Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 146

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух Х овогт Ө.Б,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух Т овогт А.Э,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух Х овогт Ж.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сумын ЕБС /захирал Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух, А овогт Д.Б-д холбогдох

“Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлээр ногдуулсан цалин, 2017 оны 4 дүгээр улирал, 2018 оны 1 дүгээр улиралын үр дүнгийн урамшуулал нийт 1,115,690 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б, Ж.Н, А.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Б Өргөн сумын ЕБСургуульд технологийн багшаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Тус сургуулийн захирал Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх заалт, Сургуулийн дотоод журмын 12.3.1 дэх заалтуудыг үндэслэн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудсаар авсан арга хэмжээг хууль бус гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл тус сахилгын арга хэмжээг тушаалаар мэдэгдээгүй тул шаардлага хангасан албан бичиг гэж үзэхгүй байна. Үүний улмаас 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал болох 150,000 төгрөгийг олгоогүй, санхүүгийн давхар шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Багшийн ажлыг үнэлэх дүгнэх журамд зааснаар үр дүнгийн урамшуулал олгогдох ёстой байтал 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн шалтгаан нь 11 сард сахилгын шийтгэл авагдсан гэсэн үндэслэлээр олгохгүй гэсэн хариуг өгч давхар шийтгэл ногдуулж байна. Миний үндсэн цалингийн 10% болох цалин хөлс 53,954 төгрөг, 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 150,000 төгрөг, нийт 203,954 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Ж.Н миний бие Өргөн сумын ЕБСургуульд Математикийн багшаар ажилладаг. Тус сургуулийн захирал нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх заалт, сургуулийн дотоод журмын 12.3.1б дэх заалтуудыг үндэслэн 1 сарын хугацаатай үндсэн цалинг 10%-иар бууруулах сахилгын арга хэмжээг мэдэгдэх хуудсаар авсанг хууль бус гэж үзэж байна. Дээрх заалтуудын дагуу арга хэмжээг авсан үндэслэлийг удирдлагаас асуухад: Ажил төрлийн яриа хийхэд миний мэдэхийн гурван ч удаа үг хэлсэн, надтай мэндэлдэггүй гэх мэтчилэн хувь хүний үзэл бодлоор хандсан хариуг өгч байсан. 2017 оны 4 дүгээр улирал, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй 2017 оны 11 дүгээр сард сахилгын арга хэмжээг авагдсан гэсэн үндэслэлээр 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг олгохгүй байгаа ба 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг үр дүн олгохуйц ажил хийгээгүй гэж үзэж байгаа нь давхар давхар шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. 2018 оны 1 дүгээр улиралд намайг ажил хийгээгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Би ажлаа хийгээд л явж байгаа, миний ажил оюуны ажил байдаг учир хүний гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйл харагдахгүй байх Гэхдээ би ажлын цагтаа ажил үүргээ гүйцэтгэж байгааг бүгд л мэдэж байсаар байхад намайг ажил хийгээгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байгаад гомдолтой байна. Надад авагдсан сахилгын арга хэмжээг ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би сахилгын арга хэмжээ авагдахаар зөрчил дутагдал гаргаж байсан удаа байхгүй. Захирал зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор хандаж, сахилгын арга хэмжээ авсан гэх мэдэгдэх хуудас өгсөн. Өнөөдрийг хүртэл би уг тушаал шийдвэртэй танилцаагүй. Цалин хөлс болон урамшуулал олгохгүй гэсэн үеэс эхлэн би өргөдөл гомдлоо аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандан гаргасан. Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны зөвлөмжийг Д.Б эс зөвшөөрсөн албан бичигтэй танилцсан учир уг маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний үндсэн цалин хөлсны 10% болох 53,954 төгрөг, 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 150,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 270,000 төгрөг, нийт 473,954 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. А.Э миний бие Өргөн сумын ЕБСургуульд МХУЗ-ын багшаар ажилладаг. Тус сургуулийн захирал 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх заалт, Сургуулийн дотоод журмын 12.3.1б дэхь заалт, Аймгийн Засаг даргын 2017 оны А\759 дугаар захирамжийг үндэслэн 3 сарын хугацаатай үндсэн цалинг 15%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудсыг хууль бус гэж үзэж байна. Тус арга хэмжээг өнөөдрийг хүртэл тушаалаар мэдэгдээгүй тул шаардлага хангасан албан бичиг гэж үзэхгүй байна. Надад авагдсан арга хэмжээний үндэслэлийг удирдлагаас хэлэхдээ: Даасан ангийн сурагчид нь цахим орчинд бие биетэйгээ зүй бусаар харьцсаны үйлдэл гэсэн зүйлийг хэлсэн. Гэвч уг үйлдэл нь сургалтын бус цагаар, сургуулийн орчинд үйлдэгдээгүй болно. Мөн би анги дааж авсан багшийн хувьд сургалтын бус цагаар хүүхдүүдийг байнга хаана, хэнтэй, яаж, юу хийж явааг тогтмол хянах боломжгүй байдаг. Сургуулийн орчинд биш сургалтын бус цагаар хүүхдүүд цахим орчинд бие биетэйгээ зүй бус харилцсан харилцаа хандлагыг анги даасан багшийн үйлдэл болгон надад сахилгын арга хэмжээ авч байгааг эс зөвшөөрч байна. 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг тус тус олгоогүй. 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг 11 сард сахилгын арга хэмжээ авагдсан гэсэн үндэслэлээр олгоогүй давхар шийтгэл хүлээлгэсэн. 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын үр дүнг олгохуйц ажил хийгээгүй гэж үзсэн байсан. Миний хувьд ажлаа хийгээд явж байгаа ба миний оюуны ажлыг ажил хийгээгүй гэдэг байдлаар дүгнэж байгаад гомдолтой байна. Миний үндсэн цалингийн 10% 57,782 төгрөг, 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 150,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 270,000 төгрөг, нийт 477,782 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бидэнд сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй мөртлөө бидний үндсэн цалингаас суутгал хийсэн үр дүнгийн урамшуулал олгохгүй болсон учрыг бид мэдээд 2018 оны 02-р сарын 12-ны өдөр энэ асуудлаар Дорноговь аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсан. Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооноос гарсан зөвлөмжийг эс зөвшөөрсөн хариу албан бичгийг захирал Д. Б 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн байсан. Бид сахилгын арга хэмжээ авагдсан тушаалын хуулбарыг аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороогоор дамжуулан тушаалын хуулбарыг авсан. Д.Б захирлын хувьд бид хэдэн багшийг маш их ялгаварладаг ба албан тушаалаараа далайлгасан ёс зүйгүй харьцаа хандлага гаргадаг. Бидэнд авагдсан сахилгын арга хэмжээ ч зөвхөн бидний гаргасан алдаа зөрчил биш ба хувь хүнийхээ үзэл бодлыг бидэнд тулган шаардсан сахилгын арга хэмжээ болсон гэж үзэж байна. Иймд бидний цалин хөлснөөс суутгасан суутгал үр дүнгийн урамшууллуудыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Э миний бие нь тус сургуульд МХУЗ-ын багшаар ажиллаж байна. Захирал Д.Б нь 11-р сард авсан сахилгын шийтгэлийг албан ёсоор танилцуулаагүй байсан болохоор Үйлдвэрчний эвлэлийн маргаан шийдвэрлэх комиссд гаргасан өргөдөлдөө үндсэн цалингийн 10% гэж бичиж явуулсан. Гэвч үүний дараа Үйлдвэрчний эвлэлээс тушаалын эх хувийг авч үзэхэд сахилгын шийтгэлийг 19%-иар ногдуулсан байна. Иймээс нэхэмжилж буй үндсэн цалингийн 10% буюу 57,782 төгрөгийг цуцалж, 19% буюу 109,786 төгрөгөөр тооцоолон гаргуулж өгөхийг хүсч байна” гэжээ. 

Нэхэмжлэгч Ө.Б, Ж.Н, А.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Б нар нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-н захриал хариуцагч Д.Б миний бие нь нэхэмжлэгч багш Ө.Б, Ж.Н, А.Э нартай доорх нөхцлөөр харилцан тохиролцов.

1. Багш Ө.Б 2017.11.21-ний өдрийн Б/48 дугаартай сахилгын шийтгэлийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2017 оны 4-р улирлын үр дүнгийн урамшуулалыг олгохыг зөвшөөрч байна. Үндсэн цалингийн 10% болох 53,954 төгрөг, 4-р улирлын урамшуулал 150,000 төгрөг нийт 203,954 төгрөгийг гаргуулж олгоно.

2. Багш Ж.Н 2017.11.21-ний өдрийн Б/48 дугаартай сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, мөн 2017 оны 4-р улирлын үр дүнгийн урамшууллыг олгохыг зөвшөөрч, 2018 оны 1-р улирлын үр дүнгийн урамшууллын тайланг багш өгөөгүй учир олгох боломжгүй. Үндсэн цалин 10% болох 53,954 төгрөг, 4-р улирлын урамшуулал 150,000 төгрөг нийт 203,954 төгрөгийг олгоно.

3. Багш А.Э-н 2017.11.21-ний өдрийн Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 4-р улирал, 2018 оны 1-р улирлын үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн цалингийн 19% болох 109,786 төгрөг, 2017 оны 4-р улирлын урамшуулал болох 150,000 төгрөг, 2018 оны 1-р улирлын үр дүнгийн урамшуулал болох 270,000 төгрөг, нийт 529,786 төгрөгийг тус тус олгохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү...“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ө.Б, Ж.Н, А.Э нар нь хариуцагч Дорноговь аймаг Өргөн сумын ЕБС-д холбогдуулан Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлээр ногдуулсан цалин, 2017 оны 4 дүгээр улирал, 2018 оны 1 дүгээр улиралын үр дүнгийн урамшуулал нийт 1,115,690 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Э шаардлагаа 52,004 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Б-д цалин 53,954 төгрөг, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 150,000 төгрөг нийт 203,954 төгрөг, нэхэмжлэгч Ж.Н-д цалин 53,954 төгрөг, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 150,000 төгрөг нийт 203,954 төгрөг, нэхэмжлэгч А.Э-д цалин 109,786 төгрөг, 2017 оны 4 дүгээр улиралын үр дүнгийн урамшуулал 150,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр улиралын үр дүнгийн урамшуулал  270,000 төгрөг нийт 529,786 төгрөгийг тус тус олгохоор зохигчид эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь хуулинд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас зохигчдын эвлэрсэн нийт 937,694 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 27,055 төгрөгнөөс 50 хувь болох 13,527.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Дорноговь аймаг Өргөн сумын ЕБС-н захирал Д.Б нэхэмжлэгч Ө.Б-д 203,954 төгрөг, нэхэмжлэгч Ж.Н-д 203,954 төгрөг, нэхэмжлэгч А.Э-д 529,786 төгрөгийг олгохоор эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Дорноговь аймаг Өргөн сумын ЕБС-с 13,527.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ              Б.Н