Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1578

 

МАГАДЛАЛ

 

2017.7.17                                                     Дугаар 1578                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

А.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Оюухүнс” ХХК-д холбогдох,

 

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3 169 745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохирол 629 688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Оюунтөгс,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Оюу хүнс” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр орсон бөгөөд менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг баримтлан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа зөрчил, дутагдал гаргаагүй бөгөөд харин сайн ажилласан гэж урамшуулал авч байсан. Ингээд би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтаа аваад, ажилдаа орох гэтэл захирал “...гаалийн асуудал гарсан үүнийг янзал” гэж миний хариуцах ёсгүй ажил үүрэг өгсөн тул би Мэргэжлийн хяналтын газар, гааль зэрэг холбогдох мэргэжилтнүүдтэй нь уулзсан ба энэ хугацаанд хоолны хордлого болж, 5 хоногийн эмчийн актаа нягтландаа өгсөн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа очиход “намайг шалтгаангүй ажил тасалсан” гэж ажлаас хөөж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал ирж уулз гээд, намайг ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан гэдгийг хэлээд, тушаалыг өгөөгүй. Компанийн удирдлагаас намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгийг ямар нэг байдлаар мэдэгдээгүй ба үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А.Оюунтөгс нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Оюухүнс” ХХК-д менежерийн ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанийн Гэгээнтэн цогцолборт байрлах “Том Н Томс” кофе шопт ажиллах болсон. А.Оюунтөгс нь Хөвсгөл аймаг явна гэж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажлын 3 хоногийн ээлжийн амралтыг урьдчилж авсан ба 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 12 хоногийн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байсан боловч ор сураггүй алга болж, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болон бусад ажилчидад мэдэгдээгүй. Компанийн удирдлагаас А.Оюунтөгсрүү залгасан боловч утсаа авдаггүй, дуудахаар ирж уулзахгүй байсан. Кофе шопын үйл ажиллагаанаас шалтгаалж А.Оюунтөгс нь ажлын 6 өдөр өглөө, оройны ээлжээр ажилладаг байсан тул тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал ажил олгогчид урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 5 өдрийн ажил тасалсан. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захиралд хоолны хордлого авсан тухайгаа мессэйжээр мэдэгдсэн боловч эмнэлгийн магадлагаа, өвчтэй гэх холбогдох баримтаа ирүүлээгүй. А.Оюунтөгсийг ээлжийн амралтаа аваад ажилдаа ирэхгүй байсан тул түүнд ажил хүлээлцэх хугацаа олгож, түүний буруугаас байгууллагад ногдуулсан торгууль тавьсан актыг зохицуулах, гадуур ажлыг эмхлэх үүрэг өгсөн. Мөн түүнд алжаас чөлөөлсөн тушаалыг өгөхөөр утсаар залгахад утсаа аваагүй, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал ажлын байрандаа дуудаж, тушаалыг өгсөн боловч танилцаад орхиод явсан. Иймээс нэхэмжлэлийг хэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т “ажилтныг Бүгд Найрамдах Солонгос Улсад сурах сургалтын төлбөр, байр, хоол, унааны зардал, хоёр талын нислэгийн зардал, визний хураамжийн зардал болон сургалтанд хамруулахтай холбогдох бусад бүх зардлыг ажил олгогч нь урьдчилан гаргана. Хэрэв ажилтан энэ гэрээнд заасан үүргээ зөрчсөн, ажилтны гэм буруугаас шалтгаалж ажил олгогч гэрээг цуцалсан бол гарсан сургалтын бүх зардлыг ажилтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан тул явах, нислэгийн тийзний зардалд     961 000 төгрөг, сургалтын хугацаанд байрласан байр, хоол, унааны зардалд 1 008 745 төгрөг, сургалтын төлбөр 1 200 000 төгрөг, 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хугацаанд хариуцагч компанид учруулсан хохирол 629 688 төгрөг, нийт               3 799 433 төгрөгийг А.Оюунтөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажилтны буруугаас болж хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан А.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй, “Оюухүнс” ХХК-д холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Оюухүнс” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3.169.745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохиролд 629.688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Оюунтөгс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Оюухүнс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураажид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 46 466 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 44 226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч "Оюухүнс" ХХК нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, чөлөө авсан 3 хоногийн хугацааг ээлжийн амралтаас урьдчилан эдэлсэн болгон тушаал гаргаж, амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар багасгасан байна. Энэ тушаалын талаар би мэдээгүй бөгөөд захирал амралт дуусаагүй байхад утасдаж, ажилдаа орохоосоо өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан торгуультай холбоотой асуудлыг зохицуулах үүрэг болгож холбогдох байгууллагуудаар амралтын хугацаандаа явж ажилласан. Цаг бүртгэлийн машин нь ажилтны ажилдаа ирсэн, явсан цагийг бүртгэдэг байхад чөлөө авсан 2016 оны 08 дугаар сарын 1-нээс 08 дугаар сарын    3 нь хүртэл гурав хоногийг ээлжийн амралтаас гэж гаргасан байгаа нь хариуцагч сүүлд засварласан болох нь тодорхой байгаа юм. Ээлжийн амралт авсан болох нь захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/20 дугаар тушаал, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ээлжийн амралтын олговорыг олгосон цалингийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. А.Оюунтөгс нь ээлжийн амралт ажлын 15 хоногоор авсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байсан талаар шүүх буруу дүгнэжээ. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ажлын 15 хоногоор тооцвол 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орох байсан байна.

2016 оны 09 дүгээр сарын 13, 19-ний өдөр ажилдаа очсон болохыг тогтоосон, нэхэмжлэгч өвчтэй байсан зэрэг нотлох баримтууд байсаар байтал 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс ажил тасалсан гэж үзжээ. Энэ нь Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно гэж заасан, биеэр эдэлж байгаагүй талаар анхан шатны шүүхэд хэлсэн байдаг. Нөгөө талаар ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлүүлсэн тухай баримт, ээлжийн амралтын хуудас, нэхэмжлэгчийн хүсэлт хавтаст хэрэгт байхгүй болно.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтны хүсэлтээр ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлүүлсэн мэт тушаал гаргасан байх боловч тус тушаал нь хэзээ гаргасан, нэхэмжлэгчид танилцуулсан баримт байхгүй. Нэхэмжлэгч Ээлжийн амралтын тушаалтайгаа шүүхийн шатанд хавтаст хэрэгтэйгээ танилцах үедээ мэдсэн байна.

Хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж илэрхий худал тайлбар гарган, түүнийгээ нотлохоор өөрийн эрх хэмжээг ашиглан хуурамчаар тушаалууд гаргаж, хөдөлмөрийн дотоод журам баталсан нь, уг актуудын дугаар, баталсан огноо зэргээр тогтоогдсон болно. Үүнд, Ажлаас чөлөөлөх тушаалд, шинээр нөхөж гаргасан 2016 оны 08 дутаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг дурдаагүй байгаа зэрэг нь илтэд үүнийг батална.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэж үзсэн мөртлөө хэзээний ямар шалгуураар цөөрч байгаа орон тоонд ажиллах ажилтны сонгон шалгаруулсан талаар шүүх үнэлээгүй байна. Хариуцагчийн тайлбараас үзвэл ажилласан хугацааг харгалзсан гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад "Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно." гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Оюунтөгс нь хариуцагч “Оюухүнс” ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч байгууллагад даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлаас халсан тушаал үндэслэлгүй, өвчтэй байсан эмнэлгийн магадлагаа байгаа...” гэсэн бол хариуцагч нь “...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлаа 5 хоног тасалсан...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Оюунтөгсийг хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16/10/01 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.5.8, 7.5.10-ыг тус тус заасныг...” үндэслэн мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ.

Тодруулбал, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.5.8, 7.5.10-т тусгаснаар “3 ба түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд ажлаас халах ноцтой зөрчилд тооцох”-оор талууд тохиролцсон байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Учир нь эмнэлгийн магадлагаанд 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл өвчтэй байсан гэсэн боловч энэ нь ээлжийн амралт дууссанаас хойш 5 хоногт хамаарч байх тул 2016 оны 9 дүгээр сарын 7-ноос 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй өвчтэй байсан гэх байдлыг нотлох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

 ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ