Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2018/00530

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, суух Б-нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, суух Э-,

 

“7,147,630 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие нь *******тай 2013 онд танилцаж 2016 оныг хүртэл танилын харилцаатай байсан бөгөөд 2016 оны 8-р сараас эхлэн хамтран амьдарсан болно. Гэвч бид хоорондоо таарч тохироогүй байнгын үл ойлголцол, хэрүүл тэмцэлтэй байх болсон тул хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 4 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдарч эхлэх үед ******* нь ******* УБУ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашин зээлээр худалдан авсан байсан бөгөөд надаас “Боломжтой болох үедээ буцаагаад өгнө. Банкны зээлийг маань төлөөд өгөөч” гэж гуйгаад байхаар нь би түүний автомашины зээлийг 2016.08.22-ны өдрөөс эхлэн төлж, 2017.01.30-ны өдөр 4,108,930 төгрөгөөр зээлийг нь бүрэн хаасан юм. Дээрх автомашин нь одоо хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй, түүний эзэмшил ашиглалтад байгаа боловч автомашины зээл төлсөн нийт 6,077,430 төгрөгийг өнөөг хүртэл надад буцааж өгөөгүй. Мөн хариуцагч ******* нь тусдаа амьдарч эхлэхийн өмнө надаас 1,000,000 төгрөг зээлж авсан ба тусдаа амьдарч эхэлснээс хойш утсаа авахгүй, хэл чимээгүй алга болж, миний бие арга буюу түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулсан болно. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,077,430 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөг  нийт 7,147,630 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Энх-Оюунтай 2013 онд танилцаж 2014 онд гадаадад сурахаар явсан. 2016 оны 7 дугаар сард Монголд буцаж ирээд 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл Энх-Оюунтай хамт амьдарсан. *******ийг гадаадаас ирэх үед Энх-Оюун нь 5788 УБУ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг худалдан авсан байсан хэдий ч “Зээл төлөх боломжгүй учраас зээл төлж өгөөч. Санхүүгийн боломжтой үедээ эргүүлэн төлнө” гэж *******өөс гуйсан. Тиймээс ******* 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 6.077.430 төгрөгийг Энх-Оюуны нэрийн өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Хариуцагч мөн 2017 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөг зээлдүүлээч гэж өөрийн дансаараа 1.000.000 төгрөг авсан. Талуудын хооронд 2017 оны 2 дугаар сараас эхлэн  үл  ойлголцол бий болж 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарсан. Түүнээс хойш Энх-Оюун нь *******тэй холбоо барихгүй алга болсон учраас Энх-Оюуны нэрийн өмнөөс зээлд нь төлсөн мөнгөө шаардах гэтэл хаягийг нь мэдэхгүй байсан учраас эрэн сурвалжлуулсан.  Иймд нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагад Энх-Оюуны нэрийн өмнөөс төлсөн зээл, зээлдүүлсэн 1.000.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан.” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Зээлийн гэрээний үүрэгт 7,077,430 төгрөгийг, эрэн сурвалжлуулсан 70,200 төгрөг тус тус нэхэмжилсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018.03.27-ны өдөр гардан аваад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Би *******тэй 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарч, ******* миний банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 4.108.930 төгрөгийг төлсөн нь үнэн. Харин 1.000.000 төгрөгийг надад зээлээгүй. 1.000.000 төгрөгийг бид хамт амьдарч байх хугацаандаа хэрэглэсэн. ******* 2016 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сум руу  ажиллахаар болсон. Тухайн үед намайг ажлаасаа чөлөө авчих гээд надаар цалингүй чөлөө авахуулж хамт явсан.  Тэр үед намайг банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсныг мэдэж байсан бөгөөд миний зээлийг төлнө гэж хэлсэн. Тэгээд бид Дорнод аймгийн Баян-Уул сум руу очиж хамт амьдарсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сард ******* тушаал ахиж Улаанбаатар хотод ажиллахаар болсон тул бид аавынх нь гэрч очиж 5 сар хүртэл хамт амьдарсан. Улаанбаатар хотод байхад би *******ийн аавыг асардаг байсан хэдий ч ******* бид хоёрын харилцаа таарамжгүй байсан тул салсан. ******* эхнээсээ миний зээлийг төлнө гэж хэлж байсан юм.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хавтас хэргийн 7-18 хуудсанд нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга авагдсан байна. Энэ хуулгаас харахад ******* нь Энх-Оюуны нэрийн өмнөөс зээл төлсөн болон 50.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг хүртэлх мөнгийг шилжүүлж байсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь хамтын амьдралтай байснаа үгүйсгээгүй. Хамтын амьдралтай байсан гэдгээрээ талууд эдийн засгийн хувьд нэг санхүүтэй байсан. Хаан банкны дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт хангахгүй байна. Уг Хаан банкны дансны хуулгын 5, 18 дугаар хуудсан дээр тамга дарагдсан. Харин бусад хуудсанд тамга дарагдаагүй. Тиймээс 5 болон 18 дугаар хуудсаас бусад хуусдыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Зохигчид хамтын амьдралтай болохдоо нэхэмжлэгч Монголд байгаагүй учраас хариуцагчийн нэрээр зээл авсан. Тэгээд цаашид хамт амьдарч автомашинаа хэрэглэнэ гэж байсан нь 2016 оны 6 дугаар сарын автомашины лизингийн баримтаас харагдана. Банк бус санхүүгийн байгууллагын үүргийг Энх-Оюун хүлээж байгаа боловч талууд харилцан тохиролцоод Энх-Оюуныг ажлаас нь гаргаж хил дээр хамт очиж амьдарсан. Түүнийг талууд үгүйсгээгүй. 2016  оны 8 дугаар сараас 2017  оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг ******* төлөхөөр тохиролцсон нь төлбөрийг гүйцэтгэж байгаа байдлаас харагдаж байна.  Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар төлбөр шаардаж байна гэж байгаа боловч мөнгө шаардах үндэслэл болсон Хаан банкны дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ******* нь Энх-Оюуны данс руу 2017 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөг шилжүүлсэн.  Гэхдээ үүнээс өмнө нь удаа дараа тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Энх-Оюунд шилжүүлсэн мөнгөө харж байгаад хамгийн өндөр дүнтэй мөнгөн дүнгээ хариуцагчид зээлсэн гэж нэхэмжилсэн. Талуудын хооронд зээлийн харилцаа бий болсон гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн харилцаа үүссэн бол хугацаа хүү алдангийг тооцох ёстой байсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар дээрх мөнгийг шаардах эрхгүй. Энх-Оюуныг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 70.200 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч ******* нэхэмжлэл гаргахаасаа өмнө Энх-Оюунтай холбоо бариагүй.  Энх-Оюун гэр бүлтэй болсон гээд өөрийн гэрээсээ явсан. Гэтэл одоо гэр бүл, ажилгүй болсон. Одоо энэ хүнийг ажилд авах хүн байхгүй. ******* нь Энх-Оюуныг эрэн сурвалжлуулахаасаа өмнө мөнгө өг гэж хэлж шаардаагүй. Хамт амьдарч байсан хүмүүс мөнгө шилжүүлж байснаа зээлийн харилцаа гээд эрэн сурвалжлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэх нотлох үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 7,147,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Нэхэмжлэгч ******* ...Хамтран амьдрах үед автомашин зээлээр худалдан авсан байсан. Надаас боломжтой үедээ буцаагаад өгнө. Банкны зээлийг төлөөд өгөөч гэхээр нь зээлийг төлсөн. Зээлд төлсөн 6,077,430 төгрөг, надаас зээлсэн 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж, хариуцагч ******* ...Бид хамтран амьдарч байсан. ******* Дорнодын сум руу Тагнуулын газраас хуваарилагдан ажиллахаар болж би ажлаас гарч цуг явсан. Би ажлаа хийж байсан бол энэ зээлээ төлөх боломжтой байсан, төлж байсан. Тэгээд ******* графикийн дагуу төлж байгаад, хүү төлөөд яахав бөөнд нь төлчихье гээд төлсөн. Би 1,000,000 төгрөг зээлж аваагүй, бид хамтран амьдарч байсан тул хэрэгцээндээ зарцуулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би ажилдаа эргэж орж чадаагүй, ажилгүй  болж хохирсон... гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар 2013 онд танилцан 2016 он хүртэл харилцаатай байж 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан энэ талаар маргаангүй байна.

            Хариуцагч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Жи Эс Би Капитал” ББСБ-тай “Хэрэглээний зээлийн гэрээ”-г 24 сарын хугацаатай  байгуулж 6,000,000 төгрөгийг  зээлж,  2016 оны 08 дугаар сар хүртэл зээлийн үүргээ сарын цалингаас төлж байсан бөгөөд нэхэмжлэгч *******ийг Дорнод аймагт томилогдон ажиллах болсноор 2016 оны 08 дугаар сарын 25-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажлаас цалингүй чөлөө авсан тул зээлийн төлөлтийг ******* 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 5 удаа 317,000 төгрөгөөр төлж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,108,930 төгрөгөөр нийт 5,677,430 төгрөг төлснөөр зээлийн үүрэг дуусгавар болж зээлдэгч “Жи Эс Би Капитал” ББСБ-тай байгуулсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний зүйл болсон Toyota Prius маркийн ******* УБУ гэсэн улсын дугаар бүхий машин *******ы өмчлөлд шилжсэн, ******* 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...автомашины зээл төлсөн нийт 6,077,430 төгрөг төлсөн... гэж байгаа боловч ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  зээлийн эргэн төлөлтөд нийт 5,677,430 төгрөг төлсөн байна.

            Зохигчид энэ үйл явдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч *******ы  өмнө зээлийн гэрээний үүргийг биелүүлснээ ...Зээл төлөөд өгөөч буцааж өгнө гэж... хариуцагч  ******* ...Хамт амьдарч байсан, томилолтоор Дорнод аймагт ажиллахаар явах үед би гэр бүлийн хүний хувьд даган явах болсноор ажлаас гарсан, цалин орлогогүй болсон тул ******* би төлнө, мөн хүү төлөөд яахав бөөнд нь дуусгачихья гэсэн, буцааж өгнө гэсэн яриа болоогүй... гэж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч ...******* хариуцагч *******ыг дарамталж, албан хүчээр дагуулж явсан зүйлгүй, сайн дураараа явсан, *******ы зээл төлбөрийг төлснөөр үүргээсээ чөлөөлөгдсөн тул нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар 2013 онд танилцан 2016 он хүртэл харилцаатай байж 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан тул Toyota Prius маркийн ******* УБУ гэсэн улсын дугаар бүхий машин *******ы өмчлөлд шилжсэн, хөдлөх хөрөнгийн үнийн зарим хэсгийг ******* төлсөн тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1...Хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр хамтран өмчилж болно гэснээр дундын өмч байна.

            Иймд Иргэний хуулийн 108 дугаар 108.8-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч *******ы өмчлөлд байгаа Toyota Prius маркийн ******* УБУ гэсэн улсын дугаар бүхий машины зээлд төлөгдсөн дүн  болох 313,700 төгрөгөөр 5 удаа зээл төлсөн, 4,108,930 төгрөгөөр зээл хаасан  нийт 5,677,430 төгрөгийн 50 хувь болох 2,838,715 төгрөгийг  Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д  дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэснээр *******аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож 2,838,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй байна.

Хариуцагч *******д 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр  шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар  зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ талаархи шаардлагыг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хүсэлт гаргагч *******  улсын тэмдэгтийн хураамж төлсөн  нь нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч ******* улсын бүртгэлтэй хаяг болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Тэнүүн хотхон, 25а байр, 12 тоот хаягт оршин сууж байгаа, харьяалах  анхан шатны шүүхээс болон  ******* маргаантай холбоотой асуудлаар холбогдоогүй гэж тайлбарлаж уг зардлыг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******т зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр харьяалах шүүхэд хандахад иргэний эрх зүйн маргаанд  хариуцагчаар оролцох болон эвэлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох этгээд болох *******ы хаяг тодорхой бус байсан талаархи нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ талаар шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 129,320 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,369 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Ю.Энх –Оюун Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Тэнүүн хотхон, 25а байр, 12 тоот хаягт улсын бүртгэлийн хаягтай боловч , түүний түр оршин сууж байгаа хаягийн дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргааныг хянан шийдвэрлэх талаар зохигчид маргаан гаргаагүйг дурдаж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 2,838,715 төгрөгийг   хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, 3,308,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас  1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 129,320 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,369 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ