Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/шш2018/00112

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, *******овогт ******* *******/регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж, *******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар*******, утас *******, *******/-д холбогдох 

 

“3,100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч С.*******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, М.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...*******, ******* бид гэр бүлийн хүмүүс юм. Бид 2014 оны 12 дугаар сарын 19-нд Хаан банкны Дархан дахь салбараас хүүхдийн сургалтын төлбөр бараа материал татах хэрэглээний зээл хүсч 6,940,000 төгрөгийг хамтран зээлийн гэрээ хийж сар бүр 246,800 төгрөгийг төлж явсаар зээлийн гэрээний үүргээ хүүгийн хамт төлж барагдуулсан байгаа.

Нөхөр бид хоёр энэ зээлийг авсаны яг сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 21-нд С.******* урьдын танил хүүхэн нөхөр бид хоёр дээр ирээд шинэ хорооллын Ханара хүнсний дэлгүүрийг түрээсэлж ажиллуулж байна мөнгө хэрэг болоод байна та нар 2,000,000 төгрөг зээлдүүлээч сарын хугацаатай зээлж аваад эргүүлээд өгчихье буцааж өгөхдөө 2,200,000 төгрөг болгоод өгнө гэсэн. Тэгэхээр нь уг нь сая банкнаас зээл аваад бараа материал татаад одоо хүүхдийн сургалтын төлбөрийн 2,000,000 төгрөг өгөх гээд хадгалаад байж байна гэж хэлээд хугацаандаа хурдан өгөөрэй гэж хэлээд тус болж өгсөн.

Тэгээд хугацаандаа өгөөгүй олон зээлтэй зээлүүдийнхээ учрыг олоод өгнөө гээд яваад байсан. Зээлээ өгч чадахгүй мөнгө олдохгүй байна  гээд унаж байсан ******* Соната авто машинаа хүртэл гэрийн гадаа та хоёр өрөндөө ав гээд авчирахаар нь нөхөр бид хоёр ярилцаад нэлээн хуучирсан машин байна тэрний оронд зээлсэн мөнгөө бэлэн авсан дээр гэж машиныг нь аваагүй явуулж байсан.

Үндсэндээ хаан банкнаас авсан 6,940,000 төгрөгийн зээл авсныхаа 2,000,000 төгрөгийг өөрсдийн хэрэгцээнд хэрэглэж чадаагүй. Банкинд хүүтэй нь буцааж төлж хохирсон.

Иймд *******д зээлдүүлсэн үндсэн мөнгө 2,000,000 төгрөг, банкнаас авсан зээлээсээ 2,000,000 төгрөгийг өгч өөрсдөө хүүгийн хамт төлсөн тул *******гаас 2,000,000 төгрөгийг түүний хүү 1,100,000 төгрөг нийт 3,100,000 төгрөгийг *******гаас гаргуулж авмаар байна.

Энэ хүнээс болж хохирсон.  Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хоёр хүнээс урьд нь мөнгө зээлж авчихаад буцаагаад хүүтэй нь төлчихдөг байсан.

Энэ хоёр хүн надад 1 сая төгрөг зээлчихээд 7-14 хоног тутамд хүү боддог байсан. Би *******, М.******* нараас мөнгө зээлж авах үед тэд ямар нэгэн банкнаас зээл авсан асуудал огт байгаагүй.

Миний бие нь 2015 оны 03 сарын 10-ны өдөр амаар гэрээ байгуулж нэхэмжлэгч нараас 1,000,000 төгрөг зээлж авсан.

Г.*******нь зээлсэн 1,000,000 төгрөгөөсөө хүү урьдчилаад авна гээд 10 хувь болох 100,000 төгрөгийг нь тэр дор нь буцаагаад авчихсан. Үлдэгдэл 900,000 төгрөгийг нь би дараах байдлаар төлсөн.

2015.04.10-нд 200,000 төгрөг бэлнээр,  2015.05.10-нд 200,000 төгрөг бэлнээр, 2015.06.10-нд 200,000 төгрөг бэлнээр, 2015.07.03-нд 300,000 төгрөг бэлнээр, 2017.02.12-нд  200,000 төгрөг Хаан банкны******* тоот дансаар, нийт 1,100,000 төгрөг төлж барагдуулсан тул одоо надад төлөх үлдэгдэл төлбөр байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, М.******* нар нь хариуцагч С.*******д холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний хүү 1,100,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *******, М.******* нар нь хариуцагч С.*******д 2,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлдүүлсэн болох нь гэрч******* мэдүүлэг болон нэхэмжлэгч *******ын ХААН банк нь дахь дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч С.******* нь дээрх үйл баримтыг үгүйсгэж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэж үндэслэлтэй байна.

Хариуцагч С.******* нь “...2015.04.10-нд 200,000 төгрөг бэлнээр,  2015.05.10-нд 200,000 төгрөг бэлнээр, 2015.06.10-нд 200,000 төгрөг бэлнээр, 2015.07.03-нд 300,000 төгрөг бэлнээр, 2017.02.12-нд  200,000 төгрөг Хаан банкны******* тоот дансаар, нийт 1,100,000 төгрөг төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч нар нь “...С.*******гийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дансаар шилжүүлсэн 200,000 төгрөгийг авсан, үлдэх бэлнээр өгсөн гэх 900,000 төгрөгийг аваагүй. Өгсөн 200,000 төгрөгийг хүүнд тооцсон..” гэсэн тайлбарыг гаргасан.

Хариуцагч С.******* нь бэлнээр 900,000 төгрөгийг өгсөн гэх үйл баримттай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын хооронд зээлийн хүү тохиролцож бичгээр хийсэн зүйл байхгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн зээлийн хүү 1,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөгөөс хариуцагч С.*******гийн дансаар шилжүүлсэн 200,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.*******гаас 1,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******, Г.*******нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******, Г.*******нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА