Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2018/00524

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, суух Э-

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сумд байрлах “Х-” *******

 

“256,880 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Миний бие ******* нь “*******-Ирээдүй” ХЗХ-ны гишүүн бөгөөд тус байгууллагаас өмнө нь зээл авч байсан одоогоор энэ байгууллагыг хохиролгүй болгож, өр төлбөргүй байгаа, гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох 256,880 төгрөгийг авъя гэдэг хүсэлт 2017.11.13-нд өгсөн боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаа тул энэхүү мөнгийг гаргуулж өгнө үү. Би  ******* ******* хадгаламж зээлийн хоршоонд 2010 онд гишүүнээр элсэлж орсон. Тус хоршооноос 6-7 удаа зээл авч, зээлээ цаг хугацаанд нь төлж байсан. Хамгийн сүүлд авсан зээлийн төлөлтийг хойш татсан. Харин ******* ******* хадгаламж зээлийн хоршоо нь 2016 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2,313,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 1,643,733 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Тэгээд тус хоршоог хохиролгүй болгосон учраас гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох 256,880 төгрөгийг буцаан авъя гэсэн хүсэлтийг тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч талаас 256,880 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* нь тус хоршооноос 2010 оноос 2013 он хүртэл нийт 10 удаа зээл авч цаг хугацаанд нь бүрэн төлж, зээлээ хаадаг байсан.  Хамгийн сүүлд 2013.11.07-нд 2,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Харин ******* нь эвлэрэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд хэрэг шүүх рүү шилжиж шүүхийн шийдвэрээр *******ээс 1,643,733 төгрөг гаргуулж, үлдэх 684,267 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр ******* ******* хадгаламж зээлийн хоршоонд 684,267 төгрөгийн хохирол учирсан. Уг асуудлаар тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаж, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, журмын хэрэгжилтийг нь хангуулах” гэж заасныг үндэслээд Тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын 3.1.12-т “зээлийн багц, зээлийн ангиллын чанарт байнгын хяналт тавьж хугацаа хэтэрсэн зээлийг судлан гишүүдийг зээлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай тохиолдолд зээлийн нөхцөлийг өөрчлөх, шүүхийн байгууллагад шилжүүлэх, зээлийн үлдэгдлийг гишүүний хадгаламж болон хувь нийлүүлсэн хөрөнгөөс хааж, хоршооны гишүүнээс гаргах шийдвэр гаргана” гэж  заасны дагуу 684,267 төгрөгийн хохирлоос гишүүний хувь нийлүүлсэн 256,880 төгрөгийг хасч, үлдэгдэл 427,387 төгрөгийг эрсдэлийн сангаас гаргуулах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу асуудал шийдвэрлэгдсэн.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймаг ******* сум *******-Ирээдүй *******-хадгаламж зээлийн хоршоонд холбогдуулан 256 880 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч  ******* нь гишүүнээс гарсан тул  оруулсан хувь хөрөнгө болох 256 880 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд хариуцагчийн төлөөлөгч ...2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс 2 313 000 төгрөгийн балансын өртэй байснаас шүүхийн шийдвэрээр 1 588 212 төгрөг төлөгдөж, зөрүү  684 267 төгрөг нь балансад учирсан хохирол, оруулсан хөрөнгийг хоршооны дүрмийн 3.1.12-т зааснаар суутган авч, үлдэх төлбөр 427 387 төгрөгийг хоршооны эрсдэлийн сангаас  төлөхөөр шийдвэрлэсэн тэргүүлэгчдийн тогтоолтой тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч Дархан-Уул аймаг ******* сум *******-Ирээдүй *******-хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.

Нэхэмжлэгч ******* нь хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгө буюу хадгаламж, зээлийн хоршооны гишүүний  оруулсан хувь хөрөнгө 256 880  төгрөг болох талаар маргаагүй байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг ******* сум *******-Ирээдүй *******-хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэгч *******т гишүүнчлэл бүхий хадгаламж, зээлийн хоршоондоо мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах эрхийх нь дагуу гишүүн байх үед нь хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх үүргээ хэрэгжүүлэн  нийт 10  удаагийн зээлийн үйлчилгээ авсан, үүнээс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авсан 2 000 000 төгрөгийн зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс зээл, хүү, тэмдэгтийн хураамж 2 313 000 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн хуримтлал үүсэж энэ талаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 633 тоот шийдвэрээр ******* нь ******* Ирээдүй ХЗХ-нд 1 588 212 төгрөг төлөхөөр, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлэх үүргээ биелүүлээгүй үед албадан гүйцэтгэнэ гэснээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж шийдвэрээр төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулсан энэ талаар маргаангүй.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 633 тоот шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулсны дараа ******* Ирээдүй хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаанаар гишүүн *******ийн хоршооны гишүүнээс гарах хүсэлтийг хэлэлцсэн байна.

Дээрхи хуралдаанаар хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь энэ хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг иргэн хувийн өмчийн хөрөнгөөр, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр бүрэн барагдуулна гэж хуульчилсан болон хоршооны дүрмийн 3.1.12 …зээлийн багц ,зээлийн ангиллын чанарт байнгын хяналт тавьж хугацаа хэтэрсэн зээлийг судлан гишүүдиийг зээлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай тохиолдолд зээлийн нөхцөлийг өөрчлөх, шүүхийн байгуулагад шилжүүлэх, зээлийн үлдэгдлийг хувь нийлүүлсэн хөрөнгөөс хааж, хоршооны гишүүнээс гаргах гэх мэт шийдвэр гаргаж болно гэснээр ...Шүүхэд 2 313 000 төгрөгийг нэхэмжлэн өгснөөс шүүх үндсэн төлбөр 1 513 215 төгрөг, хүү 75 000 төгрөг тэмдэгтийн хураамж 40 251 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснээс ******* 2017 оны 10 дугаар сарын 30-нд төлж дууссанаас төлөлтөөс 684 267 төгрөг үлдэж хоршоонд хохиролтой байгаа тул хувь нийлүүлсэн хөрөнгө болох 256 880 төгрөгийг зээл рүү нь татаж үлдэгдэл 376 409 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас төлх шийдвэр гарган, гишүүнээс гаргаж шийдвэрлэсэн байна.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүнээс мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш бусад тооцоог 30 хоногийн дотор хийхээр хуульчилсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсон, энэ шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр хуульчилсан байхад шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр хэрэгсэхгүй болсон 684,267 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хоршоонд учирсан хохиролд тооцон хувь нийлүүлсэн хөрөнгө болон зээлийн эрсдэлийн сангаас нөхөн төлүүлсэн нь буруу байна.

 Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7 –д энэ хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон хязгаарын хүрээнд хувь хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хөрөнгө авах эрхтэй гэж хуульчилсан байна.

            Хариуцагч ******* Ирээдүй ХЗХ-ны дүрэмд хувь нийлүүлсэн гишүүн өөрөө гишүүнээс гарах, хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр гишүүнээс түдгэлзүүлэх, гишүүнээс хассан тохиолдолд хувь нийлүүлсэн хөрөнгийг хэрхэн буцаалт хийх талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгч *******ийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 256 880 төгрөгийг ******* ******* ХЗХ–оос гаргуулан олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  ...******* авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаа хожимдуулсан, авсан зээлийг бусад гишүүнд зээлдүүлсэн бол хоршоонд ашиг орж ирэх байсан... гэсэн тайлбарлаж байгаа боловч  татгалзалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7-д зааснаар хариуцагч *******-Ирээдүй хадгаламж зээлийн хоршооноос 256,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 8,356 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-Ирээдүй хадгаламж зээлийн хоршооноос 8,356 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ