Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0088

 

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0088

Улаанбаатар хот

 

 

 

 

“Б*** и*** ү***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, өмгөөлөгч Б.Б***,

  Хэргийн оролцогчид:

  Нэхэмжлэгч “Б*** и*** ү***” ХХК,

Хариуцагч Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х***, Ц.М***,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн НА-21220000080 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 817 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, өмгөөлөгч Б.Б***, хариуцагч татварын улсын байцаагч Ц.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*** нар, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш***,

Хэргийн индекс: 128/2023/0451/З.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Б*** и*** ү***” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х***, Ц.М*** холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн НА-21220000080 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 817 дугаар шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан/, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.3.3,47.5, 47.7, 47.11, 47.16.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 6, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б*** и*** ү***” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х***, Ц.М*** нарт холбогдуулан гаргасан “Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х***, Ц.М*** нарын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №НА-21220000080 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт”-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хүчингүй болсон хэм хэмжээг хэрэглэсэн, хариуцагчийн үйлдлийг зөвтгөхдөө хуулийг буруу тайлбарласан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн, мөн түүнчлэн татвар төлөгчийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн “худалдахаар ачуулсан” этгээд байна гэх зэргээр алдаатай үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үүнийг зөвтгөх зорилгоор Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасныг тус тус үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ,

3.2 Ашигт малтмалын нөөц ашиглалтын тайлан хүлээн авах баталгаажуулахтай холбоотой талуудын хооронд үүссэн харилцаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.11-д заасныг тус тус дурдсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагчийн татвараа үнэн зөв ногдуулсан эсэхэд хяналт тавих, татвар төлөгчид мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй байхад үүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу,

3.3 Маргаан бүхий актад алданги, торгууль тооцохдоо холбогдох хуулийг буруу хэрэглэсэн буюу маргаан бүхий актын 2 дахь хуудаст татварын алданги, торгуулиас чөлөөлсөн тухай дурдаад тухайн хугацаанд төлбөл зохих татварт алданги, торгууль ногдуулаагүй болно гэж заасан атлаа торгууль, алданги ногдуулсан нь логик алдаатай. Нэхэмжлэгчийг татвар ногдуулан тайлагнах үүргээ биелүүлээгүй тул гэх илэрхий алдаатай дүгнэлт өгч, улмаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэл хамааралгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ,

3.4 Хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой талаас нь бодитой үнэлээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу” гэх зэрэг үндэслэлээр тайлбарлана.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг

хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид нэхэмжлэгч “Б*** и*** ү***” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21220000080 дугаарНөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “...экспортод гаргасан төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг /ТТ-15/-ийн тайлангаар 2019 оны 11 сард 3,138.63 тн төмрийн хүдрийг тайлагнасан боловч 2019 оны 6, 7, 8, 10 саруудын экспортод гаргасан төмрийн хүдрийг тайлагнаагүй 10,589.72 тн буюу 3,856,281,142.47 төгрөгийг дутуу тайлагнасан, 2020 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд тусгаагүй 3,323.45 тн буюу 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулаагүй, Экспортод гаргасан төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг /ТТ-15/-ийн тайлангаар 2019 оны 6, 7, 8, 10, 11 саруудын экспортонд гаргасан хүдрийг 10,589.72 тн буюу 3,856,218,142.47 төгрөгөөр тайлагнаагүй, 2020 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд тусгаагүй 3,323.45 тн буюу 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй” нийт 8,967,961,190.34 төгрөгийн зөрчил гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар 82.1.2, 74 дүгээр 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 302,047,420.46 төгрөгийн нөхөн татвар, 96,772,086.57 төгрөгийн торгууль, 60,409,484.1 төгрөгийн алданги, нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татварын зөрчлөөс урьдчилсан  сэргийлэх зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий “Зөвлөмж”-ийг өгсөн.

3.2. Нэхэмжлэгч “Б*** и*** ү***” ХХК-иас тухайн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор  “...татварын улсын байцаагчид актаар төлбөр ногдуулахдаа ... төлбөрийг давхардуулан ногдуулсан” хэмээн үзэж, маргаан бүхий  нөхөн ногдуулалтын актаар тогтоосон  төлбөрөөс 897,699452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ногдуулсан 44,884,972.63 төгрөгийн үндсэн, 16,693,631,68 төгрөгийн нэмэлт төлбөр 18,473,581.3 төгрөгийн торгууль, 12,315,720.86 төгрөгийн алданги, нийт 92,367,906.48 төгрөгийн төлбөрийг бууруулж, 240,468,816.15 төгрөгийн нөхөн татвар, 78,298,505.27 төгрөгийн торгууль, 48,093,763.24 төгрөгийн алданги, нийт 366,861,084.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.

3.3. Нэхэмжлэгч “Б*** и*** ү***” ХХК татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн үлдэх дүнг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид тооцооллын тулгалт хийж, “нөхөн ногдуулалтын НА-21220000080 тоот актын 2019 онд актаар ногдуулсан төлбөрөөс Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хассан төлбөрийн дүн нь тооцооллоор тохирсон”, “татвар төлөгчийн зүгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ тооцохдоо тухайн сарын зах зээлийн дундаж ханшийг зөрүүлж тооцсон” болох нь тус тус тогтоогдсон.

4. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж,

Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж тухайлан заасанчлан татвар төлөгч этгээд нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

 

5. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  2 дугаар зүйлийн 1-т “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж өөрчилснийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон”.

6. Энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хүчингүй болсон хэм хэмжээг хэрэглэсэн”, “татвар төлөгчид мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүйд дүгнэлт өгөөгүй”, “нөхөн ногдуулалтын акт нь өөрөө логик алдаатай” хэмээн маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 6-11 дүгээр сард нийт 11,526,012 тн төмрийн баяжмалыг экспортод хилээр гаргасан болох нь гаалийн экспортын мэдээллээр тогтоогдсон бөгөөд үүнээс зөвхөн 11 сард экспортод гаргасан 3,138.63 тн төмрийн баяжмалын хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

7. Маргаан бүхий цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон МонголБанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” хэмээн тухайлан заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн “худалдахаар ачуулсан этгээд” болохын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар тайлагнах, төлөх үүрэгтэй.  Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хариуцагчийг мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тухайн зөрчлийг үгүйсгэх боломжгүй.

8. Тооцооллын зөрүү болон логик алдаа гэх үндэслэлийн тухайд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 15 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад давхардуулан ногдуулсан төлбөрийг бууруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тооцооллыг тулгасан үйл баримт тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА

             ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

             ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА