Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1579

 

МАГАДЛАЛ

 

2017.7.17                                                  Дугаар 1579                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01604 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Батмягмарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 759 122 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2011/000385/0922 тоот цалингийн зээл ба барьцааны гэрээнүүдийг байгуулан 5 400 000 төгрөгийг эмчилгээний төлбөрийн зориулалтаар сарын 1,8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж, цалингийн орлогоо барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 5 400 000 төгрөгөөс 4 038 952 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн 2 608 313 төгрөгөөс 1 213 739 төгрөг тус тус төлсөн байна. Хариуцагч нь 2013 оны 5 дугаар сард ажлаасаа гарч зээл авах үеийн хаягаа өөрчлөн зээлийг хугацаандаа төлөөгүй ба 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч Ц.Батмягмараас үндсэн зээл 1 361 048 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 173 496 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 221 078 төгрөг, нэхэмжлэл гаргахаар нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 3 500 төгрөг, нийт 2 759 122 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Улаанбаатар төмөр замын галт тэрэгний найруулагчаар ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлийг хуваарийн дагуу төлж байгаад төлбөрийн чадваргүй болсны улмаас өнөөг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлж чадаагүй. Одоог хүртэл ажилд ороогүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Батмягмараас 2 519 333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 239 789 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батмягмар нь 55 259 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдөр дууссан. Мөн 2013 оны 05 сараас эхлэн зээлийн төлбөр хийж чадахаа байсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн шаардах эрх 2013 оны 5 сараас үүсч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал хариуцагчийн зүгээс эрэн сурвалжуулах хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхээс 2013 оны 11 сарын 08-ны өдөр 1606 тоот шийдвэр гарч эрэн сурвалжлах ажлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хийхийг даалгасан ба цагдаагийн байгууллагаас дээрх захирамжийн дагуу хаяг тогтоох ажиллагаа хийж нэхэмжлэгчид хариуцагчийн хаягыг олж өгсөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдал зогсох ёстой. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага миний хаягийг нэхэмжлэгчид олж өгсөн эсэх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй учраас хөөн хэлцэлцэх хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийж өгнө үү.

Хариуцагчтай 2011 оны 10 сарын 19-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан    5 400 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар авсан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацааг 24 cap хэмээн тодорхойлж гэрээгээр тохирсон хугацаанд хүү төлөхөөр талууд тохиролцсон байхад шүүхийн зүгээс гэрээгээр тохиролцсон хугацаанаас гадна 42 сарын хугацаагаар тооцож 1 004 453 төгрөгийн хүүг гаргуулж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан ба тодорхой хугацаатай байгуулсан зээлий гэрээ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 1 004 453 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Ц.Батмягмарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 759 122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 400 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, барьцааны гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн үндсэн үнийн дүн, хуваарийн дагуу төлөлт хийх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Харин хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...ажлаас чөлөөлөгдсөн тул зээл төлөх боломжгүй болсон...” гэх боловч энэ гэрээний дагуу төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хангасан шийдвэр зөв байна.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 28 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

               ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ