Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/848

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001127 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто оношилгооны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Э (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь хуурч,  зохиомол байдлыг зориуд бий  болгон  2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Я” нэртэй дэн буудалд байхдаа хохирогч П.М-ын Huawei p-20 маркийн гар утсыг ярьчхаад өгье гэж худал хэлэн авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй Дэн буудалд үйлчлүүлж байхдаа хажуу талын өрөөнд байсан хохирогч П.М-аас утсаар чинь нэг ярьчхаад өгье гэж худал хэлэн Huawei p-20 маркийн гар утсыг нь авч  гаран тэр чигтээ явсан болох нь: 

1. Иргэн П.М-аас гаргасан  гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал)

2.Хохирогч П.М-ын: “...Улаанбаатараас Дорноговь аймаг явах гэтэл вагон орой 20 цагаас хөдөлнө гэж байхаар нь тэр болтол амраад авъя гэж бодоод 12 цагийн үед Саппоро төвийн  арын зам дагуу байрлах Я нэртэй дэн буудалд өдрөөр цаг авч 05 тоот өрөөнд орсон юм. Тэгсэн манай хажуугийн өрөөнд байгаа  гээд нэг 160см гаран өндөртэй бор царайтай дээгүүрээ саравчтай малгайтай хар биеийн  тамирын цамцтай, хөх өнгийн  жинсэн өмдтэй хар өнгийн пүүзэн гутал өмссөн залуу  орж ирээд надад “ах ганц татах уу” гэхээр нь би “архи уудаггүй” гээд хэлсэн чинь “тэгвэл ахаа гар утсаа түр өгч байгаач, би нэг ярьчхаад өгье” гэхээр нь би өөрийн гар утас болох Huawei p-20 маркийн хар өнгийн гар утсыг кодыг нь гаргаад өгсөн. Тэгсэн тэр залуу миний утсыг аваад өрөө рүүгээ явах шиг болсон. Тэгээд би хэсэг зуур хүлээгээд орж ирэхгүй болохоор нь  гараад хажуу талын өрөөнд орсон чинь  хүн байхгүй байсан. Тэгэхээр нь буудлын жижүүрт болсон явдлыг хэлэхэд  тэр залууг гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би үүдний жижүүр эмэгтэйгээс тэр залуугийн бүртгүүлсэн регистрийн дугаарыг бичиж аваад ойрхон байх СХД ... дугаар хэлтэст дээр очиж гомдол гаргасан. Тэгээд цагдаа намайг дагуулж яваад миний гар утас авсан залууг Саппорогийн ард талд ганцаараа явж байхад нь барьж авахад халааснаас нь миний утас гарч ирсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3. Гэрч А.Т-ын: “...тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 10 минутын үед иргэн М ирж хойд талын дэн буудлаас гар утсаа хүнд өгөөд алдчихлаа гэсэн бөгөөд тухайн иргэний гомдол мэдээллийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг хийж холбогдох этгээд болох Н.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Саппаро төвийн миний дэлгүүрийн хойд талд явж  байхад нь түр саатуулахад биеэс нь иргэн М-ын алдсан гэх гар утас гарч ирснийг түр хураан авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

4. Гэрч Ж.Д-гийн: “...тэр өдөр Я-ын баярын өдөр байсан ба манай Я нэртэй дэн буудалд П.М гэх хүн  орой вагоноор хөдөө явах гэж байгаа тэр болтол  амраад байж байх өрөө авч болох уу гэхэд нь зөвшөөрөөд бүртгэж аваад 5 номерын өрөөнд оруулсан. Тэгээд удаагүй байж байхад  Н.Э гэх  хар саравчтай малгайтай, хар өнгийн  нүдний шил зүүсэн хар хөх өнгийн биеийн тамирын цамцтай бор царайтай 30 орчим  насны эрэгтэй  хүн ганцаараа  ирээд  2 ортой өрөө хэд вэ оръё гэхээр нь би 45,000  төгрөг гэсэн чинь  тэр хүн бэлэн мөнгөөр тооцоо хийгээд  би 3 дугаартай  өрөөнд оруулсан юм. Тэгээд удалгүй  тэр залуу үүдэнд тамхи татна гэд бууж ирээд гараад явчихсан бөгөөд буцаж орж ирээгүй. Тэгсэн 5 номерын  өрөөнд орсон М гэх хүн  гарч ирээд сая энэ 3 дугаартай өрөөнд байсан залуу хаашаа явчихсан бэ, танд миний гар утсыг үлдээсэн үү  гэхээр нь би гайхаад  үгүй, юу гар утас вэ, тэр хүн чинь түрүүн тамхи татлаа  гээд гараад явчихсан шүү дээ гэхэд миний гар утсыг  нэг ярьчхаад өгье гэж хэлээд  аваад буцааж өгөхгүй аваад явчихлаа гэсэн. Тэгээд тэр хүн миний гар утсаар өөрийн утасны дугаар луу залгаж үзэхэд гар утас нь  холбогдох боломжгүй байсан ба 3 номерын өрөөнд орсон залуугийн тэмдэглүүлсэн регистрийн дугаарыг бичиж аваад гараад цагдаагийн хэлтэст рүү явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

6. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...шүүгдэгч Н.Э-аас Huawei p-20 маркийн гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай” (хавтаст хэргийн 4, 7 дахь тал),

7. Шүүгдэгч Н.Э-ын: “...би бага зэрэг архи уучихсан байсан болохоор хажуу өрөөнд байсан ахтай юм ярьж байгаад  тэр ахын гар утсыг  нэг ярьчхаад эргүүлээд өгье гэж хэлж кодыг нь  гаргуулж аваад  өрөөнөөс гараад  тэр чигээрээ яваад Саппорогийн буудлын ойролцоо явж байхад цагдаа нар ирээд шалгахаар нь гар утсыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Э болон хохирогч П.М нарын хэн аль нь Я нэртэй дэн буудалд өрөө авч байрлаж байх үед шүүгдэгч Н.Э нь өөрийн байрласан 3 номерын өрөөнөөс гарч 5 номерын өрөөнд орж хохирогчтой яриа өрнүүлэн сууж тодорхой хэмжээгээр харилцсаны үндсэн шууд санаа, шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор хэн нэгэн рүү ярих шаардлагагүй байсан атлаа “бусадтай утсаар ярих гэсэн юм утсаа түр өгөөч” гэж худал хэлж, зохион ярьж хохирогчоос гар утсыг нь авсан байх ба өөрийн өрөө рүү орж буй мэт үйлдлийг гаргаснаа тэр даруй Дэн буудлаас гарч явсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь анхнаасаа хохирогчоос эд зүйлийг худал хэлж хуурч авах гэсэн санаа зорилготой байсан төдийгүй өөрийн худал хэлж авсан хохирогчийн гар утсыг буцаан өгөх бодолгүй, өөрийн болгох зорилготой байсан байна.

Шүүгдэгч Н.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож... эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн болно.

Иймээс шүүгдэгч Н.Э-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.М-д 220,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Э-аас хохирогчийн эд зүйлийг хураан авч,  хүлээлгэн өгсөн баримттай байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Н.Э-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Н.Э-ад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Н.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувиараа худаг барих ажил хийдэг, одоо Б-д худаг барьж байгаа, сар бүр цалингаа авдаг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.Э-ад Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ