Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/200

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа   

Шүүгдэгч: Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Бд холбогдох эрүүгийн 2212000000213 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Тариат ........ газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Лгийн Б/РД:А3........../

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Лгийн Б нь Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Гурвын даваа гэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны үед 2.9м3 шоометр шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар босоо мод бэлтгэж, Маяти маркийн 49-94 АРХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, ойн санд 1.607.047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000213 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн:  

“...Л.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж Маяти маркийн 9449-АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн” гэх байгаль орчинд 1.607.47 хохирол учруулсан гэх мөрдөн байцаалтын 2212000000187 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гурвын даваа гэх газарт өмнө он болон энэ онд талбай тусгаарласан зүйл байхгүй. Засаг даргын захирамж болон иргэдийн нийтийн хурлын тогтоол сум дундын ой ангиар талбай тусгаарлуулахаар хүсэлт тавьсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Байгаль орчинд учруулсан гэх хохирол мөнгө болох 1.607.47 төгрөгийн хохирлыг барагдуулвал болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 110-11 дүгээр тал/

 

          *Гэрч Э.Гын өгсөн:

          “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр оройн 23 цагийн үед Тариат сумын төвд эргүүл хяналт шалгалт хийх явцад иргэн Л.Б нь Бт гэх хүний хөрөө рамд мод буулгасан зүсүүлж байхаар нь мод бэлтгэх эрхийн бичиг болон бэлтгэж тээвэрлэсэн модыг нь шалгахад босоо мод огтолж бэлтгэсэн байхаар нь лавлаж асуухад би 15 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичигт заасны дагуу модоо бэлтгээгүй байна гэж Тариат сум дахь цагдаагийн тасгийн хашаанд аваачиж саатуулсан. Би асууж лавласан тухайн модоо 2022 оны 04 дүгээр сарын 13-ны үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвийн даваа гэх газраас бэлтгэсэн гэж байсан. Иргэн Л.Бийн мод бэлтгэх эрхийн бичигт Тариат сумын Хорго багийн нутаг Өлийн даваа гэх газраас бэлтгэхээр заасан байсан. Харин иргэн Л.Б нь тухайн мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газарт бэлтгэсэн байсан. Би тэр талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Л.Бийн бэлтгэсэн мод босоо мод байсан өөрөө надад 15 ширхэг босоо мод унагасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

         *Гэрч Л.Бийн өгсөн:

         “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ний үед би гэртээ байж байтал миний төрсөн ах болох Л.Б нь манайд ирээд чи ахдаа модонд яваад тус болоодхооч гэхээр нь ах Л.Бтэй 2022 оны 04 дүгээр сарын 13-ны үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газраас мод бэлтгэсэн. Бид модоо бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө модон иштэй төмөр сүх ашиглан бэлтгэсэн. Би мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асууж тодруулсан зүйл байхгүй надад үзүүлж харуулсан зүйл байхгүй. Бид хоёр модоо бэлтгэхдээ босоо 15 ширхэг мод унагаж мөн унанги 3 ширхэг модноос 4 метр 20 санжийн урттайгаар 30 ширхэг мод тайрч бэлтгэсэн. Манай ах Б нь Тариат сумын Тэрхийн цагаан нуурын ард гэр бааз ажиллуулдаг тэндээ 3 шовгор барих гэж байгаа юм гурван шовгорын дээвэрт ашиглах санаатай бэлтгэсэн тэрнээс бол ашиг олох зарж борлуулахаар бэлтгээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/  

 

           *Гэрч Ц.Зундуй-Юндэнгийн өгсөн:

           “...Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2022 оны 05 дугаар сарын 12-14-ний өдөр хүртэл бэлтгэх, 2022 оны 05 дугаар сарын 13-15-ны өдөр хүртэл тээвэрлэхээр АРА-22-024856 дугаарын мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Иргэн Л.Б гэх хүн АРА-22-024856 дугаарт мод бэлтгэх эрхийн бичигт Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Өлийн даваа гэх газраас бэлтгэхээр зааж бичиж өгсөн. Л.Бийн мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газраас бэлтгэсэн байсан миний бичиж өгсөн мод бэлтгэх эрхийн бичигт зааж бичиж өгсөн газраас өөр газарт бэлтгэсэн байсан. Энэ хоёр газар өөр хоорондоо хол зайтай Тэрхийн цагаан нуурын урд, хойно оршдог хоорондоо З0 км зайтай газар байгаа юм. Иргэн Л.Бийн мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газарт талбай тусгаарласан зүйл байхгүй энэ газраас цаас Гурван нүүр гэх газар талбай тусгаарлагдсан газар бий улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог эсэхийг ордоггүй. Би хийж тээвэрлэх хугацаанд бол хараагүй харин сүүлд мод бэлтгэсэн гэх газарт очиход босоо мод унагаж бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

         *Гэрч Р.Бгийн өгсөн:

         “...Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай бүс нутагт хамаардаггүй. Архангай аймгийн Тариат сумын хорго багийн нутагт Гурвын даваа гэх газарт өмнө он болон энэ онд Талбай тусгаарлуулахаар Засаг даргын захирамж болон Иргэдийн нийтийн хурлын тогтоол сум дундын ой ангиар талбай тусгаарлуулахаар хүсэлт гарсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 105-106 дугаар тал/

 

         *Иргэний нэхэмжлэгч С.Энхбаярын өгсөн:

         “...49-94 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр байдаг, 2016 онд нутгийн хүнээс худалдаж аваад тухайн үедээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 49-94 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь одоо Архангай аймгийн Тариат сумын цагдаагийн хэсгийн хашаанд модтойгоо хамт байгаа. Одоогоор хэвийн ажиллаж байгаа. 2021 онд авто тээврийн үзлэг оношилгоондоо орсон. 2022 ондоо ороогүй байна. Сумын төвд нэгдсэн үзлэгт оруулна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Л.Б ах нь Архангай аймгийн Тариат суманд ажиллаж амьдарч байгаа малчин хүн юм, эхнэрийн хамт амьдардаг, архи, дарс, тамхи хэрэглэдэггүй, нямбай хүн байгаа юм. Төлөв даруу зантай...” гэх мэдүүлэг/хх-ийн 100-101 дүгээр тал/

 

         *Яллагдагч Л.Бийн өгсөн:

         “...Би уг газар 10 ширхэг босоо мод унагасан юм, өмнө гэрчээр мэдүүлэг өгөх үедээ сандраад 15 ширхэг гээд буруу ярьсан байна. Уг үнэн хэрэгтээ 10 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн. Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгч мэдэж байгаа. Би гэм буруугаа ухамсарлаж байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-80 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай”...1.5 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 161982₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮. Зүсмэл материал 2.9 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.607.047₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн АА22-64 дугаартай:

            “...Шинэс төрлийн нойтон модын үнэ 560.000/таван зуун жаран мянга/ төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ 56.000/тавин зургаан мянга/ төгрөг, модон иштэй сүхний үнэ 10.000/арван мянга/ төгрөг, нийт 626.000/зургаан зуун хорин зургаан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 46-48 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АА22-42 дугаартай:

            “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн, 49-94 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 2.139.262/хоёр сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 54-57 дугаар тал/

          

            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хууль бусаар бэлтгэсэн мод, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-12 дугаар тал/  

            *49-94 АРХ улсын дугаартай автомашины эзэмшигчийн лавлагаа/хх-ийн 22 дугаар тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Гурвын даваа гэх газраас шүүгдэгч Л.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны үед 2.9м3 шоометр шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, Маяти маркийн 49-94 АРХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, ойн санд 1.607.047 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бийн”...Л.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж Маяти маркийн 9449-АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн” гэх байгаль орчинд 1.607.47 хохирол учруулсан гэх мөрдөн байцаалтын 2212000000187 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гын”...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр оройн 23 цагийн үед Тариат сумын төвд эргүүл хяналт шалгалт хийх явцад иргэн Л.Б нь Бт гэх хүний хөрөө рамд мод буулгасан зүсүүлж байхаар нь мод бэлтгэх эрхийн бичиг болон бэлтгэж тээвэрлэсэн модыг нь шалгахад босоо мод огтолж бэлтгэсэн байхаар нь лавлаж асуухад би 15 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичигт заасны дагуу модоо бэлтгээгүй байна гэж Тариат сум дахь цагдаагийн тасгийн хашаанд аваачиж саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бийн”...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ний үед би гэртээ байж байтал миний төрсөн ах болох Л.Б нь манайд ирээд чи ахдаа модонд яваад тус болоодхооч гэхээр нь ах Л.Бтэй 2022 оны 04 дүгээр сарын 13-ны үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газраас мод бэлтгэсэн. Бид модоо бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө модон иштэй төмөр сүх ашиглан бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Зундуй-Юндэнгийн”...Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2022 оны 05 дугаар сарын 12-14-ний өдөр хүртэл бэлтгэх, 2022 оны 05 дугаар сарын 13-15-ны өдөр хүртэл тээвэрлэхээр АРА-22-024856 дугаарын мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Иргэн Л.Б гэх хүн АРА-22-024856 дугаарт мод бэлтгэх эрхийн бичигт Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Өлийн даваа гэх газраас бэлтгэхээр зааж бичиж өгсөн. Л.Бийн мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газраас бэлтгэсэн байсан миний бичиж өгсөн мод бэлтгэх эрхийн бичигт зааж бичиж өгсөн газраас өөр газарт бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Бгийн”...Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Гурвын даваа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай бүс нутагт хамаардаггүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Энхбаярын”...49-94 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр байдаг, 2016 онд нутгийн хүнээс худалдаж аваад тухайн үедээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 49-94 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь одоо Архангай аймгийн Тариат сумын цагдаагийн хэсгийн хашаанд модтойгоо хамт байгаа. Одоогоор хэвийн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.607.047 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Бийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Л.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.607.047 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.607.047*3=4,821,141/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 4,821,141/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Л.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 49-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Энхбаяр гэх хүний эзэмшилд байдаг болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн 49-94 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч С.Энхбаярт буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.139.262/хоёр сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн 560.000/таван зуун жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн нойтон мод, 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 10.000/арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүхийг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 4,821,141/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/  төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурваны сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Лгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Л.Бөөс 4,821,141/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/  төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн 49-94 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч С.Энхбаярт буцаан олгож, уг автомашины үнэ 2.139.262/хоёр сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн 560.000/таван зуун жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн нойтон мод, 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 10.000/арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүхийг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 4,821,141/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/   төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

7. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР