Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 231

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Энхжин Инвест ХХК /регистрийн дугаар 2619431, утас 86046006, 99616006/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 4-178 тоотод оршин суух, Хамниган овогт Володягийн Мөнхтулга /регистрийн дугаар ХЗ82090676, утас 95119081/-д холбогдох

"3,064,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.                                               

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...В.Мөнхтулга нь Энхжин инвест ХХК-ийн Дархан салбараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээл хүссэн. Уг хүсэлтийнх нь дагуу Энхжин инвест ХХК болон В.Мөнхтулга нарын хооронд 1,600,000 төгрөгийг 6 сарын  хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд 9686 ДАХ маркын автомашиныг фидуцийн гэрээ байгуулж шилжүүлж өгсөн.

Зээлдэгч В.Мөнхтулга нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээг 6 сараас сунгаж байсан. Мөн В.Мөнхтулга нь 2017.12.12-ны өдөр хүсэлт гаргаж, хүү, алданги, үндсэн зээл дээр санал нэгдэж хэрхэн төлж барагдуулах талаар хүсэлт гаргаж өгсөн. Уг хүсэлтийн дагуу 2017.12.19-ний өдөр Энхжин инвест ХХК-иас эвлэрэлд урихад В.Мөнхтулга нь эвлэрэх саналгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 792,000 төгрөг, алданги 672,000 төгрөг, нийт 3,064,000 төгрөгийг хариуцагч В.Мөнхтулгаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч В.Мөнхтулга шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие нэхэмжлэлд бичигдснээр Энхжин инвест ХХК-аас зээл авсан, 96-86 ДАХ дугаартай соната 4 маркын машин барьцаалсан зүйл огт байхгүй.

Барьцаанд тавьсан гэх соната 4 маркын 96-86 ДАХ дугаартай авто машин нь миний машин биш, би тус авто машиныг эзэмшиж өмчилж байгаагүй.

Энхжин Инвест ХХК-ий надтай байгуулсан гэх зээлийн гэрээ, гэрээний сунгалт зэрэг нь бүгд хуурамч хууль бус зүйл юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Энхжин инвест ХХК нь хариуцагч В.Мөнхтулгаас үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 792,000 төгрөг, алданги 672,000 төгрөг нийт 3,064,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч В.Мөнхтулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ бичгээр байгуулагдсан ба уг зээлийн гэрээгээр хариуцагч В.Мөнхтулга нь 1,600,000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар  Энхжин Инвест ХХК-иас зээлдэж авахаар,

Фидуцийн гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч В.Мөнхтулга нь өөрийн өмчлөлийн Х.Соната-4 маркийн 9686 ДАх улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ний өмчлөлд шилжүүлж, өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг зарж борлуулахад болон бусад байдлаар үнийг тодорхойлоход зээлдүүлэгч зах зээлийн түргэн зарагдах үнэ буюу энэхүү гэрээний 3.1-д заасан 1,600,000 төгрөгөөр зарж хохирлоо гарган авахаар тус тус тохиролцсон байна.

Хариуцагч В.Мөнхтулга нь дээрх байгуулсан зээлийн гэрээний дагуу 1,600,000 төгрөгийг Энхжин инвест ХХК-иас бэлнээр болон дансаар аваагүй болох нь зохигч талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч тал “...хариуцагч В.Мөнхтулгад 1,600,000 төгрөгийг өгөөгүй, харин тэрээр энэ 1,600,000 төгрөгийн оронд соната-4 маркийн 9686 ДАх улсын дугаартай автомашиныг худалдан авч, уг авто машиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан...” гэсэн тайлбарыг гаргасан болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “ хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр “ гэрээг байгуулсанд тооцохоор тус тус  заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг Энхжин инвест ХХК нь хариуцагч В.Мөнхтулгын өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор хуульд заасан байхад нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд заасан 1,600,000 төгрөгийг В.Мөнхтулгад хүлээлгэн өгөөгүй байгаа нь дээрх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд Энхжин Инвест ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн  гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр В.Мөнхтулга нь 1,600,000 төгрөг бэлнээр аваагүй , 1,600,000 төгрөгийн оронд Х.Соната4 маркын улсын 9686 ДАХ дугаартай автомашиныг худалдан авч, фидуцийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг гаргаж боловч дээрх автомашиныг В.Мөнхтулгын өмчлөлд шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Автотээврийн газраас ирүүлсэн лавлагаагаар үгүйсгэгдэж байна.  

Иймээс Энхжин инвест ХХК-ний гаргасан хариуцагчаас 3,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ний гаргасан хариуцагч В.Мөнхтулгаас 3,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,980 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА