| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2019/0006/Э/ |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | 0 |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 04
Г.О, М.Б нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Д.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.О өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч М.Б өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О, шүүгдэгч М.Б өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын давж заалдах гомдлоор, Г.О, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1958 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 16-р байрны 2-1 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДЭ58100815 регистрийн дугаартай, Иөншөөбү овогтой Г. О.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нарлаг 9-43 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДЖ84051510 регистрийн дугаартай, Гүртэн овогт М. Б.
Шүүгдэгч Г.О нь 2017 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээрээс хуурамч Алтангадас одон худалдан авч, М.Б худалдсан гэмт хэргийг,
2.
Шүүгдэгч М.Б нь 2017 онд Г.О-с хуурамч Алтангадас одон худалдан авч, уг Алтангадас одонг хуурамч болохыг мэдсээр байж С.Д гардуулан өгч, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Иөншөбү овогт Г. О Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж худалдсан гэмт хэрэг үйлсэн, Гүртэн овогт М .Б Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, М.Б нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, М.Б нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.О-с гэмт хэрэг үйлдэж олсон 50.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 71003 дугаартай алтан гадас одон гэх металл тэмдэг, үнэмлэх зэргийг устгахаар тогтоож, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргах журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэч Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Миний бие Г.О нь 2017 оны 12 сарын эхээр Улаанбаатар хотын Нарантуул захаас медаль зардаг хүнээс “Алтан гадас” одон худалдан авч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М.Б худалдсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч энэ хэрэг 2017 оны 12 сард болсон учир Эрүүгийн хариуцлага хүлээх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг шийтгэх тогтоолыг магадлаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч М.Б өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гарсан гомдол тайлбартаа: Анхан шатын шүүх шүүгдэгч М.Б гэм буруутайд тооцох шийтгэх тогтоолдоо Д “Алтан гадас” гардуулсан гэрч нарын мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон. Гэтэл Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл М.Б хувьд хуурамч гэдгийг мэдээгүй байсан, энэ талаар Г.О шүүх хуралдаанд мэдүүлдэг. Мөн М.Б нь нутгийн хөгшинг баярлуулах зорилгоор учир “Алтан гадас” одон олдох боломжтой эсэх талаар асууж Г.О хандсан байсан. Одон болон үнэмлэхийн мөнгө гэж 400.000 төгрөг өөрөөсөө Г.О өгсөн байдаг. Өөрөө ямар нэгэн ашиг хонжоо олоогүй М.Б хувьд хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн эрүүгийн хариуцлага хүлээх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
3.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наран туул зах дээрээс Алтангадас одонг хуурамч үнэмлэхийн хамт худалдан авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед М.Б худалдсан,
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед шүүгдэгч Г.О Алтангадас одонг хуурамч үнэмлэхийн хамт худалдан авч хуурамч гэдгийг нь мэдсээр байж С.Д гардуулан өгч ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч А.Амарзаяагийн “С.Д төрийн дээд одон медаль олгуулахаар материал явуулаагүй” тухай мэдүүлэг, гэрч С.Д “М.Б гэрт нь очиж 71003 гэсэн дугаартай Алтангадас одон, одонгийн үнэмлэхийг гардуулсан” тухай мэдүүлэг, гэрч Д.Бүрэнжаргалын “М.Б аав С.Д нь гэрт нь очиж Алтангадас одон гардуулсан” тухай мэдүүлэг, гэрч Л.Отгончимэгийн “Алтангадас одонгийн дугаар давхардах боломжгүй бөгөөд С.Дамдинбазар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдаагүй” тухай мэдүүлэг, шүүгдэгч Г.О, М.Бнарын бусад нотлох баримтаар тогтоогдож буй гэм мэдүүлгүүд, шинжээчийн “шинжилгээнд ирүүлсэн 71003 дугаартай үнэмлэх нь хуурамч байна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.О Алтангадас одонгийн баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж худалдсан, М.Б Алтангадас одонгийн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна.
4.
Харин М.Б, Г.О нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б, Г.О нарын гаргасан гомдлын “хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” тухай хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд:
“Шүүгдэгч М.Б, Г.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, Г.О нарын гомдлыг хангасугай.
2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР