| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0219/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/222 |
| Огноо | 2022-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч С.М********,
Шүүгдэгч Д.Б******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б********од холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.Б******** нь 2022 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.М********ыг гэрт орилж орж ирлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б******** нь 2022 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.М********ыг гэрт орилж орж ирлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тосонцэнгэл сумын 5-р багт 2022 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө эхнэр Э********тай гэр бүлийн хоорондын маргаантай байж байтал манай эхнэрийн төрсөн дүү С.М******** нь орилсон орж ирэхээр нь бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд С.М********ыг гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохиж байснаа санаж байна. Тэгтэл гаднаас сумын цагдаа нар орж ирээд аймаг руу аваад явсан ...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-11, 74х),
Хохирогч С.М********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Миний төрсөн эгч С.Э********гийн нөхөр байгаа юм. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт 2022 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цаг 45 минутад миний төрсөн эгч болох Э********гийн фейсбүүк хаягаас миний чат руу "байна уу" гэсэн чаат бичсэн байхаар нь хараад утаснууд руу нь залгатал утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй байсан тул таны чаатыг сая л харлаа юу болсон бэ гэж асуухад төрсөн эгч Э******** эгчийн чаатнаас хэрүүл хийгээд байна гэсэн утгатай чаат ирэхээр нь би очих уу гэж асуугаад хариу ирэхийг хүлээж байгаад хариу ирэхгүй болохоор нь сумын хэсгийн төлөөлөгч Б.Батзоригт манай эгчийг нөхөр Д.Б******** нь дарамтлаад байх шиг байна гэх чаат биччихээд гэрийнх нь хашааны хаалган дээр машинтайгаа яваад очсон. Тэгээд хашааных нь хаалган дээр машинтайгаа сууж байтал миний төрсөн эгч Э******** эгчээс ороод ир гэсэн чаат ирсэн.Тэгээд машинаасаа буугаад гэрийнхэн гадаа явж байтал байшингийнх нь 2 давхрын цонхоор том цагаан юм унаад ирэхээр нь цочиж хашхираад гэрт гүйгээд ортол манай эгчийн нөхөр Д.Б******** хоёр давхраас бууж ирээд миний гэрт ирж хашхирлаа гээд хэл амаар доромжилж үсийг минь 2 гараараа зулгааж, 2 талын хацар луу ээлжилж маш олон удаа цохисон мөн хана руу шахаж байгаад баруун гарынхаа 4 хурууг ам руу хийж миний эрүүг гадна болон дотор талаас нь базаж маажсан. Тэгээд нүд рүү гараа атгаад ээлжлээд цохисон, нүцгэн хөлөөрөө өшиглөж байснаа бакалан гутлаа өмсөөд нуруу руу болон хэвлийн тус газар 2 удаа өшиглөсөн. Намайг ийш тийш нь чирч аваачаад хана руу шахаж орон дээр дарж зодсон. Миний төрсөн эгч С.Э******** намайг зодож байх үед болиулахыг оролдоход өөрийг нь зодох гэж заналхийлсэн. Удаагүй гаднаас сумын төлөөлөгч цагдаа хоёр орж ирээд манай эгчийн нөхөр Д.Б******** гэх хүнийг аваад явсан. Ийм зүйл болсон... Дараа нь зодож байх үед архи үнэртэж байсан хэр зэрэг хэрэглэсэн талаар сайн мэдэхгүй байна тухайн үед Д.Б******** нь гайгүй л харагдаж байсан өөрийгөө хянах чадвартай байсан... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Манай гэрт хашхирч орж ирлээ гэж цохиж зодсон байх тэрнээс биш бол бид хоёр хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй... Д.Б******** миний гэрт орж ирж хашхирлаа, чамаар амьдралаа заалгахгүй гээд хэл амаар доромжилж үсийг минь хоёр гараараа зулгааж, хоёр талын хацар луу гараа атгаж байгаад ээлжилж маш олон удаа цохисон, мөн хана руу шахаж байгаад баруун гарынхаа дөрвөн хурууг ам руу хийж миний эрүүг гадна болон дотор талаас нь базаж маажсан... Тэгээд нүд рүү гараа атгаад ээлжлээд цохисон, нүцгэн хөлөөрөө өшиглөж байснаа бакалан гутлаа өмсөөд нуруу руу болон хэвлийн орчим өшиглөсөн... Миний төрсөн эгч С.Э******** 2 хүүхэд нь байсан нөхөр Б******** бид хэд л байсан... Д.Б********ын энэ асуудал нэг биш удаа болж байгаа, тухайн үед манай эгч С.Э******** надад хэлдэггүй байсан дараа нь би мэдсэн гэхдээ цагдаагийн байгууллагад хэлж байгаагүй... Би гомдолтой байна миний эрүүл мэндэд хохирол учирсан тул эмчилгээний мөнгө төгрөг гаргуулж өгнө үү. Мөн Д.Б******** гэх хүнд гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа дээр нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ... Би гомдолтой байна. Цаашаа Улаанбаатар хот очиж хацар, хамар хоёртоо хийлгэх эмчилгээний зардлыг Д.Б********оос нэхэмжилнэ. Мөн Мөрөн сум руу нааш, цаашаа явсан зардал, хоёр өдөр ажилдаа явж чадаагүй, мөн аймгийн эмнэлэгт рентген зураг авруулсан, шүүх шинжилгээнд үзүүлсэн, эм тариа авсан мөн өмгөөлөгч авсан гэх мэт зардлууд нийтдээ 900.000-1000.000 төгрөгийн хооронд зардал гарсан. Надад одоогоор баримтууд алга байна. Зарим зүйл дээр баримт гаргах боломжгүй байсан. Шаардлагатай гэвэл баримтуудыг гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг (хх-17-19, 21х),
Хохирогч С.М******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хацар, хамар бүрэн эдгэхгүй байгаа. Нүд гайгүй болсон. ...Эмчилгээнд явж чадаагүй.Хэлний холбоос тасарсан тэр эдгэрсэн байгаа. Гэмтлийнхээ талаар хотод эмчилгээ хийлгэх гэсэн боловч оочиртой байсан учир буцаж ирсэн. 8 дугаар сарын 15-ны үеэр эмчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. ...миний үзлэг хийгдээгүй байгаа учраас хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй. Гэхдээ наад зах нь 5,000,000-6,000,000 төгрөгийн зардлын тооцоо байгаа боловч эмчилгээний бодит зардал байхгүй учраас нэхэмжлээгүй байна. Зардлаа дараа нь нэхэмжилнэ гэв.
Гэрч С.Э********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай нөхөр Б******** болон төрсөн дүү С.М******** нарын хооронд болсон асуудал болохоор ах дүү хүмүүс хоорондоо өөрсдөө учраа олох байх гэж бодож байна. Хэн хэнийг гэхэв дээ. ...” гэх мэдүүлэг (хх-28х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 361 дугаартай:
1. С.М********ын биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, баруун завж, хэлний холбоосонд шарх, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхи, хамар, баруун хацрын шонтон, зулайн хуйх, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.06.10-нд хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой байна.
3. С.М********ын биед үүссэн зүүн нүдний ухархайн ханын хугарал, баруун завж, хэлний холбоосонд шарх, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхины цус хуралт нь тус тусдаа бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хууль заасан журмын дагуу хэрэг материалд авагдсан байна. ...” гэх дүгнэлт (хх-34х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн засаг дарга Н.Сайнбилэгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт (хх-43х), Тэмээнийх овогт Д********ийн Б********ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-44х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-45х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б******** нь 2022 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.М********ыг гэрт орилж орж ирлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.Б********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч С.М********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-17-19, 21х),
Гэрч С.Э********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-28х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 361 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Б******** нь хохирогч С.М********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.
Хохирогч С.М******** нь 5,000,000-6,000,000 төгрөгийн эмчилгээний зардал гарах тооцоо байгаа гэх боловч хохирлын баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагч шүүгдэгч Д.Б********од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ авах санал гаргасан боловч шүүх шүүгдэгчийн хувиараа ажил эрхэлж байгаа түүнийгээ дуусгах шаардлага байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгчид хөдөлмөрлөх боломж олгох зорилгоор торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б******** нь торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тэмээнийх овогт, Д********ийн Б********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б******** нь торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б******** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б********ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.М******** нь цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН