Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0847/Э |
Дугаар | 2022/ШЦТ/839 |
Огноо | 2022-06-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Дархан П овогт П-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001071 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... биеийн тамирын багш 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, П овогт П-ы Г (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод хохирогч Б.З-г “миний дуудлагыг авсангүй, гэрээс гар гэж хэллээ” гэж уурлан түүний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа, мөр хэсэгт 2-3 удаа цохиж зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, баруун шууны цус хуралт, доод үүдэн зүүн нэгдүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 2, 3 дахь тал), хохирогч Б.З-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6201 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), шүүгдэгч П.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 29, 30, 31, 32, 33-51 дэх тал), шүүгдэгч П.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод хохирогч Б.З-г “миний дуудлага авсангүй, гэрээс гар гэж хэллээ” гэж уурлан түүний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа, мөр хэсэгт 2-3 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 2, 3 дахь тал),
2. Хохирогч Б.З-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн 03 цагийн үед сэрээд байж байтал гар утас дугарахаар нь аваад хартал манай хуучин найз залуу миний ... нэртэй фейсбүүк хаяг руу ... нэртэй хаягаар залгахаар нь ярьтал хаана байгаа юм, миний дуудлагыг ерөөсөө авахгүй юм гэхэд нь би унтаж байна, гарч чадахгүй гэтэл тэгвэл би өөрөө яваад очъё, намайг очиж чадахгүй гэж бодоо юу танайд хэн ч байсан би дайраад орно гэхээр нь би тэгэхгүй юу гэрийнхэн унтаж байна гэж хэлэхэд Г- нь би танай гэрийн ойролцоо ирж байна гэж гар утсаараа харуулаад тасалсан. Тэгээд удалгүй манай гэрийн хаалгыг тогшихоор нь би босоод өөрийн дүү болох Э-г сэрээгээд би хаалга руу очиж хаалга тайлтал Г- шууд орж ирээд яагаад юм Золоо гэхээр нь би цаашаа гар гэж хэлээд түлхэхэд Г- баруун гараа атгаж байгаад миний нүүр тус газарт 1 удаа цохиход миний хамраас цус гарахад манай дүү Э нь яаж байна гэж хэлээд Г-тай барилцаж аваад нэлээн муудалцаад Г дийлдэхгүй дайраад байсан бөгөөд Э-гийн эхнэр болох Эрдэнэсувд нь босоод гүйж гараад хашаан дотор байрлах аавын гэр лүү гүйж ороод хүмүүст хэлэхэд зэргэлдээ байшингаас аав, ээж, дүү нар гарч ирээд болиулах гэж оролдсон боловч Г- нь дайрсаар байсан бөгөөд гаднаас Г-ыг хүргэж ирсэн М, М гэх найзууд нь орж ирээд Г-ыг авч явахаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6201 дугаартай: “...Б.З-гийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, баруун шууны цус хуралт, доод үүдэн зүүн нэгдүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
3. Шүүгдэгч П.Г-ын: “...З уулзахгүй гээд байхаар нь гэр лүү нь орсон ба З өөдөөс гараад ирсэн ба гэрийнх нь амбаарт уулзсан. Тухайн үед “яагаад надтай уулзахгүй байгаа юм утсаар яагаад авахгүй байгаа юм” гэж хэлтэл З “Чамтай уулзмааргүй байна чи яв” гэхээр нь би уурлаад нүүр лүү нь буюу хамар луу нь нэг удаа цохисон. Тэгээд З хойшоогоо явган суугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дахь тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Г нь өөрийн үерхэж байсан найз бүсгүй хохирогч Б.З-г “утсаа авсангүй, уулзсангүй” гэх шалтгаанаар биед халдаж гэмтэл учруулсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч П.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь П.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) П.Г-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч П.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч П.Г-ын хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч П.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч П.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархан П овогт П-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ