Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 632

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 24-р байрны 26 тоотод оршин суух, Б- нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, 11-р хэсэг, 7-р байрны 2а  тоотод оршин суух, Т- холбогдох, 

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.Т-ай 2004 оноос хойш хамтран амьдарч. 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Б.Т- анхнаасаа л надад гар хүрдэг, харддаг байсан. Би Б.Т-ийн санаанд таарч тохирдоггүй. Сүүлийн үед харцаараа хөдөлгөж ингэ тэг ийм ч юм болохгүй байна гэж таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байна. Миний буруу байгаа байх гээд амьдралаа бодъё гэсэн үүднээс өдий хүртэл тэвчиж ирсэн. Хүүхдээ төрсний дараа нэг сартай нялх биетэй байхад минь ална, тална хэлэх ярих хүн байдаг юм бол хэл гэж хэлэхээр нь Хөвсгөл аймаг руу аав, ээж рүүгээ анх удаа хэлсэн. Харин аав, ээж маань Хөвсгөл аймгаас Цагдаад дуудлага өгсөн. Одоо надад тэвчих тэвчээр байхгүй учраас Б.Т-аас гэрлэлтээ цуцлуулж, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Элбэгийг өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаанаа жич шийдвэрлүүлнэ гэв.

            Хариуцагч Б.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүнийг харцаараа хөдөлгөнө гэж юу байхав дээ. Өөрөө бас хүнд дарамт үзүүлдэг л хүн. Одоо болохоор байнга зодож цохидог юм яриад байна. Энэ хүний ярьж байгаад үнэхээр харамсаж байна. Энэ хүнд ичих булчирхай ч алга.Б-ийг алгадаж байсан үе байгаа. Тэрнээс зодож цохьсон зүйл байхгүй. Би тийм харгис хүн биш. Би хоёрдугаар зэргийн хардалттай. Хардалт, секс хоёроос болж цохиж зодсон зүйл байхгүй. Энэ хүн надад хайртай биш. Би өөрөө хайртай гэж бодож явдаг байсан.Б- надад ярилцах боломж олгоогүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. БиБ-ийг гадагшаа явах юм уу, олон хоногоор явах тохиолдолд хүүхдээ авна. Мөн хадмуудаар хүүхдээ харуулахгүй. Хүүхдийн тэтгэлгийг одоо өгөх надад боломж байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Бямбадорж нь хариуцагч Б.Т- холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Бямбадорж, хариуцагч Б.Т- нар нь 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, 2007 оны 8 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан, хамтран амьдарч байх хугацаандаа 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Элбэгийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар 26-ны өдрийн захирамжаар гэрлэгчдийг 3 /гурав/ сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч 2018 оны 04 дүгээр 10-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр гэрлэгчид нь эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2014 оны 03 дугаар сарын 03-нд төрсөн хүү Т.Элбэгийг эх Т.Бямбадоржийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Т-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаанаа жич шийдвэрлүүлнэ гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Булуу овогт ТовуутогтохынБ-, Гөрөөчин овогт Баатарсүрэнгийн Т- нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Элбэгийг эх Т.Бямбадоржийн асрамжинд үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Элбэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Т-аар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.Т-, эх Т.Бямбадорж нарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 29 836 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Зохигчид эд хөрөнгийн маргаанаа жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА