Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2018/00168

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:****** банкны Дархан салбар /утас ******/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ****** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******  ******* /регистрийн дугаар ********/-т холбогдох

"9,991,545.20 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч****** банкны Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...иргэн Б.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Малчны хугацаатай хадгаламжийн гэрээг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 140,000,000 төгрөгийн орлого хийн тус банкинд хадгалуулсан.

Харилцагч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж банк хадгаламжинд байршуулсан мөнгөн дүн нийт 140,000,000 төгрөг,  хадгаламжийн хуримтлагдсан  хүү 13,053,369.86 төгрөг нийт 153,053,369.86 төгрөгийг хариуцагчид олгосон байна.

Тухайн хугацаатай хадгаламжийн гэрээнд зааснаар  харилцагч гэрээт хугацаанаас өмнө нь хадгаламжийн гэрээг цуцлах тохиолдолд бууруулсан хүү жилийн 3,6 хувиар тооцож нийт 3,065,424.66 төгрөгийн хүүг харилцагчид олгох байсан.

Банк харилцагчид олгосон 13,053,369.86 төгрөгийн хүүнээс хүү бууруулсан хүүнд олгох 3,065,424.66 төгрөгийг хасч тооцвол  9,987,945.20 төгрөгийн хадгаламжийн хүүг харилцагчид илүү олгосон  байх тул буцаан төлөх талаар харилцагч Б.*******т утсаар олон удаа холбогдон мэдэгдэхэд харилцагч төлөхөөс татгалзсан.

Иймд банк Хугацаат хадгаламжийн гэрээний 2.11-р заалт, 2.18-р заалт, 2.25-р заалт, ****** банкны урьдчилсан хүүт хадгаламжийн бүтээгдэхүүний , журам, санамж бичиг дотоод аудитын газрын шалгалтын тайлан зэргийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хүүгийн шимтгэл 9,987,945.20  төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү. “гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ банкны салбараар олон жил үйлчлүүлж байсан бөгөөд мөнгөө хугацаат хадгаламжаас буцаан авахад сүүлийн сарын хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр тооцон боддог байсан.

2016 оны 01 дүгээр сарын 27-ны хадгаламжид ч гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос биш тийм нарийн ойлголт надад өгөөгүй.

Хаан банк үйлчлүүлэгчдээ сайтал үнэн зөв ойлголт өгөхгүйгээр үйлчлүүлэгчээ төөрөгдүүлж гэрээ байгуулсан бол эрх тэгш биш  хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан гэж үзнэ. Бууруулсан хүүг ингэж төлөх болсон бол мөнгөө хадгаламжид хадгалах гэрээг хийгүй.

Банкны хариуцлагагүй үйлдлээс болж  үйлчлүүлэгчид олгосон мөнгийг буцаан авна гэсэн  заалт бидний гэрээнд байхгүй тул би хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч****** банкны Дархан салбар нь хариуцагч Б.*******т холбогдуулан илүү олгосон хүү 9,987,945.20 төгрөг, нотариатын зардал 3600 төгрөг, нийт 9,991,545.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

            Хэрэгт авагдсан баримтаар

            Хариуцагч Б.******* нь жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хадгаламжийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр****** банктай бичгээр байгуулсан бөгөөд хариуцагч Б.******* нь уг хугацаатай хадгаламжид 140,000,000 төгрөгийн орлого хийж хадгалуулсан болох нь хэрэгт авагдсан Иргэдийн хугацаатай хадгаламж, цахим үйлчилгээний гэрээ /хх-10/,****** банкны 5046462999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-12/ зэрэг баримтаар тогтоогдож байгаа ба талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан байна.       

            Дээрх хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусах байтал хариуцагч Б.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр  хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, банкинд байшуулсан мөнгөн дүн 140,000,000 төгрөг, хадгаламжийн хуримтлагдсан хүү 13,053,369.86 төгрөг, нийт 153,053,369.86 төгрөгийг банкнаас авсан ба энэхүү үйл баримтын талаар талууд маргадаггүй болно.

            Нэхэмжлэгч****** банк нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...хариуцагч Б.******* нь хугацаанаас нь өмнө хадгаламжаа цуцалсан учир хадгаламжийн жилийн хүүг 3,6 хувиар тооцож 3,065,424.66 төгрөг олгох байтал хадгаламжийн жилийн хүүг 15,6 хувиар тооцож 13,053,369.86 төгрөгийг хариуцагчид олгосон байна. Иймд Б.*******аас илүү олгосон 9,987,945.20 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.

            Хариуцагч талаас “...энэ****** банкны салбараар олон жил үйлчлүүлж мөнгөө хадгалуулж байсан бөгөөд мөнгөө хугацаанаас нь өмнө хугацаат хадгаламжаас буцаан авахад сүүлийн сарын хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр тооцон боддог байсан. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаатай хадгаламжийн гэрээг байгуулсан боловч уг гэрээний талаар надад нарийн ойлголтыг өгөөгүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргаж байгаа боловч тэрээр тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, 454.2-т “Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана”, 454.4-т “Хадгалуулагч хэдийд ч

 

гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн хугацаатай хадгаламж, цахим үйлчилгээний гэрээний 2.11-т “гэрээг цуцалсан тохиолдолд олгох бууруулсан хүү /жилийн/ 3,60% байна”, 2.25-т “гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө харилцагчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд банкны гэрээний 2.11-т заасан буруулсан хүүг анх гэрээ байгуулсан өдрөөс эхлэн цуцлах хүртэлх хугацаагаар тооцож олгоно...” гэж тус тус заасан байна.

Хариуцагч Б.******* нь дээрх хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир гэрээний 2.25-т заасны дагуу тэрээр хадгаламжийн жилийн хүүг 3,6 хувиар тооцож 3,065,424.66 төгрөг авах ёстой байтал хадгаламжийн хүүд илүү 9,987,945.20  төгрөг авсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан байна.

Хариуцагч Б.******* нь дээрх хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир тэрээр хадгаламжийн жилийн хүүг 3,6 хувиар тооцож авах эрхтэй, харин банк хадгаламжийн жилийн хүүг 15,6 хувиар тооцож олгох үүрэг хүлээхгүй тул хариуцагч Б.*******аас үндэслэлгүйгээр олж авсан 9,987,945.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч****** банкны Дархан салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.      

                  Нэхэмжлэгч****** банк нь шүүхэд дээрх нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулж, нотариатын 3,600 төгрөгийн зардал гарсныг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй холбоотойгоор гарсан нотариатын зардал байх тул нэхэмжлэгчийн гаргасан 3,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 9,987,945.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч****** банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,757 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 174,757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч****** банкны Дархан салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА