Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

 

 

                          2022/ШЦТ/194

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх   

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Орой овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2212000000216 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4 өвөө, эмээ, эх нарын хамт Хөвсгөл аймгийн ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр заасан, Орой овогт Бын Б/РД:РЮ:_.................../

 

                              Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Бын Б нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах Боловсролын их сургуулийн спорт зааланд сандал дээр байсан Л.Эий Самсунг Рэдми Нөүт-8 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000216 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Л.Эий өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол улсын боловсролын их сургуулийн спорт зааланд тоглож байхдаа өөрийнхөө гар утсыг сандал дээр тавиад тоглосон. Тэгээд 2 цаг гаран тоглож байгаад дуусаад гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд тэр хавиар хайж сураглаад гар утсаа олоогүй. Өнгөгүй хуванцар гэртэй, хар ногоон өнгийн, IMEI 869899046790098 кодтой, кодтой, redmi note 8 pro маркийн гар утсаа хулгайд алдсан. Би хулгайд алдсан өөрийнхөө гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг капитал ББСБ” ХХК-аас 670.000 төгрөгөөр зээлж авсан юм. Одоогийн зах зээлийнх нь үнээр үнэлнэ. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн үед зааланд олон хүн байсан. Хулгайд алдсан гар утсаа олчихвол ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/

 

          *Гэрч Э.Оийн өгсөн:

           “...Тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хичээлээсээ тарж ирээд дотуур байрандаа байж байтал Б.Б над руу залгаад иргэний үнэмлэхээ аваад гараад ирээрэй. Гар утас олсон, ломбардад тавих хэрэгтэй байна гэхээр нь би иргэний үнэмлэхээ аваад дотуур байрнаасаа гартал үүдэнд Б.Б, Б хоёр байж байсан. Тэгтэл Б.Б, Б хоёр ломбардын гадна үлдээд "Чи ороод энэ гар утсыг хэд хүрэх юм гэдгийг лавлаж асуугаад тавьчих” гэхээр нь би ороод асуутал тухайн гар утсыг 150,000 төгрөг хүрнэ гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээрээ тухайн гар утсыг 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дараа нь би ломбардаас гарч ирээд Б.Бд 150,000 төгрөгийг өгчихөөд сургууль руугаа явсан. Харин Б.Б, Б хоёр тэр ломбардын гадна үлдсэн. Ийм л зүйл болсон. Сургуулийн гадна талын сандлын тэр хавиас тухайн гар утсыг олсон гэж хэлсэн. Намайг тэр гар утсыг авахад ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй шинэ гар утас байсан. Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сургуулийнхаа спорт зааланд огт ороогүй.Төгсөх анги байсан учраас шалгалт их байж таараад заал руу орох боломжгүй байсан. Урьд өмнө Б.Б надад гар утас олсон гэж хэлж эсвэл өөр гар утас ашиглаж байсан асуудал байхгүй. Би тухайн гар утсыг хулгайд алдагдсан гар утас гэдгийг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/

 

          *Гэрч Л.Оын өгсөн:

          “...Тухайн хүн гар утас барьцаанд тавьсан, тавихдаа өөрийнхөө бичиг баримтаар 150 мянган төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Надад ямар нэгэн тийм зүйл хэлээгүй тухайн утас ямар нэгэн код, зураггүй утас байсан болохоор нь би өөрийнхөн утас байна гэж ойлгосон. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хөвсгөл аймгаас явж байна Э.Оий барьцаанд тавьсан утасны мөнгийг өгөх гэсэн юм гээд нэг хөгшин настай ах барьцаанд тавьсан мөнгийг хүүтэй нь өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

        

          *Яллагдагч  Б.Бын өгсөн:

          “...Би хохирлоо бүрэн барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дүгээр тал/

 

        *Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 744 дугаартай:

         “...Redmi note 8 маркийн хуучин гар утасны үнийг 650.000/зургаан тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 20 дугаар тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                            

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

           

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах Боловсролын их сургуулийн спорт зааланд сандал дээр байсан иргэн Л.Эий Самсунг Рэдми Нөүт-8 про маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 650.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Эий”...Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол улсын боловсролын их сургуулийн спорт зааланд тоглож байхдаа өөрийнхөө гар утсыг сандал дээр тавиад тоглосон. Тэгээд 2 цаг гаран тоглож байгаад дуусаад гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд тэр хавиар хайж сураглаад гар утсаа олоогүй. Өнгөгүй хуванцар гэртэй, хар ногоон өнгийн, IMEI 869899046790098 кодтой, кодтой, redmi note 8 pro маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Оийн”...Тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хичээлээсээ тарж ирээд дотуур байрандаа байж байтал Б.Б над руу залгаад иргэний үнэмлэхээ аваад гараад ирээрэй. Гар утас олсон, ломбардад тавих хэрэгтэй байна гэхээр нь би иргэний үнэмлэхээ аваад дотуур байрнаасаа гартал үүдэнд Б.Б, Б хоёр байж байсан. Тэгтэл Б.Б, Б хоёр ломбардын гадна үлдээд "Чи ороод энэ гар утсыг хэд хүрэх юм гэдгийг лавлаж асуугаад тавьчих” гэхээр нь би ороод асуутал тухайн гар утсыг 150,000 төгрөг хүрнэ гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээрээ тухайн гар утсыг 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дараа нь би ломбардаас гарч ирээд Б.Бд 150,000 төгрөгийг өгчихөөд сургууль руугаа явсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Оын”...Тухайн хүн гар утас барьцаанд тавьсан, тавихдаа өөрийнхөө бичиг баримтаар 150 мянган төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Надад ямар нэгэн тийм зүйл хэлээгүй тухайн утас ямар нэгэн код, зураггүй утас байсан болохоор нь би өөрийнхөн утас байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эд 650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба уг гар утсыг шүүгдэгч буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

                       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжой гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Б.Б нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Орой овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

  5. Шүүгдэгч Б.Бд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР