Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Б.Х******,

Шүүгдэгч Б.Д****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******гийн Д******д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Д****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороо 26-11 тоотод 2022 оны 07 дугаар сарын 03-ны орой хамтран амьдрагч Б.Х******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороо 26-11 тоотод 2022 оны 07 дугаар сарын 03-ны орой хамтран амьдрагч Б.Х******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х****** гэртээ байхгүй байхаар нь дэлгүүрээс 0.5 литрийн Хараа гэдэг нэртэй архи аваад гэртээ ганцаараа уусан. Тэгээд архиа уугаад дуусаж байхад оройны 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад гаднаас манай эхнэр Х****** орж ирсэн. Тухайн үедээ манай эхнэр жоохон халамцуу байхаар нь хүүхдээ хаяж архи ууж яваад байхдаа яадаг юм гэж хэлээд Х******г ор руу түлхэж байснаа санаж байна. Би тухайн үедээ архи их уусан байсан болохоор өчигдөр болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Тэгээд өнөө өглөө манай эхнэр надтай уулзахдаа чи намайг өчигдөр шөнө зодсон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-18-19х),

Хохирогч Б.Х******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Д****** нь архи уусан согтуу байж байсан. Тэгээд намайг гэртээ ороод ирсэн чинь хаагуур яваад ирж байгаа юм гээд намайг хардаад миний үснээс зулгааж аваад нүүр хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Намайг зодчихоод бараг Д****** нь 30- аад минут орчим хаагуур юу хийж яваад ирж байгаа юм гээд надад агсан тавиад байсан. Тухайн үед Д************* нь надаас уг нь *************ыг салгах гэж байсан боловч ахаасаа айгаад чадахгүй байсан. Ингэж байгаад Д************* нь эхнэртэйгээ манай гэрээс гарч яваад *************ын төрлийн хүн болох Төрөө гэдэг ахыг дуудаж ирээд *************ыг надаас салгасан. Ингээд байж байхад Хосбаярын дүү нь ирээд намайг 5-р хороонд байдаг аавын гэртээ хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-11х),

Гэрч Б.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д************* нь манай гэрийн хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Орж ирээд Д****** авгайгаа зодоод байна очоод салгаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд Д*************ыг дагаж яваад *************ын гэрт нь очсон. Тэгээд гэрт нь яваад ортол *************ын эхнэр Х****** нь уйлсан хүүхдээ тэвэрсэн сууж байсан. Харин Д****** хажууд нь зүгээр зогсож байсан. Би гэрт нь ороод Д******ас юу болоод байна яагаад архи уугаад зодолдох, нүдэлдэх юм болов гэсэн чинь согтуу болоод тэр үү надтай ерөөсөө үг дугараагүй. Үүний дараа би эхнэр Х******г нь аваад гэрээс нь гарах гэтэл Д****** нь эхнэрээ гэрээсээ гаргахгүй байсан. Тэгэхээр нь би *************ыг тэвэрч байгаад эхнэрийг нь гаргаад өөрөө ардаас нь гарсан...” гэх мэдүүлэг (хх-15х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 393 дугаартай:

1. Б.Х******гийн биед зүүн чамархай, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт, дух, цох, зүүн хацарт зулгаралт, зүүн чамархайн хуйхны үсний халцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь 2022.07.03-нд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-20х),

Шүүгдэгч Б.*************ын хувийн байдлыг тогтоосон:

Урианхай ургийн овогт Б******гийн *************ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-31х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-32х), эд хөрөнгөтэй эсэхийн лавлагаа (хх-33х), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-34х), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-35х), эвлэрлийн гэрээ (хх-36-37х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-38х), Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-40-43х), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-44-46х), өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялаа төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороо 26-11 тоотод 2022 оны 07 дугаар сарын 03-ны орой хамтран амьдрагч Б.Х******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Х******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-11х),

Гэрч Б.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 393 дугаартай дүгнэлт (хх-20х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Д****** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Д****** нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Д****** нь хохирогч Б.Х******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хохирогчтой эвлэрч гэрээ байгуулсан хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.*************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  Б.Д******   нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-38х), шийтгэх тогтоолын хуулбараар (хх-40-43х), тогтоогдож байх боловч торгуулийн ялаа төлж барагдуулсан байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч  Б.*************ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Б.Д****** нь “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Д****** хохирогч Б.Х******тай хоорондоо эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй мэдүүлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Б.Д****** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тус бүр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай ургийн овогт Б******гийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******гийн *************ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б******гийн Д****** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д****** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.*************ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д******д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЭЭЖИН