Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0082/Э |
Дугаар | 2022/ШЦТ/157 |
Огноо | 2022-07-28 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,
Хохирогч П.Болдбаатар,
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Шавь овогт Цэрэндоржийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2107 00119 0032 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Налайх дүүрэг 1 дүгээ хороо, Энгэршанд 21-02 тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд
Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД: НЩ85120377/,
Их Шавь овогт Цэрэндоржийн Бат-Эрдэнэ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2020 оны 02 сард иргэн Г.Энхтөрийн “Gantumur Enkhtur” гэх фейсбүүк хаягнаас “өвс зарна” гэж байршуулсан зарын дагуу холбогдож Налайх дүүрэгт түүнтэй уулзаж 1000 боодол өвсийг 1 боодлыг нь 13,000 төгрөг нийт 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцон худалдан авч 4,000,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 9,000,000 төгрөгийг өгөлгүй бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “өвс зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мандах” дэлгүүрийн гадаа иргэн П.Болдбаатараас мобайл банкаар 1,700,000 төгрөг шилжүүлснийг А.Хадбаатарын “Хаан” банкны 5017213506 тоот дансаар дамжуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг,
Хохирогч П.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрөө Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Манай ээж Горхид хөдөө мал дээр байдаг. Би өөрөө хөдөө явах гээд яарснаас болоод ийм зүйл болчихлоо. Уг нь жилийн жилд Фейсбүүкээр хаягаар аваад хүргэж өгөөд байдаг. Энэ удаад ийм зүйл болчихлоо. Би хохирлоо барагдуулмаар байна. Өөр гомдол санал гэх зүйл байхгүй. Болсон зүйлийг тодорхой бичсэн байгаа нэмж хасах зүйл байхгүй. 1.700.000 төгрөг...“ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар дараах баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Г.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр би өөрийн “Gamtumur Enkhtur” гэх фейсбүүк хаягнаас “өвс зарна” гэсэн групп руу орж өвс зарна гэх зар тавьсан юм. Энэ зарын дагуу 90148585 дугаарын утаснаас над руу Ц.Бат-Эрдэнэ гэх залуу залгаад бид хоёр Налайх дүүрэгт уулзсан юм. Тэгээд надаас нийт 1000 боодол өвс авахаар болсон юм. Надаас их хэмжээний өвс авч байгаа болохоор би тэр үеийн зах зээлийн үнээс хямдруулаад нэг боодол өвсийг 13,000 төгрөгөөр зарахаар болоод Ц.Бат-Эрдэнэ ч надаас өвсөө бага багаар авч эхэлсэн. Тэгээд бүр мөнгөө авч чадахгүй бол тэр мөнгөндөө 13,000,000 төгрөгөндөө “тоёота королла аксио” маркийн машинаа өгчихнө гэж байсан. Тэрнээс хойш өвсөө бага багаар авсаар байгаад 2020 оны 03 дугаар сарын сүүлд үед 1000 өвсөө надаас авчихсан. Тэгээд Ц.Бат-Эрдэнэ мөнгөө өгөхгүй явсаар байгаад намайг нэхээд байхаар 2020 оны 04 дүгээр сараас 06 сарын хооронд увуулж цувуулан байж 4,000,000 төгрөг надад өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь би тэгвэл машиныг чинь авна гээд хэлтэл машин урд хойноосоо ороод сэвтэй болчихсон байгаа мөнгийг нь өгчихье гэхээр нь би итгээд мөнгө өгчих байх гэж бодсон. Тэрнээс хойш намайг залгахаар утсаа авахгүй, хөдөө байна гэх мэтээр худлаа ярьж явсаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд над руу өмгөөлөгч Баяраа гэх хүн залгаад “би Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч байгаа юм, Ц.Бат-Эрдэнэ нь 461-р ангид хоригдож байгаа таныг Ц.Бат-Эрдэнээс өвсний авлагатай гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандад байх гэрт нь очтол Ц.Бат-Эрдэнийн эхнэр гэх Болортуяа байж байсан. Тэгээд эхнэртэй нь уулзтал эхнэрээсээ салаад явчихсан, машин нь өөрийнх нь нэр дээр биш банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг ба тэрийг нь эхнэр нь төлж машиныг нь эхнэр нь унадаг байсан юм байна лээ. ...нийт 13,000,000 төгрөг авах ёстой байснаас би 4,000,000 төгрөгийгавсан. Одоо 9,000,000 төгрөгавах ёстой” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Энхтөрөөс гаргаж өгсөн өвс хүлээлгэн өгсөн гэх баримтууд /хх-25-30/,
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сард би Г.Энхтөр гэх хүнээс 10,000 төгрөгөөр 1 боодол өвсийг авахаар тохиролцож 1000 боодол өвс авч 4 сая төгрөгийг Энхтөрийн данс руу шилжүүлж, үлдсэн мөнгийг өгөөгүй юм...би Энхтөрд машин тэрэг өгөх талаар огт
яриагүй” /хх-22/ гэх мэдүүлэг,
Хохирогч П.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард би фейсбүүкээс Налайхчуудын нээлттэй групп дээрээс өвс зарна гэсэн зар хараад ээждээ өвс авч өгөх гээд тухайн зарын дагуу “83128585” гэсэн дугаар луу холбогдоход “Би өвсөнд Төв аймаг руу явж байна ирээд холбогдох болно” гэж хэлсэн удалгүй 2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө над руу залгаад бид нар өвсөө аваад Налайх дүүрэг рүү ирж байна. Та Налайх дүүргийн Мандах дэлгүүр дээр уулзъя гэж тохироод би хотоос Налайх руу ирэх замд над руу дахиж залгаад бид нар Налайхад ирчихсэн байна, та хаана байна гэхээр нь би уулын замд түгжрээд явж байна гэхэд та над руу 200,000 төгрөг шилжүүлээч бид нар шороо тоосноосоо салаад байж байя гээд 5017213506 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь би тухайн данс руу 200,000 төгрөг хийгээд очоод уулзтал жижиг тэрэгтэй намайг хүлээгээд байж байсан. Тэгээд уулзтал бид нар өвснөөсөө түрүүлээд ирчихлээ жолооч нар мөнгөө нэхээд явахгүй гээд байна. Та итгэхгүй бол яриад үз гээд нэг хүнтэй ярьсан тэр хүн нь мөнгөө гүйцээгээд өгчих гээд байсан тэгэхээр нь би итгээд үлдэгдэл 1,400,000 төгрөг бэлнээр 5017213506 гэсэн дугаарын данс руу шилжүүлээд бэлнээр 250,000 төгрөг өгсөн. Тэгээд ардаас өвс ирэхээр гэрт буулгаж өгөхөөр тохироод би түрүүлээд гэр лүү явсан араас удалгүй залгаад өвс Налайхад ирчихсэн авчирсан машин нь Налайхад бүгдийг нь буулгачхаад явчихлаа бид нар машин түрээслээд танаа гэрт өгөх гэсэн чинь 100,000 төгрөг гэж байна. Та шилжүүлчхээч гэсэн тэгэхээр нь би нэгэнт мөнгө өгчихсөн юм чинь гээд сүүлийн 100,000 зээлэв гээд тухайн данс руу дахиад хийсэн тэгээд удалгүй залгахад бид нар хүргэж өгөх машиндаа ачиж байна өнөөдөр шөнө очих болно гэсэн. Тэгээд маргааш нь залгахад ачиж байна өнөөдөр шөнө очих болно гээд байсан тэгээд хэд хоногоос залгахад ахаа нөгөө өвсийг өөр хүн бүгдийг нь бөөндөөд авчихлаа бид нар дахиад явж ирээд танд өгөх болно гэж хэлээд одоог хүртэл утсаа авахгүй алга болсон. Би нийт 1,700,000 төгрөг шилжүүлсэн...” /хх-54/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Хадбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Бат-Эрдэнэ над руу 83128585 дугаарын утаснаас залгаад “ахын чинь гэрийн гадаа байна, хоёулаа урагшаа явчхаад ирье” гээд дуудсан юм. Тэгэхээр нь би гараад очтол Ц.Бат-Эрдэнэ намайг машиндаа суулгаад хүмүүс рүү утсаар ярьж байгаад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах дэлгүүрийн урд очиж нэг хүнтэй уулзсан. Би хамт уулзаагүй болохоор тэр хүнийг нь анзаараагүй. Тэгээд надаас карт байгаа юу гээд асуухаар нь байгаа гэж хэлээд 5017213506 тоот данс байгаа гээд хэлтэл миний данс руу мөнгө хийлгэх шиг болсон. Тэгээд миний картыг аваад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замд гаръя дэлгүүрийн АТМ рүү орчхоод миний картыг буцаагаад өгсөн. Тэр үед Бат-Эрдэнэ мөнгөө бэлэн авсан уу, хүн рүү шилжүүлсэн үү гэдгийг нь би мэдээгүй. Тэгээд миний картыг буцаагаад өгсөн. ...5017213506 тоот данс нь миний нэр дээр байдаг миний ашигладаг данс байгаа юм.” /хх-58/ гэх мэдүүлэг,
Хохирогч П.Болдбаатарын “Хаан” банкны дансны хуулга /хх-72/,
А.Хадбаатарын “Хаан” банкны 5017213506 тоот дансны хуулга /хх-76/,
“Жи мобайл” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/1667 дугаартай албан бичиг “...83128585 дугаарыг Цэрэндоржийн Бат-Эрдэнэ нь эзэмшдэг гэх” /хх-78-79/,
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би П.Болдбаатар гэх залуутай уулзаж өвс зарахаар болж тээврийн мөнгө болох 1,700,000 төгрөгийг зээлж А.Хадбаатар гэх найзынхаа данс руу хийлгэж авсан.” /хх-69/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчийн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдад итгэл үнэмшил төрүүлэн бусдыг залилж, үлэмж хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд”, Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн тухайд энэ хоёр үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа... Шүүгдэгч нь гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй байгаа тул өөр саналгүй гэх гэм буруугийн талаар дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2020 оны 02 сард иргэн Г.Энхтөрийн “Gantumur Enkhtur” гэх фейсбүүк хаягнаас “өвс зарна” гэж байршуулсан зарын дагуу холбогдож Налайх дүүрэгт түүнтэй уулзаж 1000 боодол өвсийг худалдан авахаар тохиролцон бусдын эд хөрөнгийг хуурч залилсан болох нь Хохирогч Г.Энхтөрийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр би өөрийн “Gamtumur Enkhtur” гэх фейсбүүк хаягнаас “өвс зарна” гэсэн групп руу орж өвс зарна гэх зар тавьсан юм. Энэ зарын дагуу 90148585 дугаарын утаснаас над руу Ц.Бат-Эрдэнэ гэх залуу залгаад бид хоёр Налайх дүүрэгт уулзсан юм. Тэгээд надаас нийт 1000 боодол өвс авахаар болсон юм. Надаас их хэмжээний өвс авч байгаа болохоор би тэр үеийн зах зээлийн үнээс хямдруулаад нэг боодол өвсийг 13,000 төгрөгөөр зарахаар болоод Ц.Бат-Эрдэнэ ч надаас өвсөө бага багаар авч эхэлсэн. Тэгээд бүр мөнгөө авч чадахгүй бол тэр мөнгөндөө 13,000,000 төгрөгөндөө “тоёота королла аксио” маркийн машинаа өгчихнө гэж байсан. Тэрнээс хойш өвсөө бага багаар авсаар байгаад 2020 оны 03 дугаар сарын сүүлд үед 1000 өвсөө надаас авчихсан. Тэгээд Ц.Бат-Эрдэнэ мөнгөө өгөхгүй явсаар байгаад намайг нэхээд байхаар 2020 оны 04 дүгээр сараас 06 сарын хооронд увуулж цувуулан байж 4,000,000 төгрөг надад өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь би тэгвэл машиныг чинь авна гээд хэлтэл машин урд хойноосоо ороод сэвтэй болчихсон байгаа мөнгийг нь өгчихье гэхээр нь би итгээд мөнгө өгчих байх гэж бодсон. Тэрнээс хойш намайг залгахаар утсаа авахгүй, хөдөө байна гэх мэтээр худлаа ярьж явсаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд над руу өмгөөлөгч Баяраа гэх хүн залгаад “би Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч байгаа юм, Ц.Бат-Эрдэнэ нь 461-р ангид хоригдож байгаа таныг Ц.Бат-Эрдэнээс өвсний авлагатай гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандад байх гэрт нь очтол Ц.Бат-Эрдэнийн эхнэр гэх Болортуяа байж байсан. Тэгээд эхнэртэй нь уулзтал эхнэрээсээ салаад явчихсан, машин нь өөрийнх нь нэр дээр биш банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг ба тэрийг нь эхнэр нь төлж машиныг нь эхнэр нь унадаг байсан юм байна лээ. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Энхтөрөөс гаргаж өгсөн өвс хүлээлгэн өгсөн гэх баримтууд,
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сард би Г.Энхтөр гэх хүнээс 10,000 төгрөгөөр 1 боодол өвсийг авахаар тохиролцож 1000 боодол өвс авч 4 сая төгрөгийг Энхтөрийн данс руу шилжүүлж, үлдсэн мөнгийг өгөөгүй юм...би Энхтөрд машин тэрэг өгөх талаар огт яриагүй” гэх мэдүүлгээр,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “өвс зарна” гэж зохиомол байдлыг
зориудаар бий болгон хуурч Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мандах” дэлгүүрийн гадаа иргэн П.Болдбаатараас мобайл банкаар 1,700,000 төгрөг шилжүүлснийг А.Хадбаатарын “Хаан” банкны 5017213506 тоот дансаар дамжуулан авч залилсан болох нь
Хохирогч П.Болдбаатарын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард би фейсбүүкээс Налайхчуудын нээлттэй групп дээрээс өвс зарна гэсэн зар хараад ээждээ өвс авч өгөх гээд тухайн зарын дагуу “83128585” гэсэн дугаар луу холбогдоход “Би өвсөнд Төв аймаг руу явж байна ирээд холбогдох болно” гэж хэлсэн удалгүй 2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө над руу залгаад бид нар өвсөө аваад Налайх дүүрэг рүү ирж байна. Та Налайх дүүргийн Мандах дэлгүүр дээр уулзъя гэж тохироод би хотоос Налайх руу ирэх замд над руу дахиж залгаад бид нар Налайхад ирчихсэн байна, та хаана байна гэхээр нь би уулын замд түгжрээд явж байна гэхэд та над руу 200,000 төгрөг шилжүүлээч бид нар шороо тоосноосоо салаад байж байя гээд 5017213506 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь би тухайн данс руу 200,000 төгрөг хийгээд очоод уулзтал жижиг тэрэгтэй намайг хүлээгээд байж байсан. Тэгээд уулзтал бид нар өвснөөсөө түрүүлээд ирчихлээ жолооч нар мөнгөө нэхээд явахгүй гээд байна. Та итгэхгүй бол яриад үз гээд нэг хүнтэй ярьсан тэр хүн нь мөнгөө гүйцээгээд өгчих гээд байсан тэгэхээр нь би итгээд үлдэгдэл 1,400,000 төгрөг бэлнээр 5017213506 гэсэн дугаарын данс руу шилжүүлээд бэлнээр 250,000 төгрөг өгсөн. Тэгээд ардаас өвс ирэхээр гэрт буулгаж өгөхөөр тохироод би түрүүлээд гэр лүү явсан араас удалгүй залгаад өвс Налайхад ирчихсэн авчирсан машин нь Налайхад бүгдийг нь буулгачхаад явчихлаа бид нар машин түрээслээд танаа гэрт өгөх гэсэн чинь 100,000 төгрөг гэж байна. Та шилжүүлчхээч гэсэн тэгэхээр нь би нэгэнт мөнгө өгчихсөн юм чинь гээд сүүлийн 100,000 зээлэв гээд тухайн данс руу дахиад хийсэн. Тэгээд удалгүй залгахад бид нар хүргэж өгөх машиндаа ачиж байна, өнөөдөр шөнө очих болно гэсэн. Тэгээд маргааш нь залгахад ачиж байна өнөөдөр шөнө очих болно гээд байсан. Тэгээд хэд хоногоос залгахад ахаа нөгөө өвсийг өөр хүн бүгдийг нь бөөндөөд авчихлаа бид нар дахиад явж ирээд танд өгөх болно гэж хэлээд одоог хүртэл утсаа авахгүй алга болсон. Би нийт 1,700,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Хадбаатарын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Бат-Эрдэнэ над руу 83128585 дугаарын утаснаас залгаад “ахын чинь гэрийн гадаа байна, хоёулаа урагшаа явчхаад ирье” гээд дуудсан юм. Тэгэхээр нь би гараад очтол Ц.Бат-Эрдэнэ намайг машиндаа суулгаад хүмүүс рүү утсаар ярьж байгаад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах дэлгүүрийн урд очиж нэг хүнтэй уулзсан. Би хамт уулзаагүй болохоор тэр хүнийг нь анзаараагүй. Тэгээд надаас карт байгаа юу гээд асуухаар нь байгаа гэж хэлээд 5017213506 тоот данс байгаа гээд хэлтэл миний данс руу мөнгө хийлгэх шиг болсон. Тэгээд миний картыг аваад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замд гаръя дэлгүүрийн АТМ рүү орчхоод миний картыг буцаагаад өгсөн. Тэр үед Бат-Эрдэнэ мөнгөө бэлэн авсан уу, хүн рүү шилжүүлсэн үү гэдгийг нь би мэдээгүй. Тэгээд миний картыг буцаагаад өгсөн. ...5017213506 тоот данс нь миний нэр дээр байдаг миний ашигладаг данс байгаа юм.” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Болдбаатарын “Хаан” банкны дансны хуулга, гэрч А.Хадбаатарын “Хаан” банкны 5017213506 тоот дансны хуулга, “Жи мобайл” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/1667 дугаартай албан бичиг “...83128585 дугаарыг Цэрэндоржийн Бат-Эрдэнэ нь эзэмшдэг гэх баримт,
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би П.Болдбаатар гэх залуутай уулзаж өвс зарахаар болж тээврийн мөнгө болох 1,700,000 төгрөгийг зээлж А.Хадбаатар гэх найзынхаа данс руу хийлгэж авсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн
шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь хохирогч Г.Энхтөрийн эд хөрөнгийг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирогч П.Болдбаатарыг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.Энхтөрөөс 1000 ширхэг өвс худалдаж авахдаа 1 боодол өвсийг 10,000 төгрөгөөр тохирч авсан талаар мэдүүлсэнтэй холбогдуулан шүүхээс хэрэгт авагдсан хохирогч Г.Энхтөрөөс гаргаж өгсөн өвс хүлээлгэн өгсөн 7 ширхэг баримтуудыг судлахад өвсний үнэ тохирсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ хэргийн улмаас учирсан хохирлыг 2020 оны зах зээлийн үнийг тодорхойлоогүй байдлыг харгалзан шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн 1 боодол өвсийг 10,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогч Г.Энхтөрийн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 1000 боодол өвс, хохирогч П.Болдбаатарын 1,700,000 төгрөгийг тус тус авч бусдыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн өмнөх шийтгэх тогтоолд дурдсан хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдууллаа.
Шүүгдэгчид урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 458 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 10 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоолоо.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7,700,000 төгрөгийг хэрэгт авагдсан дансны хуулга, хэргийн оролцогч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс гаргуулан хохирогч Г.Энхтөрд 6,000,000 төгрөгийг олгохоор, хохирогч П.Болдбаатарт 1,700,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их Шавь овогт Цэрэндоржийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 458 дугаартай магадлалаар оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс 7,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхтөрд 6,000,000 төгрөг, хохирогч П.Болдбаатарт 1,700,000 төгрөгийг олгож, хохирогч Г.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагаас 3, 000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД