Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

            Улсын яллагч З.Бат-Амгалан,

Хохирогч Б.Э**********,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

            Шүүгдэгч Ж.П********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанчивдоржийн П**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ж.П********** нь 2022 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б.Э**********ыг нөхөртэйгөө хардаж улмаар түүнийг зодож биед нь баруун талын 11 дүгээр хавирганы цууралт, зүүн суга, хүзүүнд цус хуралт, дух, нуруу, хэвлий, баруун тохой, хоёр гарын шуу, өвдөг, зүүн шилбэ, шагайнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.П********** нь 2022 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б.Э**********ыг нөхөртэйгөө хардаж улмаар түүнийг зодож биед нь баруун талын 11 дүгээр хавирганы цууралт, зүүн суга, хүзүүнд цус хуралт, дух, нуруу, хэвлий, баруун тохой, хоёр гарын шуу, өвдөг, зүүн шилбэ, шагайнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.П**********ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э********** гэдэг айлын гадаа дөнгөж ирээд байж байтал Э********** нь машинтайгаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Дарьсүрэнгийн машинаас буугаад Э********** дээр очоод чи миний нөхөртэй архи уух юу юм бэ өч төчнөөн хэлж байхад гэсэн чинь миний урдаас таахалзаад тийм юм байхгүй хоёр пиво уусны төлөө чи яасан их юм ярьдаг юм гээд хэлэхээр нь би шууд Э**********ын үснээс нь татаад газар унгаасан. Тэгээд би газар унагааж байгаад Э**********ын үснээс нь татаад газар чирч байгаад хавирга хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Үүний дараа би Э**********ын өмдний завсар гараа хийж байгаад дотоожийг нь татсан. Би тухайн үедээ манай нөхөртэй архи уугаад байдаг болохоор нь айлгах гээд ийм үйлдэл хийсэн. Ингээд байж байхад Э**********ыг хашаан дотроос нь 2 хүүхэд гарч ирэхээр нь би айлгах гээд л чулуу шидсэн тэгэхдээ миний шидсэн чулуу тэр хоёр хүүхдийг оноогүй байх. Ингээд байж байхад Э**********ын ажлын газрын хүн болох Э**********, Д********** хоёр ирсэн. ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ны оройны 00 цагийн үед санагдаж байна гэрийнхээ гадаа өөрийнхөө машинтайгаа ирээд машинаасаа буугаад хашааны хаалга руугаа явж байхад манай хашааны цаана зогсож байсан цайвар өнгийн приус маркийн тээврийн хэрэгслээс зүс таних хүн болох С********** гүйж гарч ирээд миний үснээс зулгааж аваад газар унагаасан. Тэгээд намайг газар унагаагаад миний үснээс татангаа нүүрээр минь шууд газар чирсэн. Намайг С********** чирч байх үед саарал өнгийн машинаас 2 хүүхэн бууж ирээд нэг нь миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Үүний дараа бас миний толгой руу хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна нэг нь 2-3 удаа өшиглөсөн Намайг тухайн үедээ С********** нь зодож байх үедээ өнөө шөнө чамайг алнаа чи яагаад гэртээ ирдэггүй янхан бэ бодуул цуг явж ууж байгаад ирээ биз гэж хэлж байсан. Тэгж байснаа С********** намайг чирэхээ болиод байж байснаа дахиад газар чирэхээр нь би орилсон чинь намайг дээш нь харуулж газар хэвтүүлж байгаад миний дээр гарч суугаад новшийг юм чихээд хаячихъя гээд миний өмдний завсраар гараа хийгээд миний дотоожийг гараараа зулгааж байгаад газраас шороо аваад хийсэн. Тэгэхээр нь би орилоод байж байхад гэрээс манай охин Э**********, төрлийн хүүхэд болох Б**********хоёр гарч ирсэн. Энэ хоёр хүүхэд гарч ирээд яагаад байгаа юм бэ гээд намайг хамгаалж байхад нь С********** есөн шидээр нь хараагаад шороо, элс, чулуу авч шидсэн. Тэр чулуу нь манай охин Э**********ын толгойг оносон. Ингээд байж байхад миний утас дуугарсан. Би утсаа автал ажлын эгч Э********** байхаар нь гэртээ ирээд үүдэндээ хүнд зодуулчихлаа гэж хэлсэн чинь за за гээд утсаа салгасан. ...” гэх мэдүүлэг (хх-13-14х),

Гэрч Б.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ажлын эгч Э********** над руу залгаад Э********** чинь орилоод чарлаад хүнд зодуулаад байна гэж ярьж байна би ерөөсөө ойлгохгүй байна чи ярь даа гэхээр нь би Э********** эгч рүү залгахад утсаа аваад шууд намайг зодоод байна ирээрэй авраарай гэсэн. Тэгэхээр нь буцаагаад Э********** эгч рүү залгаад намайг ирээд авраарай Э********** эгч дээр хамт очъё гэсэн. Удалгүй Э********** эгч намайг гэрээс ирж аваад бид хоёр цуг Э********** эгчийн гадаа ирэхэд, Э********** эгч хашааныхаа гадаа үс толгой нь сэгсийсэн, хамар нь цус болсон, дух, ирүүндээ шалбарсан, нүдний шил нь байхгүй болсон, 2 хүүхэд нь уйлсан ээжийг зодчихлоо гэж байсан. Тухайн үед Э********** эгчийн гадаа гурван танихгүй эмэгтэй хүн байсан. Тэр гурван эмэгтэйн нэг нь тамхи татсан аягүй танхай байсан. Тухайн үед ягаан футболктой тарган эгч муу янхан пизда ална чамайг гээд Э********** эгч рүү дайраад байсан. Э********** эгч тэр ягаан футболктой хүнийг таньдаг юм байна лээ. ...” гэх мэдүүлэг (хх-16х),

Гэрч Ц.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д**********гийн гэрт очиж Д**********г аваад бид хоёр Э**********ын гэр лүү очсон. Тухайн үед бид хоёрыг очиход Э**********ын өвдөг, тохой нь шалбархай, үс толгой нь сэгсийсэн аймар юм зогсож байсан. Тухайн үед Э**********ын гадаа гурван эмэгтэй хүн байсан. Тэр гурван эмэгтэй хүний нэгийг нь би таньдаг юм. Нэрийг нь С********** гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тухайн үед бас С**********тай хоёр хүн цуг явж байсан. Тэгэхдээ би энэ хоёр хүний нэрийг нь мэдэхгүй юм байна лээ. Тэгээд би тэр гурван эмэгтэйгээс та нар гурвуулаа байж нэг эмэгтэйг зодож байгаа юм уу гэж асуусан чинь С********** нь нөхөртэйгөө хардаад Э**********ыг янз бүрээр доромжлоод байсан. Тэгээд бүүр С********** орилж чарлаад байхаар нь цагдаа дуудъя гэсэн чинь арай гайгүй болсон. ...” гэх мэдүүлэг (хх-18х),

Гэрч Л.Дарьсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... С********** нөхөр рүүгээ залгатал нөхөр нь “би хаана байгаагаа мэдэхгүй байна ажлын газрын хүмүүстэйгээ нийлээд ганц хоёр юм ууж байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь С********** нь дахиад залгаад хаана байгаа талаар нь асуухад 4 зам хавьцаа л байна гэж хэлж байсан. Тэгсэн чинь С********** нь 4 замын хаана гэж хайх вэ дээ нэг очдог газар байгаа гэж хэлээд миний машинд суугаад захын “Эрхэс” дэлгүүрийн нэг гудамжинд хүргүүлсэн. Бид хэдийг ирээд байж байтал гудамжны цаад талаас нэг машин ирээд бид хэдийн байж байсан хашааны гадаа ирсэн. Тэр машинаас нэг эмэгтэй хүн шал согтуу хөл дээрээ тогтож чадахгүй юм гарч ирж байсан. Ингээд байж байтал С********** нь миний машинаас буугаад ирж зогссон машин луу учиргүй гүйж очоод тэр эмэгтэй хүнтэй барьцалдаад авсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад С**********гийн ардаас явж очихын завдалгүй С********** нь тэр эмэгтэй хүний хувцаснаас нь бололтой татаж унгаагаад газар чирээд байсан. Ингээд байж байхаар нь Баасанжав нь С**********гийн ардаас нь очоод салгах гэтэл С********** нь тэр эмэгтэй хүний хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна нэг удаа өшиглөх шиг болсон. С**********г татаж салгасны дараа би нөгөө эмэгтэйг босгоод иртэл миний зүүн талын гуя хэсгээс базаж аваад нэг удаа өшиглөсөн. Ингээд байж байхад хашаанаас хоёр жоохон хүүхэд гарч ирэхээр нь би ээжийгээ аваад гэртээ ороорой гэж хэлсэн. Тухайн үед нэг охин нь ээжээ оръё гээд уйлаад байсан. Үүний дараа тэр эмэгтэй өөр хүн лүү утсаар яриад байх шиг байсан. Удалгүй хоёр эмэгтэй хүн хүрээд ирсэн С**********г чамайг ийм гэж ерөөсөө бодоогүй манай энэ хүн, хүн амьтантай явалддаг хүн биш ээ гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-20х),

Гэрч Н.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... С********** нэг айл руу очъё гээд 4-р хорооны нэг гудамжинд очсон. Бид гурвыг нэг айлын гадаа ирээд байж байхад гудамжны цаанаас нэг машин ирээд ногоон өнгийн хаалга байсан байх гадаа нь ирээд машинаа оруулах гээд нэг хүүхэн машинаас бууж ирсэн. Ингээд байж байхад С********** нь шууд юм хэлэхгүй шууд Дарьсүрэнгийн машинаас буугаад тэр эмэгтэй дээр очоод барьцалдаж авсан. Тухайн үед би машин дотор сууж байсан болохоор цохиж нүдэх болон үснээс нь зулгаахыг нь хараагүй. Намайг харж байхад лав С********** тэр эмэгтэйг газар унгааж байсан. Ингэхэд нь Дарьсүрэн машинаас буугаад нөгөө хоёр луу очоод газар унасан байсан. Миний сонссоноор С********** нөхөр сүүдэртэй нь явлаа нөхөртэй архи уулаа гээд байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг (хх-22х),

Насанд хүрээгүй гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... шөнийн 00 цаг өнгөрч байхад хашааны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь Э********** бид хоёр цуг хашааны гадаа гараад ирсэн чинь Э********** эгч машиныхаа хажууд утсаа барьсан уйлсан байсан. Бас Э********** эгчийн нүдний шил нь байхгүй үс нь сэгсийсэн байсан. Ингээд байж байхад ягаан цамцтай С********** гэдэг эмэгтэй нь шороо атгаж аваад Э********** эгч рүү цацах гээд байхаар нь Э********** бид хоёр Э********** эгчийн урдуур орсон. Тухайн үед тэр эгч гартаа атгасан байсан шороо чулуугаа шидсэн. Тэгэхэд нь Э**********ын толгой хэсгийг нь онох шиг болсон. Тухайн үед тэр С********** гэдэг эмэгтэй нь хоёр эмэгтэй хүнтэй цуг явж байсан. Ингээд байж байхад нөгөө С********** гэдэг эмэгтэй нь Э********** эгчийг хэл амаар доромжилж байнга гүйж ирээд Э********** эгчийн үснээс татаж аваад цээж хавьцаа байх сайн харж амжаагүй нэг удаа өшиглөх шиг болсон. Үүний дараа тэр С********** гэдэг эгч Э********** эгчийн машиныг нь цохиод байхаар нь би яаж байгаа юм бэ эгчээ гэсэн чинь битгий хуц гэсэн. Удалгүй Э********** эгчийн хоёр найз нь ирээд Э********** эгчийг хашаанд оруулж өгчхөөд тэр С********** гэдэг хүнтэй хэрэлдээд байх шиг байсан. ...”  гэх мэдүүлэг (хх-24х),

Насанд хүрээгүй гэрч А.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... шөнийн 00 цаг өнгөрч байсан байх хашааны гадаа хүмүүс орилолдоод байсан. Тэгэхээр нь би хэн орилоод байгаа юм бол гээд чимээг нь сонссон чинь манай ээжийн хоолой байсан. Ингээд би ээжийнхээ хоолойг сонсоод хашааныхаа гадаа гараад ирэхэд манай ээж машиныхаа хажууд уйлаад утсаа бариад зогсож байсан. Би царайг харсан чинь үс нь аймар болсон, хамраас нь цус гарсан, бас нэг нүд нь аймар улайсан байсан. Тухайн үед ээж надад хэлэхдээ намайг түрүүнээс хойш зодлоо гэж хэлсэн. Ингээд байж байхад тэр С********** гэдэг эгч манай ээжийг ирж цохих гээд байхаар нь ээжийнхээ урдуур нь ороод С********** эгчийг болиулсан. Тэгсэн чинь С********** гэдэг эгч газраас шороо авч цацсан. Үүний дараа би ээжийг хашаа руу налуулаад байж байхад нөгөө С********** гэдэг эгч хүрч ирээд манай ээжийн үснээс нь зулгааж байгаад хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгснээ манай ээжээс холдож байгаад газраас чулуу авч шидэхэд тэр чулуу нь ирээд миний толгой хэсгийг оносон. Ингээд байж байхад Д**********, Э********** гэдэг манай ээжийн ажлын газрын хоёр хүн ирээд ээжийг хашаа руу оруулсан. ...” гэх мэдүүлэг (хх-26х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 390 дугаартай:

1. Б.Э**********ын биед баруун талын 11-р хавирганы цууралт, зүүн суга, хүзүүнд цус хуралт, нуруу, хэвлий, баруун тохой, хоёр гарын шуу, өвдөг, зүүн шилбэ, шагайнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хавирганы цууралт нь тусдаа, бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. дээрх гэмтэл нь 2022.06.30-07.01-нд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. ...” гэх дүгнэлт (хх-31х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Борхүү овогт Жанчивдоржийн П**********ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-49х), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-50х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-51х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-54х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.П********** нь 2022 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б.Э**********ыг нөхөртэйгөө хардаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Ж.П**********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-13-14х),

Гэрч Б.Д**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-16х),

Гэрч Ц.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-18х),

Гэрч Л.Дарьсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-20-21х),

Гэрч Н.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22х),

Насанд хүрээгүй гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-24х),

Насанд хүрээгүй гэрч А.Э**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-26х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.П********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.П********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ж.П********** нь хохирогч Б.Э**********ын эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан.

Хохирогч Б.Э********** нь шүүгдэгч Ж.П**********аас гоо сайхны хохирол болон сэтгэл санааны хохирол нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт 412,562 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн хохирогч Б.Э**********ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цалин 376,565 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн үнэ 36,000 төгрөг нийт 412,562 төгрөгийг шүүгдэгч Ж.П**********аас гаргуулж, хохирогч Б.Э**********д олгож, үлдэх 587,438 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.П********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч Ж.П**********д нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал болон, шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан Ж.П**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулах болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.П********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борхүү овогт Жанчивдоржийн П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жанчивдоржийн П**********ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.П********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.П********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ж.П**********ы торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.П**********аас 412,562 (дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э**********д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э********** нь 587,438 (таван зуун наян долоон мянга дөрвөн зуун гучин найм) төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П**********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН