Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МХНН

Улаанбаатар төмөр замын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 850 дугаар шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Гомдол гаргагч МХННУлаанбаатар төмөр зам

Хариуцагч Нобг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, дэд хурандаа Н.М

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.

Хариуцагч Нобг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, дэд хурандаа Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.

Хэргийн индекс: 128/2023/0943/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 850 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” Нийслэлийн Онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0072348 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохыг” хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч МХННУлаанбаатар төмөр замын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Д хэсэг нь бие даасан хуулийн этгээд биш буюу хуулийн этгээдийн эрхгүй болох нь тогтоогдож байх хэдий ч ... 0072348 дугаартай шийтгэлийн хуудас илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна”, “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1 7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй” гэж дүгнэжээ. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус тохиолдолд илт хууль бус болно, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй", 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байхад шүүгч хуулийн дээрх заалтуудыг анхаарсангүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0072348 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нобг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын ахлах байцаагч нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0072348 дугаар шийтгэлийн хуудсаар МХННУлаанбаатар төмөр замын Д хэсгийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг зөрчсөн нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 1000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2. МХННУлаанбаатар төмөр зам нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд хариуцлага ногдуулснаас биелэгдэх боломжгүй болсон” тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар “илт хууль бус” болохыг тогтоолгохоор гомдол гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

2.1. Учир нь шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт “Д хэсэг” гэж заасан хэдий ч бусад хэсэгт холбогдогчийн нэрийг МХННУлаанбаатар төмөр замын Д хэсэг гэж тодорхой заасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус нийгэмлэгийн Д хэсгийн (тамга, тэмдэг хэрэглэдэг) дарга П. түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. -ийг оролцуулсан, тус татах хэсгийн илчит тэрэгний яндангаас оч хаясны улмаас Амгалангаас Туул зөрлөг хүртэлх замд өвс шатаж галын аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөн, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн” зөрчил гарсан нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалаар тогтоогдсон байна.

3. Эдгээр үйл баримтаас үзвэл улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдогчийг зөв тогтоож, хариуцлага ногдуулсан, өөрөөр хэлбэл холбогдогчоор “МХНН Улаанбаатар төмөр замын Д хэсэг” гэж тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

4. Ийнхүү шийтгэлийн хуудсанд тус нийгэмлэгийн харьяа салбарыг тодорхой заасан нь тус хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл “биелэгдэх боломжгүй” шийтгэлийн хуудас гэж үзэхгүй.

5. Тэрээр МХННУлаанбаатар төмөр замын шүүхэд гаргасан гомдолд “... нийгэмлэгийн дүрмийн 19 дүгээр зүйлд Замын дарга төмөр замын ашиглалтын бүх ажлыг биеэ дааж удирдах ба энэ дүрмээр тогтоогдсон ... хэргүүдээс бусад өдөр тутмын бүх ажил хэрэг болоод хөрөнгө хогшлыг тусгай итгэмжлэлгүйгээр эрхлэн барина гэж заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх этгээд нь Замын дарга байна” гэж дурдсанаас үзвэл “МХННУлаанбаатар төмөр замын Д хэсгийн гаргасан зөрчилд ногдуулсан хариуцлагыг уг хуулийн этгээд буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, хөрөнгө хогшлыг эрхлэн барих Замын дарга биелүүлэх талаар тодорхойлсон байх тул “гүйцэтгэх этгээд тодорхой бус, биелүүлэх боломжгүй илт хууль бус” гэх давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй.

6. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, МХННУлаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч МХННУлаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ