| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0213/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/220 |
| Огноо | 2022-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Б.Н***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*****ын Н*****д холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Б.Н***** нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Б*************г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н***** нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Б*************г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н*****н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Б************* гэдэг хүн намайг муу муухай үгээр дайрч доромжлоод чамайг элэг дөрвөөр чинь мөлхүүлнэ танайхан удмаараа арчаагүй хүмүүс, би өөрийнхөө юмыг өөрөө мэдэж байна чам шиг хүүхэд яах гээд байгаа юм гээд байхаар нь Б************* гэдэг хүний зүүн талын нүд, шанаа хамран тус газарт 2 удаа гараараа цохисон. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Л.Б************* ахаас уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулахаар түүнд 2 өдөр хонийг нь хяргаж өгч тус болсон юм. Л.Б************* ах надад одоо гомдол, санал байхгүй гэсэн. ... би хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хх-20-21х),
Хохирогч Л.Б*************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Мөрөн сумын 4-26 дугаар гудамжинд байдаг ******* гэдэг айлд очиж *******тэй хамт бид хоёр 0.75 граммын “Хараа” гэдэг нэртэй архи хувааж уугаад гэрт нь сууж байтал энэ хүний хүргэн Б*****ын Н***** гэдэг залуу эхнэр хүүхдийн хамт машинтайгаа хашаанд нь орж ирээд ******* бид хоёр дээр ирсэн. Тэгээд Б.Н***** надтай мэнд, ус мэдэлцээд бид хоёрын ууж байсан архинаас 1-2 хундага архи уусан. Би энэ үед нэлээн согтуу байсан ч гэсэн хүнтэй муудалцах юм болоогүй тэгтэл Б.Н***** гэдэг залуу намайг “Чи их зэвүүн пизда” гэж хэлээд намайг сууж байхад миний баруун талын нүд хамар орчим цохисон энэ үед миний хамраас цус их хэмжээгээр гарсан, мөн намайг газарт байхад миний баруун талын хавирга, нуруу орчимд цохисон. Энэ үед намайг зодсон Б.Н***** гэдэг залуугийн эхнэр нь миний толгой дээр ус хийж миний хамраас цус гоожсоныг угааж өгсөн. Тэгтэл Н***** надад хандаж “Ах уучлаарай би таныг арай хэтрүүлсэн байна” гээд надаас уучлалт гуйгаад гар баръя гээд байхаар нь би тухайн үед Н*****тэй гар бариагүй. Тэгээд намайг айлд хүргэж өг гэхэд за тэгье гэж хэлээд машиндаа суулгаж авч яваад намайг замдаа буулгасан учир нь би согтуу байгаа тул төв рүү явж болохгүй цагдаад баригдана ш дээ гээд байсан. ...Б.Н***** нь надаас уучлалт гуйж, гэрийн ажилд маань тусалж өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг нь хөнгөнөөр шийдэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хх-14-15х, 17х),
Гэрч М.О*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг нөхөр Н*****н хамт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төвд 4-26-12 тоотод манай аав Мөнхбатын гэрт ирэхэд Б************* гэдэг хүн хашаанд нь машинаа оруулаад тавьчихсан аавтай хамт архи ууж байсан. Энэ үед манай нөхөр Н***** аав болон Б************* гэдэг хүмүүстэй хамт хашаан дотор байшингийн хажууд суугаад үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б************* гэдэг хүн, миний машины түлхүүр өг энэ машиныг хашаанаас ухраагаад гаргаад өг гээд байсан, харин манай нөхөр Н***** та согтуу машин барьж болохгүй та эрүүлдээ ирээд энэ машинаа ав гээд хоорондоо маргалдаад манай нөхөр Н***** Б************* гэдэг хүний нүүр хамар орчим нь нэг лав цохиж байж харагдсан тэгэхэд Б************* гэдэг хүний хамраас цус гарсан тэгэхээр нь би гэрээс саванд ус хийж цусыг нь угааж гар, нүүр, толгой дээр нь ус хийж өгсөн. Тэгэхэд Б************* гэдэг хүн манай нөхөртэй эвлэрээд одоо ах нь одоо дахин хэрүүл хийхгүй одоо ахыгаа айлд хүргэж өг гээд манай нөхөр бид хоёр явсан, захын ард замын уулзвар дээр буугаад үлдсэн. Хэрвээ Б************* гэдэг хүнийг согтуугаар машин барьж гарах гэж байхад нь машиныг нь өгөөд явуулсан бол ямар асуудал болох байсан эсэх талаар таашгүй согтуу машин бариулахгүй гэж хэлэхэд нь манай нөхрийг Б************* гэдэг хүн хэл амаар доромжлоод чи намайг зодчих гээд үгээр өдөөд байж харагдсан. ...” гэх мэдүүлэг (хх-24-25х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай:
1. Л.Б*************гийн биед, уруулд шарх, зүүн чамархай зулайн хуйх, дух баруун зовхи, нүдний алим, зүүн чих, баруун суга, цээж, нуруунд цус хуралт, нуруу, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг шарх, баруун нүдний цус хуралт нь тус тусдаа бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь 2022 оны 06 дугаар сарын 20-нд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой байна. ... гэх дүгнэлт (хх-30х),
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт (хх-31х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-39х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг дарга Д.Баяраагийн 14/92 тоот тодорхойлолт (хх-40х), Урианхай овгийн Б*****ын Н*****н иргэний үнэмлэхийн хуулбар (хх-41х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н***** нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Б*************г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Н*****н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
хохирогч Л.Б*************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-14-15х,17х),
гэрч М.О*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-24-25х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай дүгнэлт (хх-30х), Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт (хх-31х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Н***** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Н***** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Н***** нь хохирогч Л.Б*************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч Л.Б************* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Н*****г бусдад төлөх төлбөргүй шүүх үзлээ. (хх-17х),
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Б.Н***** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Б.Н***** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхан овогт Б*****ын Н*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*****г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Н***** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н***** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Н*****н торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*****д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН