Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч Ө.Ц****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө**********ын Ц******эд холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ө.Ц****** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б**********ийг зодож зулайн хууханд шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Ц****** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б**********ийг зодож зодож зулайн хууханд шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ц******ийн мөрдөн шалгах ажиллагаанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би орой 17 цаг хүртэл ажил дээрээ ажилласан, ажлаа тараад манай ажлын хүн Б**********ын гэрт очиж М**********, Б********** бид гурав хувааж уусан тэгээд гэртээ харихад шөнө болсон байсан...Намайг гэрт ороход манай эхнэр хаачаад ирэв архи уугаад явчихлаа гэж уурлаад над руу сандал аваад шидэхээр нь би хариуд нь уурлаад өмсөж явсан куртикээ тайлаад ороолгоход мотоциклийн түлхүүр халаасанд нь байсан тэгээд Б**********ийн толгойн орой хэсэгт түлхүүр онож таараад толгойноос цус гарч эхэлсэн. Би тэгээд гэрээсээ гараад байшингийн хажууд сууж байгаад эмч ирээд явахад нь буцаж орсон... ” гэх мэдүүлэг (хх-32-33х),

Хохирогч Г.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Их-Уул сумын 5 дугаар багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр 2016 оноос эхлэн нэг гэрт орж амьдарсан, дундаасаа гарсан 2 хүүхэдтэй, том нь 5 настай эрэгтэй бага нь 4 настай эрэгтэй. Манай нөхөр Их-Уул сумын Их-Уул дулаан ХХК-д галч ажилтай, Би 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сумын эрүүл мэндийн төвд анх ажилд ороод намайг хардаж зодож эхэлсэн. Манай нөхөр Ө.Ц********** нь намайг одоо 4 дэх удаагаа зодож байна. Өмнө нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Энэ удаад бүүр арай л дэндүү зодсон болохоор нь би өргөдөл гаргаж байна. Намайг  2020 оны намар 10 дугаар сард гэртээ согтуу ирээд зодсон миний бүх бие л хөх алаг болсон байсан. 2021 оны 04 дүгээр сард архи ууж согтуу ирээд зодож байсан, миний нүүр ам хөхөрсөн байсан. 2021 оны намар 11 дүгээр сард идэшний дараа мөн архи ууж ирээд намайг зодсон миний бие мөн л хөх алаг болж байсан. Сая 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай эмнэлэг магадлан шалгалттай байсан тул манай эмнэлгийн ажилчид бүгд хамрагдаж шалгалт 12 цаг өнгөрч дуусаад гэртээ харихад манай нөхөр гэртээ байхгүй байсан 2 хүүхэд хөдөө эмээгийнхээ гэрт гарсан байсан ба тэгэхээр нь би нөхөр рүүгээ утсаар залгахад уурын зууханд эвдрэл гарсан жоохон байж байгаад очно гэж байсан. Тэгэхээр нь би унтаад өгсөн. Тэгсэн чинь манай нөхөр архи ууж согтуу намайг хардаж 01 цаг 50 минутын үед над руу утсаар яриад чи хэнтэйгээ унтаж байгаа юм гэсэн тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ би ганцаараа байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэртээ ирсэн би босож хаалгаа онгойлгосон чи хаана архи уусан юм гэж асуусан чинь би хаана ч уусан чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний баруун шанаа хацар луу гараа атгаад 2 удаа цохисон, дараа нь миний пудволкны захнаас заамдаж татаад орон дээрээс газар унагаагаад тэр чигтээ гэрийн зуух хүртэл чирсэн, түүний дараа миний цээжний зүүн талын хэсэг рүү 1 удаа өшиглөсөн тэгээд би босож ирэнгүүтээ цааш нь түлхээд өөрөөсөө холдуулсан, тэгээд орон дээрээ сууж байхад над руу сандал аваад шидэхээр нь би тэр сандлаас нь бултсан, тэгээд би зөрүүлээд нүүр цэвэрлэгчээ аваад шидсэн чинь Ц**********ийг оноогүй, над руу зөрүүлээд өөрийнхөө гар утсыг тэр гар утас нь харин намайг оноогүй. Чи эмэгтэй хүнийг арай дэндүү дарамталж байна, би чамайг ээж аавд чинь хэлнэ гэсэн чинь хэлээч тэгээд, цагдаад хүртэл хэлээч гэж хэлээд миний толгой тархи руу нүдээд цохиод унасан тэгэхээр нь би цааш нь түлхээд би 1 өшиглөсөн, дараа нь Ц********** өөрийнхөө куртикээр миний толгой хэсэг рүү ороолгосон чинь миний толгойн орой зулай хэсгээс цус гараад эхэлсэн, Куртикээр намайг ороолгох үед куртикнийх нь халааснаас шилэн савтай үнэртэй ус унаад ирсэн тэр толгойн оройн хэсэгт онож цус гаргасан байх. Тэгээд би өөрийнхөө төрсөн ах Б**********ыг дуудсан чинь ахыг ирэхээс өмнө Ц********** гэрээс гараад явсан. Б********** ах эхнэр Мөнх-Аюуштай ирсэн, араас нь хамаатны ах Эрдэнэзаяа нь эхнэр Л**********тэйгээ ирсэн. Тэгээд эмнэлэг дуудаж Болд-Эрдэнэ эмч, Гоёлмаа сувилагч хоёр ирээд миний толгойн зулайн хэсэгт 2 оёо тавьсан. Маргааш нь өглөө цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (хх-14-15,18х),

Гэрч Г.Эрдэнэзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц********** архи уудаг сурагтай байдаг ч хэрүүл маргаан хийдэг эсэхийг сайн мэдэхгүй юм. Урьд нь Ц********** манай хажууд 3-4 сар амьдарсан. Тэр хугацаанд нэг удаа хэрүүл маргаан хийсэн ба би орж Ц**********ийг боль гэж хэлж байсан. 2022 оны 06 сарын 15-ны шөнө 03 цагийн үед над руу Б**********ийн төрсөн ах Б********** залгаад Б**********ийг нөхөр нь зодсон байна...би эхнэр Л**********тэй Ц**********ийн гэрт очиход Ц**********ийн гэрт Б********** эхнэр **********тайгаа ирсэн байсан.Б**********ийн толгойн орой зулай хэсгээс их хэмжээний цус гарсан, ор шал өөрийнх нь хувцас их цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-20-21х),

Гэрч  Г.Б**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр нь дээрэлхээд байдаг.хүмүүсээс хааяа Ц********** эхнэрээ зодсон гэнэ гэж сонсож байсан...Эхнэр Б********** нь өмнө нь надад ингэж зодууллаа гэж хэлж байгаагүй.2022 оны 06 сарын 5-нд шөнийн 2 цагийн үед Б********** залгаад нөхөр нь зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө гэрээсээ сумын төв рүү эхнэр Мөнх-Аюуштай ирэхэд Б********** орон дээрээ ганцаараа толгойн хэсгээс нь цус их гарсан, гэр дотор ор, шалны урд цус болсон байсан. Тэгээд сумны эмч дуудаад дуудлага өгөөд эмч Болд-Эрдэнэ, сувилагч Гоёлмаа нар ирээд Б**********ийн зулай хэсэгт оёдол тавиад тархиа хийгээд явсан...” гэх мэдүүлэг (хх-23-24х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 368 дугаартай:

1. Г.Б**********ийн биед зулайн хуйханд шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл тухай хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Г.Б**********ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хх-37х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-47-50х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Уурагч ургийн овогт Ө**********ын Ц******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-50х), Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Засаг даргын тодорхойлолт (хх-46х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц****** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б**********ийг зодож доод уруулд шарх, баруун доод зовхи, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Г.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-14-15,18х),

Хохирогч Г.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-14-15,18х),

Гэрч Г.Эрдэнэзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-20-21х),

Гэрч  Г.Б**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-23-24х),

Яллагдагч Ө.Ц******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон яллагдагчаар өгсөн  мэдүүлэг (хх-32-33х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 368 дугаартай дүгнэлт (хх-37х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-47-50х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Ц******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ө.Ц****** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.Ц****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ө.Ц****** нь хохирогч Г.Б**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ө.Ц******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Ц******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Ц****** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэрийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уурагч ургийн овогт Ө**********ын Ц******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө**********ын Ц******эд  1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Ц****** нь торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.Ц****** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ө.Ц******ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ц******эд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН