Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/776

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон /ҮД-2970/,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн /ҮД-3027/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос И овогт Т-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203001300233 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... салбарт хяналтын камер хянах мэргэжилтэн хийдэг, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Т-ийн М (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... уулзварын  баруун замд Ford Mondeo маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-т “зөвшөөрсөн  гэрэл дохио асах үед  жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн  заалтыг, мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн  хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөний  улмаас явган  зорчигч Л.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Таван шарын уулзварын баруун замд Ford Mondeo маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-т “зөвшөөрсөн  гэрэл дохио асах үед  жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн  хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөний  улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Л.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13 дахь тал),

2. Хохирогч Л.М-ийн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээсээ 17 цагт гараад СХД ... дүгээр хороолол Соотын байранд ажлын найз И-ийн гэрт ажлын хамт олонтой очиж 7-8 хүн нийлээд 0,75 литрийн  архи хувааж уугаад 19 цаг дөхүүлээд 5-6 хүн гарсан. Тэгээд 21-н автобусны буудал дээрээс хотын төв рүү явах чиглэлд суугаад Геологийн төв лабораторийн автобусны  буудал дээр ганцаараа буугаад  нөгөө хэд цаашаагаа явсан.  Зам дээр машин явахгүй,  явган хүний  ногоон өнгийн гэрэл  асаж  байгаа харагдсан. Би  шууд явган  хүний гарцаар гарч явтал зүүн талаас хурдтай  машин ирээд мөргөсөн. Тэгээд санахгүй байна,  эмнэлэгт сэрсэн. Миний биед толгой тархи,  хөл гар эгэм хугарсан. Маш их гэмтсэн. Би эмчилгээнд гарсан зардлаа авна, цаашид гарах зардлаа ч нэхэмжилнэ. Миний гар утас хагарсан, би сард 1,800.000 төгрөг авдаг. Би ХХБ-наас 6 сая төгрөгийн цалингийн зээл авсан байсан. Энэ мөнгөнүүдээ нэхэмжилнэ. Би явган хүний гарцын  ногоон өнгийн  гэрэл дохиогоор  явган хүний гарцаар гарснаа санаж байна. Өмнө буруу зөрүү ярьсан байна лээ. Би эмчилгээнд одоогоор 2,104,842 төгрөг зарцуулсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18, 20 дахь тал),

3. Гэрч И.Б-ын: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  ... шарын уулзвар буюу ... постод  өглөө 9 цагаас 20 цагийн  хооронд  үүрэг гүйцэтгэж байсан.  Орой 19 цаг 30 минутын үед Ат-10 замын  хөдөлгөөний  удирдлагын төвөөс  зохицуулалт хийж дуусаад замын хөдөлгөөн бүх талдаа  сийрэг хэвийн  болохоор нь  Б бид 2  пост руу орсон.  Бид 2-ыг  орох үед  шулуун гэрэл дохио  дууссан, дараагийн гэрэл  дохио  баруунаас хойшоо  буцах гэрэл дохио ассан байсан. Тэгээд  бид 2 постон дотор  орж дөнгөж суугаад  4 орчим минут  болсон байх,  постын хойд талд  машин мөргөлдөх чимээ гарсан.  Б постын цонхоор хараад хүн мөргүүлсэн байна гээд бид 2 постоос гүйж гараад  харахад  2 дугаар эгнээнд  цайвар шаргал өнгийн суудлын автомашин явган хүний гарц дөнгөж өнгөрөөд зогсчихсон,  урд талд нь  хар хувцастай эрэгтэй  хүн доошоо хараад  хэвтсэн ухаангүй хүн харагдсан. Жолоочоор 102, 103  руу дуудлага өгүүлсэн.  Энэ  уулзварын  гэрэл дохионы дараалал нь шулуун ороод  дараа нь буцаж  эргэх буюу нэмэлт  сум асаад,  дараа нь хойд  талаас бүх  чигт  явна, энэ  үед постын  баруун талын  явганы ногоон гэрэл асдаг. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч надад хэлэхдээ  тоормос  гишгэсэн гэж хэлсэн тул  гэрэл тусгаад  зам дээр  тоормосны  мөр хайсан чинь  ямар ч мөр байхгүй,  тоормос гишгээгүй байсан.  Осол болох үед тоормосны  чихраа ч дугараагүй, тип гээд дуугарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Гэрч Э.Б-ийн: “...хөдөлгөөн гайгүй болоод  Б бид хоёр  пост руу  орсон. Бид хоёрыг орох үед шулуун гэрэл дуусаад баруунаас хойш эргэх сум ассан байсан.  Постонд ороод 3 минут болсон байх, постны гадаа чимээ гарсан.  Би цонхоор харахад  постын хойд талын явган хүний гарцан дээр хүн мөргүүлсэн харагдсан. Бид хоёр сандраад  гараад харсан чинь саарал өнгийн жижиг тэрэг  зүүнээс баруун чиглэлд явсан, явган хүний гарц өнгөрөөд зогсчихсон, хүн нь машины урд талд  доош хараад хэвтсэн, ухаангүй харагдсан. Мөргөсөн жолоочоор 102, 103 дуудуулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3877 дугаартай:

“...Л.М-ийн биед гавал тархины  битүү гэмтэл: дух, зулай, баруун нүдний ухархайн ясны шугаман  хугарал, их тархины зүүн зулайн дэлбэнгийн  хатуу хальсан дээрх  цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн  хатуу хальсан доорх  цусан хураа,  аалзан  хальсан доорх цус харвалт, тархи няцрал, аарцаг яс ба зүүн дунд чөмөгний  хугарал, баруун нүдний доод  зовхинд шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

6. М гудамж, Г-ийн  төв лабораторийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим (хавтаст хэргийн 77 дахь тал),

7. Баянзүрх техникийн  хяналтын  үзлэгийн төвийн 3021220311156371625 дугаартай шинжээчийн: “...уг автотээврийн хэрэгсэл хойд суудлын хамгаалах бүс байхгүй, урд салхины  шил бүхэлдээ  хагарч бяцарсан, копуд урд хэсгээрээ 20х20см  хонхойсон, урд буфер баруун  хэсгээрээ цуурч хагарсан, урд буфер дээр 1м орчим өөр өнгийн  зүйл нэмж залгасан,  зүүн талын шил арчигч тахийсан,  хойд улсын дугаарын гэрэл асахгүй,  урд тэнхлэгийн хажуу  гулсалтын  хазайлтын  хэмжээ 11.4 байгаа нь тээврийн  хэрэгсэлд тавигдах стандартын  шаардлагыг хангахгүй байна. Уг тээврийн  хэрэгсэл нь  шингэн дамжуулгат тоормосны  системтэй ба  тээврийн хэрэгслийн  хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-51 дэх тал),

8. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн 0466 дугаартай: “...Ford Mondeo маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7 “Зөвшөөрсөн  гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3 “...жолооч  хөдөлгөөнд аюул, саад  тулгарахыг  мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  зөрчсөн гэж  үзэх үндэслэлтэй. Явган зорчигч Л.М-э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэгэн  заалт зөрчсөн  гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

9. Шүүгдэгч Т.М-ийн: “...өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замын ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, 3.1.11 дэх заалтад “явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг”, 3.1.4 дэх заалтад “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлэх ба зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэж заасан байна.

Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөрийг нь явахыг зөвшөөрсөн гэрэл дохио ассан үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ гэрэл дохио солигдохоос өмнө зам хөндлөн гарч дуусаагүй байсан явган зорчигчийг бүрэн гарч дуустал тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч өнгөрүүлэх ёстой атал тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасалгүйгээр тэр чигтээ явснаас явган хүний гарцаар гарч дуусаагүй байсан явган зорчигч Л.М-ийг мөргөж  зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч Т.М нь саадыг харсан даруй хурдаа хассан гэж мэдүүлсэн ч тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч цагдаа, гэрч И.Б-ын “Тухайн тээврийн хэрэгслийн жолооч надад хэлэхдээ тоормос  гишгэсэн гэж хэлсэн тул  гэрэл тусгаад  зам дээр  тоормосны  мөр хайсан чинь  ямар ч мөр байхгүй, тоормос гишгээгүй байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан замд тоормосны мөр үүссэн ул мөр үүсээгүй зэрэг нөхцөл байдлаар тус тус үгүйсгэгдсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор 2.104.842 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Т.М нь дээрх зардлыг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон байх тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна. (хавтаст хэргийн 120 дахь тал)

Харин хохирогчийн Л.М-ийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт хор уршигтай холбоотой зардлын баримт хэмээн 11 хуудас баримтыг гарган өгч дараах зардлыг нэхэмжилсэн. Үүнд:

1. Хохирогч нь “М” ХХК-д инженер техникийн албанд засварчнаар ажилладаг, сарын цалин 1.400.000 төгрөг, осолд орсноос хойш ажлаа хийгээгүй бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 9 хоног,  2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 14 хоног, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 30 хоног, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 30 хоног, нийт 4 удаа эмнэлгийн магадлагаа буюу лист олгогдож, листийн мөнгө гэж 1.100.000 төгрөг авсан тул энэ хугацааны цалингийн зөрүү болох 3.100.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж амбулаторийн карт гаргаж өгсөн,

2. Цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

3.Өмгөөллийн  зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжлэх,

4. Цалингийн зээлийн үлдэгдэл 2.786.000 төгрөг, нийт 7.386.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл, өмгөөллийн зардал хэмээн нэхэмжилсэн /2.786.000+1.500.000=/4.286.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, хохирогч нь өөрийн хэрэглээ, хэрэгцээнд зориулж цалингийн зээл авч зарцуулсан, энэ хэрэгт хамааралгүй зардал байх тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгуулахаар өмгөөлөгч авсан, зайлшгүй гаргуулахаар тусгасан зардал бус байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Харин хохирогчийн дутуу авсан цалин хөлс, орлого гэж нэхэмжилж буй 3.100.000 төгрөгийг энэ тогтоолоор гаргуулах боломжгүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов. Учир нь,

Хохирогч Л.М-ийн өмгөөлөгч нь амбулаторийн карт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэрэг баримтыг авчирсан хэдий боловч хохирогч Л.М-ийн өвчтэй байсан хугацааны эмнэлгийн хуудас буюу листийг авчраагүйгээс түүний дутуу авсан цалин хөлс, зөрүүг тооцоолох боломжгүй болгосон тул хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдсанаас үүдэн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо тодорхойлох баримтуудыг бүрдүүлж, мөн цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Т.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Т.М-д танилцуулсан байх ба тэрбээр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

Шүүгдэгч Т.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг боловч тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, хор уршгийн байдал бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, мөн нөгөө талаас шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал /нурууны өвчний улмаас 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон баримттай/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух  газар, ажлаа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 жил 5 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Т-ийн М-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.М-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн үлдэгдэл 2.786.000 төгрөг, өмгөөллийн зардал 1.500.000 төгрөг, нийт 4.286.000 (дөрвөн сая, хоёр зуун наян зургаан мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Т.М-өөс 2.104.842 (хоёр сая, нэг зуун дөрвөн мянга, найман зуун дөчин хоёр) төгрөгийг хохирогч Л.М-эд төлсөн болохыг дурдаж,

хохирогч Л.М-э нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотолсон нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ