Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/879

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И т овогт Б-ийн М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029100944 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, ... бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Б.Мад энэ тогтоол оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр  өмнөх 248 дугаартай  шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн  ялын зарим болох 5 сарын ялыг нэмж 3 жил 6 сарын хугацаагаар эдлэх ялыг тогтоосон ба 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жид 11 сар 12 хоногийн  хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан сулласан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны  өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн  хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хасаж сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг ялыг бүрэн эдэлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлсэн, И т овогт Б-ийн М (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед хохирогч Ц.И-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн толгой руу гараараа цохиж, духаараа мөргөж эрүүл мэндэд нь “хамрын хянга ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, дууд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.И-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), ... нэртэй нийтийн караокены 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 33-39 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10945 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал), шүүгдэгч Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 95-115, 128-137 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед хохирогч Ц.И-тэй маргалдан  толгой руу гараараа цохиж, духаараа мөргөж эрүүл мэндэд нь “хамрын хянга ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Ц.И-ийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр оройны 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” нэртэй караокед ганцаараа орж үйлчлүүлж 0.5 граммын нийслэл нэртэй пиво 3 шилийг уусан. Хажуу талын ширээнд сууж үйлчлүүлж байсан 4-5 залуучууд тус караокены зөөгч эмэгтэйг дууг нь тасалсан гээд тэр охиныг “гичий минь” гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэр хажуу ширээний ах нарт “жаахан хүүхэд гомдоочихсон байна” гэж хэлэхэд ******* гэх нэрээр дуудаад байсан 30 орчим насны залуу намайг хэл амаар доромжлоод “чи дуугүй бай” гэж орилоод байсан. Тэгээд ******* гэх нэрээр дуудаад ширээнээсээ босож ирээд баруун гараараа хоёр удаа толгой орчим руу, дух хэсэг рүү нэг удаа мөргөчихсөн. Миний хамраас цус гараад ариун цэврийн өрөө орчхоод дахин ширээндээ суух үед ******* гэх залуу намайг “эвлэрье” гэж хэлээд караокеноос дагуулж гараад дахин баруун гараараа хоёроос гурван удаа цохисон. Би цагдаагийн байгууллагад хандсан юм. Өөр хүн цохиж зодоогүй. Би эмчилгээний зардал болон ажил алдсан 8 хоногийн цалингаа нэхэмжилмээр байна. Миний 8 хоногийн цалин 720.000 төгрөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10945 дугаартай:

“Ц.И-ийн биед хамрын хянга ясны хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...4 ширхэг гэрэл зургийг Ц.И-т үзүүлэн таниулахад №1 гэсэн зураг мөн байна. Би энэ хүний зургийг хараад шууд таньж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-30 дахь тал),

4. Хохирогч Ц.И-ийн гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй нийтийн караокены 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэг хүлээж авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Тус хяналтын  камерын бичлэгт  цайвар хувцастай  махлаг  биетэй  эрэгтэй хүн  цагаан өнгийн мэт цамцтай  хүний хувцаснаас заамдах хөдөлгөөн хийж, гараараа хэд хэдэн удаа цохиж буй хөдөлгөөн хийж буй нь дүрслэгдсэн”  (хавтаст хэргийн 33-39 дэх тал),

5. Шүүгдэгч Б.М-ын: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Ц.И-ийн хохирлыг барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч Б.М, хохирогч Ц.И нар нь  тус караоке баараар үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  маргалдан улмаар шүүгдэгч нь шалтгаангүйгээр хохирогчийн толгой руу гараараа цохиж, духаараа мөргөсөн үйлдэл нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчид  учирсан гэмтэл нь хөнгөн ангилалд хамаарсан байх тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Б.М нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, мөргөх зэргээр бие махбодод нь халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.М-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.М-ын үйлдлээс шалтгаалан хохирогч Ц.И-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц.И нь эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 260.000 төгрөг, дутуу авсан цалин хөлс гэж 720.000 төгрөг, нийт 980.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогчийн нэхэмжилж буй хохирлуудаас баримттай зардал нь 260,000 төгрөг байх тул уг зардлыг шүүгдэгч Б.М-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 32 дахь тал)

Харин хохирогчийн нэхэмжилж буй дутуу авсан цалин хөлсийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч Ц.И нь дутуу авсан цалин хөлс, орлого, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...ямар нэгэн саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.М-ын өмнө ял шийтгүүлсэн байдлыг дурдаж, дүгнэлт хийвэл,

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, (хавтаст хэргийн 105-108 дахь тал),

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай 3838 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. (хавтаст хэргийн 130 дахь тал),

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 89-ө дугаар захирамжаар ялтан Б.М нь биеэр нийт 04 жил 07 сар 13 хоногийн хорих ял эдэлсэн байх бөгөөд өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу эдлээгүй үлдсэн ялаас 02 жилийг өршөөн ялыг өршөөн хасаж, суллаж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 136 дахь тал),

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд /хавтаст хэргийн 113-115 дахь тал-2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 321 дугаар шийтгэх тогтоолд тус ялыг бүрэн биелсэн хэмээн тусгасан байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгох ялыг бүрэн эдэлж дууссан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолтой байна. (хавтаст хэргийн 110 дахь тал)

6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгох ялыг бүрэн эдэлж дууссан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолтой байна. (хавтаст хэргийн 142 дахь тал)

 Иймд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.М нь дээрх ял шийтгэлүүдийг биечлэн эдэлж дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Б.М-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хохирол төлөөгүй, мөн хувийн байдлын хувьд өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И т овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ад  720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 260.000 (хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.И-т олгож, хохирогч нь дутуу авсан цалин хөлс, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ