Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Э.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энэбишийн **********өд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Н.Б*******рыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Н.Б*******рыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 10-ны 16 цагийн орчимд гэртээ амарч байхад найз Эрдэнэ-Очир манай гэрт ирээд юм яриад сууж байтал найз Дондов утсаар залгаж манай гэрт ирээд хашаа хорооны ажилд туслаач гэхэд Эрдэнэ-Очир бид хоёр очиж хашаа, хорооны ажлыг нь дуустал нь янзалж өгсөн. Дуусаад найз Дондовоор бид хоёр гэр лүгээ хүргүүлэх гээд явж байтал замд Бямбасүрэн нэлээн согтуу алхаж явахаар нь Дондовын машинд суулгачихад Бямбасүрэн 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво гаргаж ирэхээр нь би Бямбасүрэн, Эрдэнэ-Очир бид 3 хувааж уусан. Төвөөс гарахын даваан дээр Б*******р ах нэг найзтайгаа мотоциклтой явж байгаад бид нарыг зогсоож машин асахгүй байна холбоод өгөөч гэхэд нь Дондов за гээд машины хажууд нь очиж зогссон. Тэгтэл Дондов машинаас буугаад мөн адил яваад өгсөн. Би Бямбасүрэнгийн хамт машинд суугаад байж байтал Бямбасүрэн машинаас буугаад Б*******р ах дээр очоод маргаад хувцаснаас нь заамдаад авсан. Би явж очоод Б*******р ахад хандан согтуу хүнтэй маргаад яах юм бэ гэхэд юу ч дугарахгүй зууралдахаа больсон. Хэсэг байж байгаад Бямбасүрэн Б*******р ахад хандаж чи намайг жоохон байхад зоддог байсан гээд агсраад Б*******р ахыг дахин зуураад авахаар нь очиж салгах гэж байгаад Б*******р ахыг ард зогсож байхыг харалгүй гараа угзарч татаад санамсаргүй баруун гараарай Б*******рын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд Бямбасүрэнг салгаад машинд суулгаад бид нар явсан.  ...” гэх мэдүүлэг (хх 21-22, 37х),

Хохирогч Н.Б*******рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3-р багт байдаг хөдөө гэрээсээ сумын төв рүү орж ирээд хүүхдийнхээ угжийг аваад буцаад хөдөө гэр лүгээ гарж явтал манай найз Ганбаатар таараад машины аккумлятор суучихлаа гэхээр нь найзыгаа мотоциклийн араар суулгаад доошоо уруудаад явж байтал гудмаас Дондов Маятитай явж таарсан. Тэгэхээр нь Дондовтой уулзаад машин асаагаад өгөөч гэсэн чинь за гэхэд нь дагуулаад найз Ганбаатарын машины хажууд очсон. Тэгээд машинаа асаачхаад байж байтал Дондовын машин дотор согтуу Бямбасүрэн, **********, Эрдэнээ гурав бууж ирээд Бямбасүрэн нь миний хажууд хүрж ирээд чамайг цохичихъё, мөргөчихье гээд яриад байсан. Тэгэхээр нь би тоохгүй зогсоод байсан чинь гараа над руу далайнгуут нь би гараас нь бариад авсан чинь Бямбасүрэн надад хандаж чамайг хэн гэдгийн гар тавь гэхээр нь би гарын тавихгүй бариад зогсож байтал хажууд нь байсан ********** гээд найз нь наад мангар юмнуудтай юу ярьдаг юм бэ Бямбасүрэн чи чаддаг юм бол наад юмныхаа нэрийг хэлүүлчих гээд яриад байсан. Тэгснээ гэнэт ********** Бямбасүрэнгийн гараас явъя явъя гээд хойшоо татаж салгачхаад баруун гарынхаа хойд хэсгээр миний шүд рүү 1 цохиод бүгд Дондовын машинд суугаад яваад өгсөн... Гомдолтой байна. Би эмчилгээний зардал болох 600.000 мянган төгрөгийг нэхэмжилж байна. ...Надад одоо өвчин зовуурь байхгүй... Э.********** миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ....600,000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-15-16, 18х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн  2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаартай:

1. Н.Б*******рын биед баруун 1 дүгээр шүдний хөдөлгөөн, буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь 2022 оны 06 дугаар сарын 10-нд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой байна.

3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

4. Н.Б*******рын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5%-аар тогтонги алдагдана. ...” гэх дүгнэлт (хх-30х),

Хүний их эмч Ц.Цэрэнчимэдийн тодорхойлолт (хх-31х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-39х), Тангад овогт Энэбишийн **********ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-42х), Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай тодорхойлолт (хх-43), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого (хх-44-45х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-46х), хохирол төлсөн тухай Э.**********ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-47х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн **********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Н.Б*******рыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Э.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Б*******рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15-16, 18х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаартай дүгнэлт (хх-30х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.********** нь хохирогч Н.Б*******рын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Э.********** нь хохирогч Н.Б*******рт эмчилгээний зардал буюу  хохиролд 600.000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.**********ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Э.********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Э.********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тангад овогт Энэбишийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тангад овогт Энэбишийн **********ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Э.**********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**********өд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН