Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр

Хохирогч Д.С*********

Шүүгдэгч Ч.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б*********т холбогдох эрүүгийн 2138000000476 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ч.Б********* нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын  1 дүгээр  багийн багийн нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.С*********тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг сандлаар толгой болон өгзөг рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б********* нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын  1 дүгээр  багийн багийн нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.С*********тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг сандлаар толгой болон өгзөг рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Ч.Б********* мөрдөн шалгах ажиллагааны ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Улаанбаатар хотод байгаа охиноосоо болж эхнэр бид хоёрын хооронд маргаан болсон. Би уур хүрээд босож ирээд орны урд байсан жижиг шар сандал аваад эхнэр С********* рүү шидсэн. Тэгтэл миний шидсэн сандал эхнэрийн зүүн гар луу цохиж газарт унасан. Нөгөө сандлаар би 2 удаа бөгс рүү нь цохисон. Эхнэр С*********ийг гэрээс гарах гээд байхаар нь үснээс нь татаад гэрийн хойморт авчирсан. Тэр үед гэрийн утас дугарсан. Би эхнэрийг утсаа аваач охин чинь залгаад байгаа юм биш үү гэж хэлсэн.  Эхнэр С********* утас аваад танай найз байна гэхээр нь би утсаар ярьсан. Тэр үед эхнэр С********* гэрээс гараад зугтаасан байсан. Би гадуур хайгаад олоогүй. ... Энэ үйлдэл нь миний буруу болж байна. Би буруу зүйл хийснээ ойлгож байна. “... гэх мэдүүлэг (хх-29-31х),

        Хохирогч Д.С*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... орноосоо босож ирээд газарт байсан сандлаар толгой руу цохих үед би зүүн гараараа хаасан чинь гар маш хүчтэй өвдсөн. Би газарт яаж байгаа юм гэж хэлээд унасан. Тэгтэл миний нуруу, бөгс рүү сандлаар 10 орчим удаа цохисон. Цохиж байхдаа чамайг алаад булаад хаячихна гэж хэлээд цохиод байсан. Баруун бөөрөн дээр хөл нүцгэн хөлөөр 1 удаа дэвссэн. Би гэрээс гараад зугтаах гэсэн чинь нөхөр ирээд үснээс чирээд гэрийн хоймор аваачсан. Тэр үед гэрийн утас дугарсан. Намайг тэр хүүхэн чинь залгаж байгаа биз гээд өшиглөсөн. Би мөлхөж очоод харсан чинь найзынх нь дугаар байсан. Би найз чинь байна гэж хэлээд нөхөр утсаар ярьсан. Тэр үед би гэрээсээ гараад зугтаасан. Хэсэг хугацааны дараа нөхөр гэрээсээ гар чийдэн гаргаж ирээд миний эсрэг зүг рүү тусгаад намайг онож хараагүй. Би нөмгөн дээлтэй, пүүзтэй явсаар байгаад Шинэ-Идэр сумын төв орсон.  ... 2.000.000 төгрөг өгсөн. .... ”гэх мэдүүлэг (хх-15-17х),

            Гэрч Г.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт зусаж байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед манай сумын иргэн Ж.Д****** над руу залгаад охин С*********ийн гар гэмтсэн юм шиг байна манайд хүрээд ирээч гэсэн. Би Д******ын гэрт очсон чинь С********* зүүн гараа бариад сууж байсан. Би гарыг нь үзсэн чинь савах яс нь хугарсан байхаар нь би чиг тавьж өгөөд боож өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-20-21х),

Гэрч Ж.Д******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт зусаж байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед миний охин С********* гэрт орж ирээд гар минь гэмтсэн гэж надад хэлсэн. Би юу болсон юм гэж асуусан чинь нөхөр сандлаар цохисон гэж надад хэлсэн. Тэгээд сумын төвийн бариач Д**********г утсаар дуудаж охин С*********ийн зүүн гарт чиг тавьж гарыг нь боосон. Хоёр хоногийн дараа Мөрөн сум руу үзүүлэх гээд явсан. Охин С********* над руу яриад аав зүүн гар хугарсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-24-26х),

манай сумын иргэн Ж.Д****** над руу залгаад охин С*********ийн гар гэмтсэн юм шиг байна манайд хүрээд ирээч гэсэн. Би Д******ын гэрт очсон чинь С********* зүүн гараа бариад сууж байсан. Би гарыг нь үзсэн чинь савах яс нь хугарсан байхаар нь би чиг тавьж өгөөд боож өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-20-21х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 340 дугаартай:

1. Д.С*********ийн биед шуу ясны хугарал, чих, нуруу, хоёр өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Д.С*********ийн биед шуу ясны хугарал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.06.26-ны өдөр үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлгүй гэх дүгнэлт (хх-33х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-57-59х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хариад овогт Ч**********ийн Б********* иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-46х), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-47х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-48х), 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-49х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-52х), Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-54-56х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б********* нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын  1 дүгээр  багийн багийн нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Д.С*********тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг сандлаар толгой болон өгзөг рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Б*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.С*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг (хх-15-17х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт (хх-33х), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-57-59х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Б********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ч.Б********* нь хохирогч Д.С*********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний хохирол 2.000.000 төгрөг төлсөн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ (хх-49х) байгуулсан байх тул шүүгдэгч Ч.Б*********ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б********* нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ял, хохирогчтой эвлэрсэн, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрсөн, хохирогчид 2.000.000 төгрөгийг төлж эвлэрлийн гэрээ байгуулсан, цаашид эмчилгээний зардал гарвал төлнө гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналтай байна гэв.

          Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ялын саналыг шүүгдэгч Ч.Б********* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Ч.Б*********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Ч.Б********* нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн124 дугаар шийтгэх тогтоолоор 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 5 хоногийн хорих ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-52х), шийтгэх тогтоолын хуулбар (хх-54-56х) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ч.Б*********ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б********* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Ч.Б*********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Ч**********ийн Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б********* нь торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Б*********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн шүүгдэгч Ч.Б********* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*********т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН