Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Хохирогч Б.Б*********,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал,

Шүүгдэгч С.Г********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С**********гийн Г********* холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Г********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт Б.Б*********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөж, 2 шүдний булгарал, 1 шүдний хөдөлгөөн бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт Б.Б*********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Г*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед Б.Б*********той маргалдаж, түүний нүүр лүү толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан ... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хх-18, 33х),

Хохирогч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дүгээр сарын 9-ны өдөр ...Их-уул сумын Шивээ гуанз дээр очиход дэлгүүр нь хаалттай байсан тэгэхээр нь Г*********гийн гэрт нь ороход Г********* архи уусан согтуу эхнэр Мөнхцэцэгтэйгээ байсан. Тэгэхээр нь би пиво зарж байгаа юу гэж асуухад эхнэр Мөнхцэцэг нь манайд пиво зарахгүй байгаа  бараагаа татаагүй байгаа гэсэн...миний араас Г********* ах орж ирсэн. Г********* ах дүү нар ноолуур, ноосоо өгөхгүй том болжээ гэхээр нь би танд ямар өртэй биш гэж хэлсэн. Тэгээд сууж байтал удалгүй Г********* ах намайг гуанзнаас гарья гэсэн тэгэхээр нь би дагаад үүдэнд гарах зуур Г********* ах эргэж хараад толгойгоороо миний шүд рүү мөргөөд үүдэн 2 шүдийг хугарч унатал мөргөсөн, тэгэхээр нь би Г********* ахыг барьж аваар газар унагаагаад Г********* ахын дээлийнх нь нударгаар өөрийг нь хоёроос гурван удаа шавхуурдсан буюу ороолгосон. Би гараараа бол ерөөсөө цохиогүй...миний дээд үүдэн шүд хоёр шүд мөн 1 шүд их хөдөлгөөнтэй байгаа, юм хазаж идэхээр өвдөж байгаа... миний 2 шүд унасанд гомдолтой байна. ... ” гэх мэдүүлэг (хх-10-16х),

Гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр манай гэрт манай ангийн Мягмардаваа эхнэр Оюундалайтайгаа цуг ирээд хоол унд хийж өгөөд нэг шил архи задлаад караокед дуулаад байж байтал Саруул ах ирсэн. Үүний дараа Рашаант сумын иргэн Б********* ирээд нэлээн халамцуу манай гэрт ирээд архи байна уу гэсэн тэгэхээр нь манайх архи зарахгүй байгаа гэж хэлсэн...Тэгсэн Б********* нь урд гуанзанд очсон байсан. Би 30 орчим минутын дараа очиход Б********* ах ганцаараа  танай нөхөр чинь намайг ийм болгочихлоо  гэсэн үүдэн шүдний хажуу талын шүд нь онгорхой амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би гуанз руу юу болон талаар асуугаад ороход тэнд байсан хүмүүс Мягмардаваа, Оюундалай, Саруул,Г********* нар байсан.Тэгээд тэнд байсан хүмүүс надад хэлэхдээ Г********* зодоогүй Б********* Г*********г зодож байхад нь салгалаа гэж байсан. Би зодоон болоход нь байгаагүй, хараагүй болохоор мэдэхгүй юм. ...” гэх мэдүүлэг (хх-20-22х),

Гэрч Б.Оюундалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 06 дүгээр сарын 09-ны өдрийн 13 цагийн үед нөхөр Нямдаваагийн хамт Их-Уул сумын Шиврээ 1-р багт байх С.Г*********гийн гэрээс усны сав авахаар сонирхож очсон юм. Бид нар С.Г*********гийн ажиллуулдаг зоогийн газар дотор нь нэг шил архи задлаад хувааж уугаад байж байтал гаднаас Б.Б********* архи хэрэглэчихсэн, нэлээн согтуу орж ирсэн. Б.Б********* нь С.Г*********гээс архи нэхээд байсан юм, С.Г********* хариуд нь “манайх архиа зарахаа больчихсон ахын дүү нэлээн согтуу байна, гэртээ харьж амар аа” гэж хэлсэн мөн би ч гэсэн Б.Б*********од хандаж “чи нэлээн согтуу байна, харьж амар аа” гэж хэлсэн. ... ” гэх мэдүүлэг (хх 23-24х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 365 дугаартай: Б.Б*********ын  биед 2 шүдний булгарал, 1 шүдний хөдөлгөөн тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь

гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт (хх-н 27х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ганган хар овогт С**********гийн Г*********гийн иргэний үнэмлэхийн лавлагааны (хх-35х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-36х),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-37), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-38-39х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Г********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт Б.Б*********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч С.Г*********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-13-16х),

Гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-20-22х),

Гэрч Б.Оюундалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх 23-24х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Г*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.Г********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Г********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.Г********* нь хохирогч Б.Б*********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хохирогч С.Г********* шүүгдэгчээс гоо сайхны хохирол буюу имплант шүд хийлгэх 7,565,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогч нь хавтаст хэрэгт хохирлын баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирлын баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  С.Г*********  нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-37х), шийтгэх тогтоолын хуулбараар (хх-38-39х), тогтоогдож байх боловч торгуулийн ялаа төлж барагдуулсан байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч  С.Г*********г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Г********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Г*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч С.Г*********д нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал болон, шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан С.Г*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Г********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ганган хар овогт С**********н Г*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С**********н Г*********г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Г********* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Г********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч С.Г*********гийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б********* нь 7,565,000 (долоон сая таван зуун жаран таван мянга) төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г*********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН