Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2018/00011/И |
Дугаар | 135/шш2018/00231 |
Огноо | 2018-02-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 135/шш2018/00231
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК /регистрийн дугаар *********/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* *******/регистрийн дугаар *******/-д холбогдох
"3,064,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...В.*******нь ******* ХХК-ийн Дархан салбараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээл хүссэн. Уг хүсэлтийнх нь дагуу ******* ХХК болон В.*******нарын хооронд 1,600,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд ******** ДАХ маркын автомашиныг фидуцийн гэрээ байгуулж шилжүүлж өгсөн.
Зээлдэгч В.*******нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээг 6 сараас сунгаж байсан. Мөн В.*******нь 2017.12.12-ны өдөр хүсэлт гаргаж, хүү, алданги, үндсэн зээл дээр санал нэгдэж хэрхэн төлж барагдуулах талаар хүсэлт гаргаж өгсөн. Уг хүсэлтийн дагуу 2017.12.19-ний өдөр ******* ХХК-иас эвлэрэлд урихад В.*******нь эвлэрэх саналгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 792,000 төгрөг, алданги 672,000 төгрөг, нийт 3,064,000 төгрөгийг хариуцагч *******гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч В.*******шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие нэхэмжлэлд бичигдснээр ******* ХХК-аас зээл авсан, *******дугаартай соната 4 маркын машин барьцаалсан зүйл огт байхгүй.
Барьцаанд тавьсан гэх соната 4 маркын *******дугаартай авто машин нь миний машин биш, би тус авто машиныг эзэмшиж өмчилж байгаагүй.
******* ХХК-ий надтай байгуулсан гэх зээлийн гэрээ, гэрээний сунгалт зэрэг нь бүгд хуурамч хууль бус зүйл юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 792,000 төгрөг, алданги 672,000 төгрөг нийт 3,064,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч В.*******нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ бичгээр байгуулагдсан ба уг зээлийн гэрээгээр хариуцагч В.*******нь 1,600,000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар ******* ХХК-иас зээлдэж авахаар,
Фидуцийн гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч В.*******нь өөрийн өмчлөлийн Х.Соната-4 маркийн ******** ДАх улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгч ******* ХХК-ний өмчлөлд шилжүүлж, өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг зарж борлуулахад болон бусад байдлаар үнийг тодорхойлоход зээлдүүлэгч зах зээлийн түргэн зарагдах үнэ буюу энэхүү гэрээний 3.1-д заасан 1,600,000 төгрөгөөр зарж хохирлоо гарган авахаар тус тус тохиролцсон байна.
Хариуцагч В.*******нь дээрх байгуулсан зээлийн гэрээний дагуу 1,600,000 төгрөгийг ******* ХХК-иас бэлнээр болон дансаар аваагүй болох нь зохигч талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч тал “...хариуцагч*******1,600,000 төгрөгийг өгөөгүй, харин тэрээр энэ 1,600,000 төгрөгийн оронд соната-4 маркийн ******** ДАх улсын дугаартай автомашиныг худалдан авч, уг авто машиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан...” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “ хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр “ гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг ******* ХХК нь хариуцагч *******өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор хуульд заасан байхад нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд заасан 1,600,000 төгрөгийг*******хүлээлгэн өгөөгүй байгаа нь дээрх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.
Иймд ******* ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр В.*******нь 1,600,000 төгрөг бэлнээр аваагүй , 1,600,000 төгрөгийн оронд Х.Соната4 маркын улсын ******** ДАХ дугаартай автомашиныг худалдан авч, фидуцийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг гаргаж боловч дээрх автомашиныг *******өмчлөлд шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Автотээврийн газраас ирүүлсэн лавлагаагаар үгүйсгэгдэж байна.
Иймээс ******* ХХК-ний гаргасан хариуцагчаас 3,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ний гаргасан хариуцагч *******3,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,980 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА