1 удаа өшиглөсөн. Дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай хүүгийн үсний найр болсны орой хүнтэй хардаад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой нөхрийн найзууд ирээд явсны дараа намайг хүнтэй хардаад үснээс зулгаагаад хэд хэдэн удаа толгой руу гараараа цохиод, гэдэс хэсгээр ширээ мөргүүлсэн. Өмнө нь 2019, 2020 онд 2 удаа зодож байсан, он сарыг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25, 28 дахь тал),
3. Аюулгүй зэргийн үнэлгээ: “... эрсдэл өндөр” гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
4. Насанд хүрээгүй гэрч Э.О-ийн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирэхэд манай гэр цоожтой байсан. Манай дүү А эгчийн гэрт байсан. Тэгээд А эгчийн гэрт байхад ээж ирээд аав Н-ыг дуудсан. Тэр үед Н нь бага дүүг аваад явчихсан байсан. Тэгтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд манай дүү бид хоёрыг дүүгийнхээ боорцгийг идсэн байна гээд уурлаад намайг цохих гэж дайрахад ээж “хүүхэд яагаад байгаа юм бэ, боорцог идэж л байдаг биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл аав ээжийн үснээс зулгаагаад хоёр тийш чирээд түлхээд байсан. Тэгтэл ээж уурлаад аавыг алгадах гэтэл аав ээжийн гарыг хазсан. Тэгээд гэдэс хэсгээр нь ширээний булан хэсгийг мөргүүлсэн. Тэгсэн А эгч гадаа зогсож байгаад цагдаа дуудсан юм шиг байна лээ. Манай дүү бид хоёрыг 2022 он гарснаас хойш хоёр удаа боорцог идлээ гэж хэлээд хоёр удаа уурлаад намайг өргөөд газарт шидэж байсан. Манай дүүг алгадаж байсан. Миний санаж байгаагаар архи уух болгондоо ээжийг зоддог. Чи оройтож ирлээ, өөр хүнтэй уулзсан, хоёр хүүхдээ өмөөрдөг гэж хэлээд зодож байсан. Би он сар болон хэзээ зодсоныг нь санахгүй байна. Ээжийг зодох бүрд ээж эмнэлэгт огт үзүүлж байгаагүй. Дүү бид хоёр ер нь тайван байж чаддаггүй, үргэлж айдастай байдаг. Манай ээжийг 2022 он гарснаас хойш 1 сард дүүгийн үсний найр болсны дараа орой ээжийг алгадаад үснээс нь чирч зодсон. Тэгээд 2022 оны 3 сард бас архи уусан байхдаа зодсон. Тэрнээс өмнө зөндөө олон удаад зодож байсан. Тэр үед ээж, манай дүү бид 3 л байдаг байсан. Би 2 дүүтэй. Манай бага дүүг огт зоддоггүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
5. Гэрч Б.А-ийн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр угаадсаа асгах гээд гэрээс гарахад Н- нь чанга чанга ярьж орилоод байх чимээ гараад байхаар нь би нэг их юм бодолгүй гэртээ орсон. Тэгтэл том хүү нь орж ирээд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад хоёр хүүхэд нь гэрийн гадаа уйлаад зогсож байхаар нь хүүхдүүдийг гэртээ оруулсан. Удалгүй Б орж ирээд Н намайг зодоод гар хазчихлаа гэж хэлсэн. Тэгээд гарыг нь харахад улайчихсан байх шиг байсан, тэгээд би цагдаад дуудсан. Л.Н нь тухайн өдөр архи уусан байсан, ер нь байнга шахуу хэрэглэдэг” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
6. Шүүгдэгч Л.Н-ын: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
7. Цагдаагийн байгууллагын ESS программд ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 64 дэх тал),
8. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1232 дугаартай “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-ийг хэл амаар доромжилж зодсон” зөрчилд 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ЗШ/211 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б-ийг цээртэй үгээр доромжилж, зодсон” зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 89-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.Н, хохирогч Б.Б-э нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2013 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Н нь 2021 оны 07 дугаар сарын 10, 2021 оны 08 дугаар сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 17, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд хохирогчийг зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг 4 удаа үйлдсэн байх ба тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэхээс гадна хүүхдүүдээ өмөөрлөө гэх шалтгаанаар эсхүл бусадтай шалтгаангүйгээр холбон хардаж, элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан доромжлох, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн.
Шүүгдэгч Л.Н нь бага насны дагавар хүүхдүүдийн дэргэд ээжийг нь байнга зодсоноос үүдэлтэйгээр хүүхдүүдийг айдаст автуулсан төдийгүй тэдгээр хүүхдүүдээс идэх юм харамладаг, архийг ихээр уудаг, уух болгондоо агсам тавьдаг зэрэг нь гэр бүлийн бусад гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэйгээс гадна бие махбодын болон сэтгэхүйн айдастай нөхцөл байдалд амьдруулдаг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-э, бага насны гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул Л.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Л.Н-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Б-э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй төдийгүй шүүгдэгч Л.Н-оос нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Л.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “надад торгуулийн ял эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” бол ...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад торгох ял шийтгэлийн төрөл байхгүй тул шүүгдэгч Л.Н-од торгох ял оногдуулах боломжгүй байна.
Түүнчлэн Л.Н-од өмнө нь хорихоос өөр төрлийн ялыг оногдуулсан атал тэрбээр уг ялыг биелүүлээгүй байх тул түүнд хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах нь зохимжгүй, биелэгдэх боломжгүй байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа эсрэг байнгын шинжтэй бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллийн үйлдэл үйлддэг, тэр нь дадал болсон шинжтэйгээс гадна хамт амьдардаг бага насны хүүхдүүдийн дэргэд хүчирхийлэл үйлддэгээс шалтгаалан хүүхдүүд айдас түгшүүртэй нөхцөл байдалд амьдардаг, мөн шүүгдэгч Л.Н-ын хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, архи согтууруулах зүйл ихээр хэрэглэдэг, энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлдөг/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, түүнд холбогдох гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр түүнийг шүүхээс удаа дараа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул гүйцэтгэх хуудас хүргэгдээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/669 дугаартай албан бичгээр, гүйцэтгэх баримт бичиг цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/9877 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 114, 115 дахь тал)
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Л.Н нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн атал тус шүүхээс гүйцэтгэх хуудасны хамт холбогдох байгууллага руу хүргүүлэхээр удаа дараа дуудахад очоогүй, зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд өмнөх 695 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-од энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, өмнөх 695 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /600:8=/75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Н-ын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 06 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Л-ийн Н-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, өмнөх 695 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Н-ын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 (найм) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Н-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ