Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 02

 

Г.О холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай           

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогч Д.Г,

Шүүгдэгч Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О давж заалдах гомдлоор, Г.От холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 2-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 2-4 тоотод оршин суух, ДЮ93112811 регистрийн дугаартай, Бэрээшиг овогт Г. О нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Д.Г зодож биед нь баруун, зүүн доод зовхи, хамрын нуруу, зүүн бугалаганд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

Анхан шатны шүүх Шүүгдэгч Бэрээшиг овогт Г. От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 400 /хоёр зуу/ цагийн хугацаагаар

2.

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.О сануулж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэч Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Г.О миний бие 1 нас 3 сартай хүүхдээ байнга хардаг иймд ажил хийгээд явах боломжгүй хүүхэд харах хүнгүй байгаа тул ажлын хоногийн шийтгэлийг мөнгөн торгуулийн доод хэмжээгээр сольж өгнө үү. Мөн торгуулийн хэмжээ өндөр бол ажил хийдэгүй хүүхдээ хардаг боломжгүй байдаг зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгуулах хүсэлттэй байна. Мөн прокурор нь хохирогч Д.Г гомдолгүй гэсэн хүсэлтийг буцааж өгсөн гэжээ.

Хохирогч Д.Г давж заалдах шатны шүүхэд гарсан гомдол тайлбартаа: Надад ямар нэгэн гомдол санал байхгүй манай нөхөр Г.О оноосон албадан ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 35 байрны 2-4 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч  Д.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ.

 

Энэ үйл баримт нь хохирогч Д.Г: “Г.О нь охиноо тэвэрч байгаад унагаалаа гэж түүнийг хамар, нүүр, гар руу нь гараараа цохиж зодсон” тухай мэдүүлэг,

3.

Гэрч П.Дэмчигсүрэнгийн: “Хотод байхдаа интернэтээр охиныхоо царайг харахад нүд, нүүр нь хавдаж, хөхөрсөн байсан” тухай мэдүүлэг,

Гэрч А.Цэрэндэжидийн: “2018 оны 10 дугаар сарын 11-ны үед хүүгээ гэрлүүлэх гээд хотод очсон байхдаа Д.Г нь Г.Од зодуулсан талаар мэдсэн бөгөөд нүд нь хавдаж, хөхөрсөн байсныг пэйсбүүкээр явуулсан зургаас харсан” тухай мэдүүлэг,

Гэрч Г.Нандин-Эрдэний: “2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Гүндэгмаатай уулзахад нүүр нь хавдаад хамар нь тэгширсэн хоёр нүд нь хөхөрсөн байдалтай байсан бөгөөд маргааш нь мазаалайтай хөшөөний хажууд уулзахад Г.О зодоод нүд нүүрийг нь ийм болгосон гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

Шинжээч Т.Алтайбаатарын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн: “Д.Г биед баруун, зүүн доод зовхи, хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,

Хэсгийн байцаагч С.Оюун-Эрдэний: “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчийн эрсдлийн түвшин өндөр гэж үнэлсэн аюулын зэргийн үнэлгээ” зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

2016 онд танилцаж дундаасаа охинтой болж хамтран амьдарч байсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Г гараараа цохиж санаатай, гэм буруутай үйлдлээр түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгч Г.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Г.О тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шүүгдэгчид ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улсаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн талаарх шүүгдэгч Г.О давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН

                                        ШҮҮГЧИД                               Ш.БАТТОГТОХ

                                                                                     Ч.ЭНХТӨР