Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/792

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Ш-ын С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208015501062 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Ш-ын С (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.С нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ... тойрог, Т төвийн  хажуу талын  зогсоолд өндөр настай буюу 81 настай иргэн С.М-ыг биеэ хамгаалах чадахгүй болохыг  мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тойрог, Т төвийн  хажуу талын  зогсоолд өндөр настай буюу 81 настай иргэн С.М-ыг биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Хохирогч С.М-ын: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо  ...  тойрог Т  төвийн хажуу талын таксины  зогсоолын  ойролцоо  өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай AURIS маркийн  тээврийн хэрэгсэлтэй  зогсож байсан юм. Тэгэн  Ш.С гэх залуу  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гуйвж  дайвж явж байгаад  миний тээврийн  хэрэгслийн  жолооч талын толийг  гараараа дарчихаар нь  би тээврийн хэрэгслээс бууж тухайн залууг холдуулах гэтэл Ш.С гэх залуу нь үгийн зөрүүгүй миний зүүн шанаа  хэсэг рүү  гараараа  1 удаа цохисон. Тэгээд  дахиад миний  нүүр хэсэгт гараараа 1 удаа цохих  үед  би газар унасан. Тэгээд намайг газар  унах үед 1 удаа миний биед өшиглөсөн юм. Тэгээд хажуугаар явсан нэг эмэгтэй салгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6010 дугаартай: “...С.М-ын биед зүүн хацрын  шонтонгийн  зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн  няцрал,  бүсэлхийн  зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

Шүүгдэгч Ш.С-н: “...Би 2022 оны 04 дүгээр  сарын 20-ны  өдөр гэртээ  ганцаараа 0,5 гр архи  уусан. Тэгээд  гэрээс гарч  Сонгинохайрхан дүүргийн  ... дүгээр  хорооны  нутаг дэвсгэрт  байрлах  ...  тойрог  дээр явж байсан талаараа  санаж байна.  Тэнд  нэг өвгөнтэй магалдаад  уурандаа  гараараа нүүр хэсэгт нь  1 удаа цохисон, газар унаад босоод ирэхээр нь  ахин нэг удаа  нүүр хэсэгт нь цохиод газар унах үед нь  нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Ш.С нь  согтуурсан үедээ 81 настай буюу өндөр настай иргэн С.М-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр  нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, газар унасан байхад нь нэг удаа өшиглөж зодсон үйл баримт тогтоогдсон.

Хохирогч С.М нь шүүгдэгчийн цохилтын хүчийг даалгүй газар унасан, газар унасан байхдаа нэмж өшиглүүлж байгаа байдал буюу шүүгдэгчийн үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийж чадаагүй байгаагаас үзвэл, шүүгдэгч нь хохирогчийн энэхүү биеэ хамгаалах чадахгүй энэ байдлыг харсан, мэдсээр байж зодож гэмтэл учруулсан, улмаар хажуугаар явсан эмэгтэй болиулснаар шүүгдэгчийн үйлдэл таслан зогсоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч Ш.С-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч Ш.С нь хохирогчид 800,000 төгрөг өгсөн,  хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ш.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ш.С-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Ш.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ш.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ш-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ