Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч С.Д********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С**********ын Д**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:(яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Д********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр баг 15-13 тоотод хохирогч М.С**********ын дээлийн өврөөс 2,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр баг 15-13 тоотод хохирогч М.С**********ын дээлийн өврөөс 2,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. нөхөр бид хоёр гэртээ танил хүн болох П**********ийн хамт архи уугаад сууж байтал гаднаас С********** орж ирсэн. Тэгээд сууж байтал гаднаас С********** орж ирсэн. Тэгээд сууж байтал С********** бид нарт 0,75 литрийн 2 шил Хараа нэртэй архи авч өгсөн. Авч өгсөн архийг бид дөрөв хувааж уусан. Архи уугаад сууж байтал гаднаас манай хүү болох М**********, эхнэр Н**********н хамт орж ирсэн. Миний хувьд нэлээн согтсон байсан учир С**********ын мөнгийг авсан үгүйгээ сайн санахгүй байгаа. Манай хүүхдүүд болохоор намайг авсан гээд байгаа. ...би гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлыг төлж барагдуулна.  ...” гэх мэдүүлэг (хх-59х),

Хохирогч М.С**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 09 дүгээр багийн 15-13 тоотод танил Х********** түүний эхнэр Д********** урд гудамжны суга таягтай хүн гурав архи уугаад сууж байсан. ...тэгээд тэр архинаасаа надад өгсөн би архи уудаггүй тул амархан согтсон. ...өглөө 11 цагийн үед сэрэхэд миний өвөрт байсан 2,500,000 төгрөг алга болсон байсан тухайн үед гэрт Х**********, энхэр Д**********тэйгээ хамт байсан. Би өвөрт байсан мөнгөө тэр хоёроос асуухад аваагүй мэдэхгүй гэж надад хэлсэн. Д********** тухайн үед надад хэлэхдээ хүү болох М**********ийг аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тэдний хүүхэд М**********аас асуухад Х**********, Д********** хоёр авсан гэсэн. М**********ийн эхнэр Н********** миний мөнгийг Д********** өмднийхөө дотор талд хийсэн байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Х**********ынд очоод та нар авсан байна цагдаа дуудна гэхэд тухайн мөнгийг Х**********, Д********** хоёр хүлээн зөвшөөрөөд хуулийн газарт битгий мэдэгдээрэй гурав хоногийн дараа мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь би тухайн үед цагдаа дуудалгүй орхисон. ...би өөрөө хувиараа 68 төрлийн эмийн ургамал зардаг. Тухайн мөнгө нь би ургамлаа зараад цуглуулсан мөнгө байсан юм. тухайн үед М**********, Н**********, П********** нар хамт байсан. Тэд нар сайн мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг (хх-16-17х),

Гэрч Д.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10 цагийн үед гэрээсээ эхнэрийн дүү болох П**********ийн хамт ээж Д**********гийн гэрт очсон гэрт нь ээжийн хамтран амьдрагч Х********** ах, ээж Д**********, С********** ах гурав байсан. Хоёр шил Стандарт нэртэй архи авч ирж бид нар уусан. ...15 цагийн үед манай эхнэр Н********** ээжийнд ирээд...би ганцаараа тэндээс явсан...тэгээд би 20 цагийн үед ээжийнд ирэхэд П********** тасраад унасан байсан. С********** ах согтуу унтаж байсан. Хүрлээ ах их согтолттой байсан. Ээж болохоор мөн согтуу байсан. ...маргааш өглөө нь С********** ах П**********тэй хамт манайд ирээд чамайг миний мөнгө авсан гэж Д**********, Х********** хоёр хэлсэн гэхэд манай эхнэр Н********** намайг ногоо ачуулахаар дуудахад манай ээж Д********** авсан өмдний дотор талд хоёр боодолтой зүйл харагдсан тэр нь мөнгө бололтой байсан гэж надад хэлэхээр нь би С********** ахтай хамт ээжийнд очиж та авсан байна шдээ гэхэд С********** цагдаа дуудъя гэхэд ээж Х********** хоёр битгий цагдаа дуудаач гурав хоногийн хугацаанд мөнгийг нь гаргаж өгье гэж хэлсэн. Тэр үед манай ээж болох Д********** 17,000 төгрөг С********** ахад өгч байсан ...тухайн үед мөнгө алга болсон талаар ярьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хх-19-20х),

Гэрч Ц.П**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М********** намайг ээжийнд хамт очъё гэхээр  нь Д********** эгчийнд очсон. Тэднийд Х********** ах, Д********** эгч, С********** ах нар архи уусан бололтой байсан бөгөөд дөнгөж сэрж байсан. Архи нь гараагүй байсан тэгсэн Д********** эгч бид хоёр дэлгүүр яваад хоёр шил Стандарт авч ирсэн...тухайн үед С********** ах орон дээр би газар унтаж байсан...намайг толгойгоо угааж байхад С********** ах мөнгө алга болсон байна гээд намайг нэгжсэн. Х********** ах, Д********** эгч хоёр М**********ийг авсан гэж С**********од хэлэхээр нь намайг С********** ах дагуулаад М**********ийн гэрт очсон. Тэгэхэд М********** гэртээ эхнэр хүүхэдтэйгээ орондоо хэвтэж байсан. С********** ах мөнгөө авъя гэж дайрахад нь эхнэр нь Х**********ын эхнэр тэр мөнгийг чинь авсан тэр мөнгөө өмднийхөө дотуур хийсэн байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь М**********, С********** ах бид гурав буцаад Х**********ын гэрт нь очсон. Тэгээд С********** та хоёр миний мөнгийг авсан байна гэж Х**********, Д********** нарт хандан хэлээд цагдаа дуудах гэхэд гурав хоногийн хугацаа өгчихнө ногоонд явсан мөнгө орж ирнэ гэж хэлээд Д********** халааснаасаа бутархай мөнгө гаргаж өгсөн. Миний бодлоор С********** ахаас хулгайлж авсан мөнгөнөөсөө өөрт байсан бутархай мөнгөө өгч байна гэж бодсон. ...” гэх мэдүүлэг (хх-25-26х),

Гэрч О.Н**********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө нөхөр М********** хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад манай төрсөн дүү П********** манай ирсэн. Манайд ирээд М**********тай хамт Х**********ынд очно гэж хамт явсан. Тэр өдөр 14 цагийн үед Батаа гэх хүн М**********ийг ногоонд авч явахаар манайд ирсэн тэгэхээр нь тэр ахтай хамт Х********** ахынд очиход Х**********, М**********, Д**********, С**********, П********** нар бүгд согтуу байсан. Тэгээд би тэндээс М**********ийг Батаа ахтай хамт ногоонд явуулсан. Тухайн үед гэрт их олон шилтэй архи байсан ямар мөнгөөр авсан юм бэ гэхэд Д********** ногооны мөнгө орж ирсэн гэж хэлсэн. Намайг тэднийд байхад Х********** ах хадам ээж Д********** хоёр манай хүү бид хоёрыг юу авхуулах уу гээд дэлгүүр дагуулж ороод манай хүүд буу авч өгсөн. Өмнө дэлгүүр дагуулж явсан удаа байхгүй. Тухайн үед дэлгүүрээс юм авахад өмдөн дотор нь шилбэний тушаа хоёр хөлийн дотор талд нь боодолтой мөнгө байсан учир нь тэр мөнгөө согтуу байхдаа таллаж гаргаж ирээд байсан. Тэгээд намайг гэртээ оруулж архи гээд байхаар нь би татгалзаад би хүүхдээ дагуулаад гэртээ харьсан. ...миний анзаарч харснаар өмдний дотор талд хүний нүдэнд анзаарагдахаар нэлээн зузаан тавт, аравтын мөнгөн тэмдэгт харагдсан...хадам эх Д********** ногооны цалин буусан пиздаа яахын гэж байсан...хадам ээж Д********** 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирээд зөндөө мөнгө байсан хаячихсан байна пиздаа гэж ярьж байсан. Халамж болон группийн мөнгөө авч өгнө гэж С********** ахад хэлсэн байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-28-29х),

Гэрч П.Х**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үйл явдал болсон сар, өдрийг санахгүй байна. Намайг Мөрөн сумын 09-р баг 15-13 тоотод байх гэртээ эхнэр Д**********, урд талын гудамжны залуу Түвшин бид нарыг гэрт архи уугаад сууж байхад С********** манайд ирсэн. Ер нь би тухайн үед болсон үйл явдлыг нэг бүрчлэн дэс дараалалтай санахгүй байна. Тэгээд С**********ыг манайд ирээд хоёр дахь хоногийн өглөө нь С********** мөнгө алга болсон байна гэсэн. Тэр үед манай эхнэр Д********** М********** мөнгийг чинь авсан гэж хэлсэн. Тэгж хэлэхэд М**********ийн гэр рүү С********** П**********г дагуулаад явсан. Тэгээд удалгүй ирээд манай эхнэр Д**********г мөнгө авсан гэж хэлээд цагдаа дуудах гэтэл Д********** орны ширдэг доороос хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй мөнгө гаргаж ирээд С**********од өгсөн. ... Д********** тухайн мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд буцаагаад өгч байна гэж би ойлгосон. ...” гэх мэдүүлэг (хх-31-32х),

Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д**********, Х********** нарыг танина. Миний ажилладаг дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг үйлчлүүлэхдээ согтууруулах болон хоол хүнсний материалаа авдаг. ..би өдрийг нь санахгүй байна Д**********, Х********** гэх хүмүүс хүүгийнхээ хүүхдэд хүүхдийн тоглоом зэрэг зүйлүүд авч өгч байсныг санаж байна. Тухайн үед тэр хүмүүс согтуу байсан. Тухайн үед хүүхдүүдэд тоглоом авч өгөхдөө бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Өмднийхөө дотор талаас мөнгө гаргаж тооцоо хийж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-34-35х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн засаг дарга Д.Баяраагийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14/69 дугаартай тодорхойлолт (хх-64х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-65х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн **********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр баг 15-13 тоотод хохирогч М.С**********ын дээлийн өврөөс 2,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч М.С**********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч Д.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-19-20х),

Гэрч С.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-22-23х),

Гэрч Ц.П**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-25-26х),

Гэрч О.Н**********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-28-29х),

Гэрч П.Х**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх-31-32х),

Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-34-35х),

Гэрч Ч.Төгсдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-42-43х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Д**********гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.Д********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.Д********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр баг 15-13 тоотод хохирогч М.С**********ын дээлийн өвсөөр 2,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгч С.Д********** нь хохирогч М.С**********од 17,000  төгрөгийн хохирол төлсөн, үлдэх 2,483,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч С.Д**********гээс 2,483,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.С**********од олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Д********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-65х)- аар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Д********** нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 17,000 төгрөгийг төлсөн үлдэх 2,483,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн үгэнд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн **********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт С**********ын Д**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С**********ын Д**********д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Д**********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д********** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Д**********д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч С.Д**********гээс 2,483,000 (хоёр сая дөрвөн зуун наян гурван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч М.С**********од олгосугай.

7. Шүүгдэгч С.Д********** нь хохирогч М.С**********од 17,000 (арван долоон мянга) төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д**********гийн шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН