Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/199

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч: С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Сгийн Ад холбогдох эрүүгийн 2212000000150 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л овогт Сгийн А, регистрийн дугаар: /АЭ............/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Сгийн А нь Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 38 дугаар байрны 40 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр И.Эыг “Ачааны дайвар мөнгө авлаа” гэх шалтгаанаар нүүр орчим нь цохиж, улмаар зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000150 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч И.Эын өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед аймгийн тээврийн товчоо дээр С.А захиралтай уулзаад манай тээврийн автобус Архангай аймгийн Төвшрүүлэх сумын шар булгийн давааны ойролцоо шаварт суусан байсныг гаргахаар 3-уулаа явсан. Бид шаварт суусан автобусаа татаж гаргаад 17 цагийн үед аймагт буцаж ирсэн. Тэгээд аймагт ирээд С.А, Т, Д.Б, Э бид 5 гарааш дээр автобусаа янзалсан. Тэр үед бид тав 2 шил 0,75 литртэй “X” нэртэй архи хувааж уусан. Бид нар уг архийг 20 цагийн үед ууж дуусаад Тыг Сүрьеэгийн аманд байх гэрт хүргэж өгөхөөр 5-уулаа хамт нэг машинтай явсан. Бид хэд Тыг буулгаж өгчхөөд тэдний гэрийн гадна байж байхдаа би Этай муудалцсан. 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Улаанбаатараас үүрийн 05 цагт ирсэн тэр үед би Эы 2 дугуйг авчирсан юм. Би уг 2 дугуйн дээр 5 к гээд тоглоод биччихсэн. /Тээврийнхэн бид ачааны хөлсөө тухайн эд зүйл дээр тэмдэглэчихдэг юм/. Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн товчоон дээрээс автобусаа хорихын урд талд айлын хашаанд аваачиж тавьсан. Тухайн Эы 2 дугуй тээшинд явж байсан. Тэгсэн өдөр над руу дугуй авах хүн ярьсан юм. Тэгэхээр нь би автобуснаас очиж аваарай гэж хэлсэн, тэгсэн тухайн үед автобусаа тавьсан байсан айлын хүн хуучин надтай хамт автобусанд явдаг байсан болохоор Эы дугуй гэж мэдэхгүй 5.000 төгрөг авчихсан юм билээ. Ийм асуудлаас Э намайг ачааны дайвар мөнгө авлаа баян тарган, шинжгүй гээд элдвээр хэлээд сүүлдээ барьцалдаж авсан. Тэгээд байж байтал С.А та нар яах гэж ингэж байдаг юм бие биеийнхээ юмыг үнэгүй хүргэж өгчихөд яадаг юм гэж хэлээд миний толгой руу гараараа 1 удаа цохиод авсан. Би өөдөөс та чинь нам айг цохчихлоо ш дээ, гэж хэлээд гарыг нь хойш нугалаад дарахад бөгж нь гарт нь шигдээд гараас нь цус гарсан. Тэгтэл чи миний гарыг хугалчихлаа гээд намайг учир зүггүй зодож нүдээд ална тална дайрахаар машинаас явган зугтаасан. Тэгээд эгчийнх рүүгээ гүйгээд орсон. Миний толгой, хөмсөгнөөс цус гараад тогтохгүй болохоор эмнэлэг дээр ирж боолт хийлгэсэн. Миний толгойн 2 шанаа битүү хавдартай, 2 хөмсөг язарсан, нүд хөхөрсөн, хацар хавдсан толгой өвдөж байна. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг С.А цохиж учруулсан. Эыг өмөөрч намайг зодсон. Д.Б, Э 2 хажууд байсан. Болсон асуудлыг бүгд харж сонссон. Т гэртээ ороод амарчихсан байсан болохоор мэдээгүй. Бид хэд дунд нэг айхтар согтсон, тасарсан хүн байгаагүй. Би С.Атой 8, 9 жил хамт ажиллаж байна. Хааяа нэг хэрүүл, маргаан хийх зөрөлдөх зүйл гарч л байдаг. Гэхдээ өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Тухайн өдөр Эыг өмөөрч намайг зодсон. Би эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 05-07 дугаар тал/

 

*Гэрч И.Хгийн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн үед манай дүү И.Э нь Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багт байх манай гэрт нүүр ам хавдсан цус нөжтэй холилдсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь “яасан юу болсон” гээд асуусан чинь “С.Ад алуулах дөхлөө алчихъя гээд чулуу аваад дайраад байсан” гэх хэлсэн. Манай дүү Архангай, Улаанбаатар хотын хооронд нийтийн тээвэрт автобусны жолооч хийдэг юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө С.Агийн автобус Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ирэх чиглэлд явж байгаад замдаа эвдрээд манай дүү очиж авчирсан юм билээ. Тэгж л уулзалдсан юм билээ. Хамт ажиллаж нэг доороос хоолоо олж иддэг байж нэгийгээ аймар болтол зодчихоод араас огт санаа зовохгүй байна. Манай дүү хэлэхдээ өчигдөр Сүрьеэгийн амнаас мөлхөж явсаар манайд орж ирсэн гэсэн, өмсөж явсан хувцас хунар нь аймар болсон байсан. Тухайн үед Булгаа, Д.Б гэх С.Агийн жолооч нар хамт байсан юм билээ. Манай дүү И.Эын 2 зовхины дээр 2 оёдол тавьсан, нүүр, ам, нүд толгой цэл хөх, нил хавдар байна. Манай дүү надад А намайг зодсон гэж ярьсан. Тухайн үедээ 2 залуу хамт байсан байна лээ. Би нүдээр хараагүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

*Гэрч Д.Бн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай нэг автобус Архангай аймгийн Төвшрүүлэх суманд шаварт суучхаад бид аймгийн төвөөс очиж гаргаж авчирсан. Тэгээд аймагт ирээд компанийн гарааш дээр автобусандаа гагнуур хийж байхдаа 1 шил архи хувааж уучихаад Архангай аймгийн Э сумын 5 дугаар баг, Донойд Т ахыг хүргэж өгсөн. Т ахын үүдэн дээр зогсож байхад Э И.Эыг чи миний захиаснаас мөнгө авлаа, 2 дугуй үнэгүй аваад ирж чадахгүй арай ч дээ гээд энэ асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Тэгтэл С.А ах та нар цуг явдаг байж нэгийнхээ захиаснаас болж хоорондоо маргалдаад байхдаа юм бэ гээд И.Эын шанаа руу цохиод автал И.Э С.А ахын гарыг нь хойш мушгиад дарсан чинь С.А ахын гараас цус урсаад гараад “яагаад гар дарж байгаа юм бэ цус гараад байна ш дээ” гээд машинаас буугаад И.Э тэр 2 гадаа барьцалдаад авсан зодолдоод байсан. Тэр үед Э бууж очоод тэр 2-ыг салгасан. И.Э гүйгээд яваад өгсөн. Би араас нь хайгаад олоогүй. С.Агийн зүүн гарын дунд хурууг нугалаад дарчихсан 3 дахь үе хавьцаанаас нь цус гараад байсан. И.Эын шанаа хавдсан байна лээ, над руу чатаар зургаа явуулсан. С.А ах машин дотор байхад И.Эын шанаа руу 1 удаа цохиод авсан юм. Тэгэхэд нь И.Э зөрүүлээд зүүн гарынх нь хурууг хойш мушгиж дарсан. Тэгээд машинаас буугаад гадаа барьцалдаад авчихсан байсан. Тэр үед би машинаас буугаагүй болохоор хэн хэнийгээ яаж цохиж зодсоныг хараагүй. Тухайн үед С.А, Э, мөн миний бие байсан, өөр хүн байгаагүй. С.А, И.Э нар хэвийн харилцаатай байдаг юм. С.А, И.Э нар нь аль аль элдэв янзын буруу зан араншин байхгүй, хэвийн сайхан харьцаатай хүмүүс юм. Өмнө хэрүүл маргаан гарч байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Яллагдагч С.Агийн өгсөн:

“…Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 160 дугаартай “...И.Эын биед баруун, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, дух, зулай хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шанаа, дух, зулай хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 38 дугаар байрны 40 тоотод иргэн И.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.А нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 38 дугаар байрны 40 тоотод иргэн И.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч И.Эын өгсөн “Тэгээд байж байтал С.А та нар яах гэж ингэж байдаг юм бие биеийнхээ юмыг үнэгүй хүргэж өгчихөд яадаг юм гэж хэлээд миний толгой руу гараараа 1 удаа цохиод авсан. Би өөдөөс та чинь нам айг цохчихлоо ш дээ, гэж хэлээд гарыг нь хойш нугалаад дарахад бөгж нь гарт нь шигдээд гараас нь цус гарсан. Тэгтэл чи миний гарыг хугалчихлаа гээд намайг учир зүггүй зодож нүдээд ална тална дайрахаар машинаас явган зугтаасан. Тэгээд эгчийнх рүүгээ гүйгээд орсон. Миний толгой, хөмсөгнөөс цус гараад тогтохгүй болохоор эмнэлэг дээр ирж боолт хийлгэсэн. Миний толгойн 2 шанаа битүү хавдартай, 2 хөмсөг язарсан, нүд хөхөрсөн, хацар хавдсан толгой өвдөж байна. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг С.А цохиж учруулсан” гэх мэдүүлэг, гэрч И.Хгийн “2022 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн үед манай дүү И.Э нь Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багт байх манай гэрт нүүр ам хавдсан цус нөжтэй холилдсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь “яасан юу болсон” гээд асуусан чинь “С.Ад алуулах дөхлөө алчихъя гээд чулуу аваад дайраад байсан” гэх хэлсэнгэх мэдүүлэг, гэрч Д.Бн” Тэгтэл С.А ах та нар цуг явдаг байж нэгийнхээ захиаснаас болж хоорондоо маргалдаад байхдаа юм бэ гээд И.Эын шанаа руу цохиод автал И.Э С.А ахын гарыг нь хойш мушгиад дарсан чинь С.А ахын гараас цус урсаад гараад “яагаад гар дарж байгаа юм бэ цус гараад байна ш дээ” гээд машинаас буугаад И.Э тэр 2 гадаа барьцалдаад авсан зодолдоод байсан. Тэр үед Э бууж очоод тэр 2-ыг салгасан. И.Э гүйгээд яваад өгсөн. Би араас нь хайгаад олоогүй. С.Агийн зүүн гарын дунд хурууг нугалаад дарчихсан 3 дахь үе хавьцаанаас нь цус гараад байсан. И.Эын шанаа хавдсан байна лээ, над руу чатаар зургаа явуулсан. С.А ах машин дотор байхад И.Эын шанаа руу 1 удаа цохиод авсан юм. Тэгэхэд нь И.Э зөрүүлээд зүүн гарынх нь хурууг хойш мушгиж дарсан. Тэгээд машинаас буугаад гадаа барьцалдаад авчихсан байсан” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Агийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч С.А нь хохирогчийн эрүүл мэндэд баруун, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, дух, зулай хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч И.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч С.А нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт Сгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР