Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/878

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолт),

шүүгдэгч А.Д, Ц.Б, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овогт А-ийн Д, Д овогт Т-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208012801026 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянхонгор аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт А-ийн Д (РД:...),

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 105 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Ц-ийн Б (РД:...),

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ... сумын 5 дугаар баг ... амьчуул 4 дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Баянхонгор аймгийн сум дундын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, Д овогт Т-ийн Э (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо “Т” нэртэй караокед “дууны цаг сунгахгүй” гэлээ гэх шалтгаанаар:

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Д нь хохирогч Д.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.М-ийн эзэмшлийн Самсунг М-12 загварын гар утсыг хууль бусаар устгаж, түүнд 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо “Т” нэртэй караокед “дууны цаг сунгахгүй” гэлээ гэх шалтгаанаар:

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.М-ийг, шүүгдэгч А.Д нь хохирогч Д.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.М-ийн эзэмшлийн Самсунг М-12 загварын гар утсыг хууль бусаар устгаж, түүнд 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн 22 цаг 33 минутаас эхлэн бичлэгийг шүүж үзэхэд 22:33:52 секундэд хар өнгийн амны хаалттай эрэгтэй (Б.М), хар өнгийн богино куртиктэй эрэгтэйтэй (А.Д) ярьж байх ба 22:35:35 секундэд хар өнгийн малгайтай, хар өнгийн амны хаалттай өндөр биетэй эрэгтэйн (Д.Э-ын) нүүрэн тус газарт харилцан 4-5 удаа цохих, заамдах үйлдэл хийх ба хажууд нь эрэгтэй, эмэгтэй 5 хүн ноцолдох, барьцалдах үйлдэл хийж байна. Бичлэгийн 22:36:40 секундэд зүүн талын өрөөнд орох ба уг өрөөнд 22:37:32 секундэд ахимаг насны эмэгтэй (Б.Ө) 2 эмэгтэй, 1 эрэгтэйг түлхэж өрөөний хаалгыг хаав. Өрөөнөөс хар амны хаалттай эрэгтэй гарч ирээд, гар утсаараа ярьж байгаа мэт харагдах ба 22:38:41 секундэд бараан өнгийн урт куртиктэй, эрээн өнгийн өмдтэй эрэгтэй (Т.Э) халтирч газарт унаад хар амны хаалттай эрэгтэйн цээж рүү цохих үйлдэл хийнэ, хар өнгийн бэлтгэлийн цамцтай эрэгтэй (Ц.Б) тухайн залуугийн гарнаас барьж хориглож байна. Хар өнгийн амны хаалттай эрэгтэй (Б.М-) гар утсаа чихэндээ бариад баруун талын хаалгаар орох гэж байгаад эргээд харахад хар өнгийн бэлтгэлийн цамцтай эрэгтэй (Ц.Б) тухайн залуугийн гар утсыг булааж аваад газарт шидэх үйлдэл хийхэд гар утас нь газарт унахад амны хаалттай залуу өөрөө газраас авч байх ба уг эрэгтэйн футболкноос бэлтгэлийн цамцтай залуу татаж байна. Эрээн өмдтэй залуу (Т.Э) шатны бариулаас барьж байгаад 22:39:17 секундэд баруун гараараа 1 удаа цохиход зүүн өрөөнөөс гарч ирсэн ахимаг настай эмэгтэй (Б.Ө) эрээн өмдтэй залууг шат руу түлхээд гар утсаараа яриад ороход эрээн өнгийн өмдтэй эрэгтэй 22:40:55 секундэд баруун хөлөөрөө жийж байгаа үйлдэл хийхэд дээгүүрээ шалдан эрэгтэй (Б.М) түүний араас хүзүүнээс татаж өрөөнөөс гаргах үед эрээн өмдтэй залууг өндөр хар өнгийн футболктой эрэгтэй (Д.Э) цохиж, заамдах ба цаана нь зогсож байсан эрэгтэй (А.Д) түүний араас цохих үйлдэл хийж байна. Уг өрөөнөөс гарч ирээд саарал цамцтай эрэгтэй цамц тайлагдаад өрөөнөөс нэг эмэгтэй шалан дээр сууж, өөрийгөө жолоодох чадваргүй мэт харагдана, уг эмэгтэйг хар өнгийн богино куртиктэй эрэгтэй (А.Д) өргөх үйлдэл хийнэ. Өндөр эрэгтэй (Д.Э) түүний хажууд нь зогсоход 22:42:22 секундэд хар богино куртиктэй эрэгтэй нүүр лүү нь 2 удаа цохиж, зөрүүлээд 1 удаа цохиулж байна. Бичлэгийн 22:43:05 секундэд хар өнгийн богино куртиктэй эрэгтэй (А.Д) ахимаг насны эмэгтэй (Б.Ө)-н толгой руу 2 удаа цохих үйлдэл хийж байна...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хохирогч Б.М-ийн: “...Манай төрсөн эгч Ө-ий ажиллуулдаг Т караокед зөөгч хийж байхад 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад 3 эрэгтэй, 3 эмэгтэй орж ирээд өрөөнд захилга өгөөд ундаа, 6 пиво аваад 1 цаг авсан. Тэгээд дахин 1 цагаар сунгасан. Өрөөндөө нууцаар архи оруулж уусан байсныг ах Э хурааж аваад, гуйгаад байхаар нь дуустал нь уулгасан гэсэн. Ингээд тухайн хүмүүсийн орсон цаг нь дуусаад дараагийн хүмүүсийг оруулах гээд цаг нэмэхгүй гэснээс болж маргаан эхэлсэн. Хүргэн ах Э намайг дуудахаар нь гартал үүдэнд хүргэн ахын нүд орчмоор нь цус гарчихсан, тухайн залуучууд тойроод зогсчихсон байсан. Би салгах гэсэн чинь эмэгтэйчүүд нь ойртуулахгүй байсан. Би цагдаад дуудлага өгөх гээд гар утсаараа ярьж байсан чинь хар өнгийн цамцтай залуу миний гар утсыг цохиж газарт унагаасан. Гар утсаа аваад цагдаатай ярьж байсан чинь утас дуугарахгүй болчихсон. Намайг цагдаа дуудлаа гээд утас цохисон залуу түлхээд, футболкноос татаад байсан. Би футболкоо тайлаад заал руу орох гээд хаалга татсан чинь бараан өнгийн урт куртик, эрээн өмдтэй залуу шатны бариулаас барьж байгаад миний нүүр лүү гараараа миний хамар луу 1 удаа цохисон. Тэгээд би заал руу орж бусад үйлчлүүлэгчээ харчхаад буцаад гараад ирсэн чинь хяналтын камер хянадаг өрөөнд хүргэн ах, эгч хоёрыг тал талаас нь цохиод байсан. Намайг цохисон залуу эгчийг өшиглөхөөр нь би араас нь очоод хүзүүнээс нь татаад өрөөнөөс гаргасан. Тэр хооронд хүргэн ахыг цохисон залуу ахын араас нь цохиж аваад байсан. Ингээд би дээгүүрээ цамцаа өмсөөд гадаа гарч цагдаад хүлээгээд зогсож байсан. Миний гар утасны дэлгэц хагараад ашиглаж болохгүй эвдэрчихсэн байгаа. Би хамартаа өмнө нь гэмтэл авч байсан. Тухайн үед цохиулаад уг гэмтэл сэдэрч одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээний зардалд гарсан мөнгөн болон гар утасны хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. ...нийт 810,520 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 13-14 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4638 дугаартай: “...Б.М-ийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

4. Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт “...Samsung Фирм, М-12 загварын гар утас-400,000 төгрөг” (хавтаст хэргийн 57 дахь тал)

5. Хохирогч Д.Э-ын: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч  байхад  манай Т караокед 3 эрэгтэй, 3 эмэгтэй  орж ирээд  өрөө захиалаад  2 цаг аваад  пиво, ус, ундаа авсан.  Тэгээд тэр залуучууд согтоод байхаар нь  камераар харсан чинь  ширээн доогуур  архи тойруулж уугаад байсан. Тэгээд цагаа дуустал байж байгаад тухайн залуучууд нэлээн согтоод орж гараад байхаар нь манай эхнэрийн дүү М дараагийн хүмүүс орох гээд байна, дахин цаг сунгах боломжгүй гэсэн чинь бид нар цагаа сунгана гээд маргаан хийж эхэлсэн. Манай эхнэртэй эхлээд маргалдаж байхаар нь би гараад учир байдлыг хэлээд тайлбарлаад байхад ойлгохгүй байсан. Тэгээд шар цайвар царайтай залуу нь миний нүүр лүү цохиод би зөрүүлээд цохисон, миний зүүн талын хөмсөг сэтэлчихсэн, бас манай эхнэрийн толгой руу олон удаа цохиод байсан. Сүүлдээ М гарч ирээд салгасан. Цагдаа дуудах гэсэн чинь дүүг бас цохисон байсан. Бид нар дараа нь караокены хяналтын камерыг шүүж үзэхэд зодуулсан нь тодорхой харагдаж байсан. Эхнэр Өг цагдаа дуудах гээд утсаараа ярих гэхэд нь толгой руу нь цохиод байсан. Дараа нь дүү Мийн гар утсыг цохиод унагаж эвдэлсэн байсан. Тухайн өдөр манай караокед олон үйлчлүүлэгчтэй байсан болохоор хяналтын камерын өрөө рүү орсон чинь тэнд намайг эхлээд цохисон залуу намайг дахин цохисон. Бас манай эхнэрийг эрээн өмдтэй залуу нь өшиглөөд байсан. Цайвар царайтай залуу нь миний нүүр лүү олон удаа цохиж хөмсөг язарсан, дараа нь олон удаа толгой руу бас миний нүүр лүү цохиод байсан. Бас намайг заамдаад байсан. Харин урт куртиктэй эрээн өмдтэй залуу нь над руу дайрсан гэхдээ цохиогүй, цамцнаас зуураад татаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4576 дугаартай: “...Д.Э-ын биед зүүн хөмсөгт шарх, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

7. Гэрч М.О-ийн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний орой Д-гийн гэрт нь найз залуу Б-ийн хамт очоод 20-21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байдаг Т караокед найз Д, түүний эхнэр М, Э, түүний эхнэр С, миний найз залуу Б нарын хамт ороод 2 цаг дуулсан. Хамт явсан эмэгтэйчүүд пивоноос нээх их уугаагүй байсан. Харин манай 3 эрэгтэй нэлээн их халсан байсан. Тэгээд караокены цагийг дахин сунгая гэсэн чинь сунгахгүй гээд анх хэрүүл эхэлсэн. Би караокены өрөөнд байсан болохоор зодоонд яг хэн хэнийгээ яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Найз залуу Б, Д нар цагаа сунгуулъя гээд гараад явсан чинь удаад байхаар нь үлдсэн хүмүүс нь гараад очтол зодоон болсон байсан. Би бор өнгийн пальто дээгүүрээ өмссөн, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Найз залуу Б- хар өнгийн богино савхин куртиктэй, хар өнгийн жинсэн өмдтэй, бор өнгийн гуталтай байсан. Найз Д миний санаж байгаагаар шар өнгийн куртиктэй явж байсан байх. Э гэх найз нь хар өнгийн куртиктэй байсан. Бусдыг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

8. Гэрч Ч.С-ийн: “...Цаг нь дууссан болохоор дахиад сунгая гэсэн чинь та нар одоо гар дахин сунгахгүй гээд байснаас болж хэрүүл эхэлсэн. Би хэрүүл эхлэхээр нь угаалгын өрөөнд ороод гараад ирсэн чинь манай нөхөр тухайн караокены өндөр ахтай маргалдаад байсан. Тэгээд би нэг сэрсэн чинь шалан дээр ухаан алдсан байсан. Би зүрх муутай болохоор шуугиантай хэрүүлтэй орчинд байж чаддаггүй болохоор ухаан алдчихсан байсан. Намайг нэг сэрэхэд тэр өндөр ах нөхрөөс салахгүй зулгаагаад байсан. Би улаан өнгийн урт бариу плажтай, нөхөр хар өнгийн куртиктэй, Б хар өнгийн богино савхитай байсан. О саарал өнгийн пальто өмссөн байсан. Э хар өнгийн дундаж урттай куртиктэй, С-гийн өмсөж байсан хувцсыг санахгүй байна, цамц өмссөн байсан гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

9. Гэрч Б.Ө-ий: “...манай ажиллуулдаг Т караокед 3 эрэгтэй, 3 эмэгтэй орж ирээд 1 дугаартай өрөөнд 2 цаг авсан. Харахад тухайн залуучууд эрүүл орж ирсэн. Тэгээд дотроос 6 лааз, 6 шилтэй пиво, ус ундаа авсан, би оффис өрөөнөөс хяналтын камераа хараад байж байхад нэг эмэгтэй нь хоёр хөлөндөө архи хавчуулаад архи хундагалаад байсан. Бас хаалгаа онгойлгож дуулаад, орилолдоод байхаар нь хоёр ч удаа очиж хаалгыг нь хаасан. Тэгээд авсан 2 цаг нь дуусахаар нь дахин сунгах хэрэггүй, хэтэрхий согтолттой болсон байна гэж дүү М-д хэлсэн. Манай нөхөр Э өрөөнд нь орж ууж байсан архийг нь аваад жаахан үлдсэн байсан чинь нэг махлаг залуу нь архиа гуйгаад авсан. Нөхөр тайлбарлаж хэлээд дотор зөвшөөрөлгүй архи ууж болохгүй үйлчилгээний байгууллага гэж хэлсэн. Ингээд авсан 2 цаг нь дуусахаар нь нэмэх боломжгүй гэсэн чинь манай дүүг эрүүлжүүлэхэд орсон залуу нь ална шүү гээд баахан хараагаад байхаар нь би нөхрөө нийтийн заал руу оруулаад тэр хүмүүст тайлбарлаж хэлсэн чинь манай нөхрийг эрүүлжүүлэхэд хоносон шар залуу нь хөмсөг рүү нь гараараа цохиод язлаад цус гаргачихсан. Бид цаг нэмэх нэмэхгүйгээ мэддэг гээд үг авахгүй, үл ойшоосон байдалтай яриад байсан. Тэгээд дүүг дуудаад цагдаа руу залгаарай гэсэн чинь шар залуу нь миний толгой руу гараараа цохисон. Нөхрийг бүгд дайраад зарим нь гарыг нь хорьж байгаад цохиулаад байсан болохоор дүү бид хоёр салгах гээд бүгдийг нь оффисын өрөө рүү оруулсан. Тэгтэл өрөөн дотор нөхрийн толгой руу гараараа олон удаа цохисон, миний толгой руу бас цохиод би утсаар цагдаа дуудах гэсэн чинь энэ их зэвүүн авгай гээд дайраад байсан. Эрээн өнгийн өмдтэй залуу нь миний давсаг руу жийсэн чинь манай дүү салгаад аваад гартал махлагдуу өндөр залуу нь миний толгойны баруун тал руу гараараа 1 удаа цохисон. Манай караоке нь 2 давхартаа шатаар гараад хяналтын камертай болохоор бичлэг шүүж үзэхэд манай дүүгийн гар утсыг махлагдуу өндөр залуу нь цохиод унагаатал эрээн өмдтэй залуу гараараа нүүр лүү нь 1 удаа цохисон бичлэг байгаа. Дүүгийн нүд, хамар нь хавдсан байсан. Нөхрийн хөмсөг сэтэрч цус гарсан. Хүзүү орчимд нь боолгосон болохоор хувцсандаа үрэгдэж шалбарсан, толгой нь хөндүүртэй байгаа. Мөн эдгээр залуус манайхаар үйлчлүүлсэн 97,500 төгрөгийг төлөөгүй. Тооцоогоо хийгээч гэсэн чинь бүгд хийсэн гээд өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Э, Ц.Б, А.Д нар нь эхнэр, найз охины хамтаар Т нэртэй караокегоор үйлчлүүлэн цааш үргэлжлүүлэн цаг сунгах хүсэлт тавьсныг  тус караокег ажиллуулж байсан Д.Э, Б.М нар нь хүлээн зөвшөөрөөгүй, татгалзсанаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдсан байх ба шүүгдэгч А.Д нь хохирогч Д.Э-той, шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.М-тэй маргалдах явдаа бие махбодид нь халдсан, шүүгдэгч Ц.Б нь  хохирогч Б.М-ийг цагдаад дуудлага өгөх гэлээ хэмээн гар утсыг нь булаан авч шидэж гэмтээсэн үйл явдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаас гадна хохирогч нарын өөрсдийнх өгсөн ямар гадаад төрх, хувцас өмссөн хүн өөрийг нь цохиж зодсон, эд зүйлийг нь гэмтээсэн талаар өгсөн мэдүүлэг, мөн хохирогч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрөөгүй гэрч Б.Ө-ий мэдүүлэг, мөн бусад гэрч нарын өгсөн “өөрсдийн нөхөр, найз нар нь караокены эзэн, бармен нартай цаг сунгалтаас бол маргалдсан, зодоон болсон” гэдгийг үгүйсгээгүй мэдүүлэг зэрэг нотлох баримттай, шүүгдэгч Т.Э, А.Д нарын үйлдлээс шалтгаалан хохирогч Б.М, Д.Э нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч Ц.Бийн үйлдлээс шалтгаалан хохирогч Б.М-ийн гар утас гэмтсэн  асуудал нь дээрх шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарыг цохиж зодсон, эд хөрөнгийг нь шидэн гэмтээж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээр нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Д, Т.Э нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Ц.Бийн үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухай: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь бие махбодын болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн байх ба  уг хохирлын аль аль нь төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.Э-аас 410.520 төгрөгийг, шүүгдэгч  Ц.Б-өөс 400.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.М-д олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч А.Д нь хохирогч Д.Э-т 387.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Т.Э тус бүрд 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-өд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Д “ямар нэгэн саналгүй” гэж,

Шүүгдэгч Ц.Б “хэлэх зүйлгүй” гэж,

Шүүгдэгч Т.Э “тайлбар байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч А.Д-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч А.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ,

Шүүгдэгч Т.Э-ын хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан болон барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд, түүний архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, тэрбээр олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бие зөв зохистой авч явалгүйгээр бусдын эд хөрөнгөд халдаж, гэмтээсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хэмжээ, шүүгдэгчээс хохирол төлсөн зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-өд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

-шүүгдэгч Т.Э-ын хувьд, түүний архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, тэрбээр олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бие зөв зохистой авч явалгүйгээр бусдын тавьсан шаардлагыг эсэргүүцэн бие махбодид нь халдаж гэмтэл учруулсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчээс хохиролд төлсөн зүйлгүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь гэмт хэрэг үйлдсэн ч энэ байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

 -шүүгдэгч А.Д-ийн хувьд, түүний архи согтууруулах ундааны бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, тэрбээр олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бие зөв зохистой авч явалгүйгээр бусдын тавьсан шаардлагыг эсэргүүцэн бие махбодид нь халдаж гэмтэл учруулсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-эд  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Э, Ц.Б нар нь дээрх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй  бол нийтэд тустай  ажил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  шүүгдэгч А.Д, Т.Э, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт А-ийн Д, Д овогт Т-ийн Э тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

 шүүгдэгч А.Д-эд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Т.Э-т 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-өд 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Ц.Б нар нь дээрх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй  бол нийтэд тустай  ажил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-эд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

6. Шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас 410.520 (дөрвөн зуун арван мянга, таван зуун хорь) төгрөгийг, шүүгдэгч  Ц.Б-өөс 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.М-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, Т.Э, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ