Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0052/Э |
Дугаар | 2022/ШЦТ/159 |
Огноо | 2022-07-28 |
Зүйл хэсэг | 11.3.1., |
Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.Мөнхболд,
Иргэний хариуцагч Р.Баасандагва,
Шинжээч М.Ууганбаатар,
Шүүгдэгч Д.Болд, С.Батсүх, тэдгээрийн өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вааша овогт Даваажавын Болд, Боржигон овогт Санжаагийн Батсүх нарт холбогдох эрүүгийн 2107 00085 0029 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, РД: ПК72061613,
Вааша овогт Даваажавын Болд.
Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, 2007 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баривчлах хугацаанаас өмнө суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД: ЧЛ73070933,
Боржигон овогт Санжаагийн Батсүх.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Болд нь “Хасгуа” ХХК-ийн ерөнхий захирал Р.Ням-Очирын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус байгууллагын Налайх дүүрэгт байрлах үйлдвэрт үйлдвэр хариуцсан даргаар мөн өдрөөс эхлэн ажиллах явцдаа, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар “Гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээ’’-р иргэн Б.Мөнхболдыг “зуурагч” ажилтнаар ажил олгон ажиллуулсан бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснийг зөрчиж, эрсдэлтэй ажлын байран дээр үүрэг гүйцэтгэж буй ажилтныг зохих сургалтад хамруулж мэдлэг чадвар эзэмшүүлээгүй, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр ажилтныг хангаагүй, үйлдвэрийн удирдлага гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй, эс үйлдэхүйн улмаас,
Шүүгдэгч С.Батсүх нь “Хасгуа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Болдын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус байгууллагын Налайх дүүрэгт байрлах тоосгоны үйлдвэрт Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Нярав хөдөлмөр хамгааллын ажилд мөн өдрөөс эхлэн ажиллах явцдаа, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тухайн ажилбарт тохирсон нарийвчилсан давтан зааварчилгаа болох “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм МИЗ 4969:2000 стандартын 4.16/ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэснийг зөрчиж өгөгдвөл зохих нарийвчилсан давтан зааварчилгааг холбогдох ажилтнуудад өгөлгүй, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй, эс үйлдэхүйн улмаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасгуа” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт, тус үйлдвэрийн зуурагч ажилтай, иргэн Б.Мөнхболд нь бутлагч төхөөрөмжид гараа хавчуулан “баруун бугалганы дээд 1/3 хэсгээр тайрсан мэс заслын дараах байдал, хүзүүнд сорви” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Д.Болд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Бид нар ажил явуулах гээд алдаа оноо гарсан. Алдаа оноогоо хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед наряд, зааварчилгаа өгөөд ажиллуулж байсан. Хохирогч Мөнхболд тэр үйлдвэрт олон жил ажилласан болохоор уг тоног төхөөрөмжийг унтрааж байж доорхи шороог нь авдаг гэдгийг мэддэг хүн. Тухайн үед ажлаа амжуулах гээд сэтгэл гаргаж яарч байгаад алдаа гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Цаашид Мөнхболдын ажил, амьдралыг нь зохицуулаад эхнэр, хүүхдийг нь цугт нь аваад ажиллуулж байгаа. Цаашид энэ хүнд гарах эрүүл мэндийн болон эд материалын зардлыг төлөхөөр компанийн зүгээс болон хувийн зүгээс тусалж дэмжиж байгаа. Энэ алдаандаа бид гэмшиж байгаа...” гэв.
Шүүгдэгч С.Батсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр үйлдвэрт ХАБ-ын ажилтнаар ажиллаж эхэлснээс хойш ажилтнуудтайгаа үйлдвэрийнхээ ажилтнуудтай байнга тулж ажиллаж, өөрийн мэддэг аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж стандартыг мөрдөж ажиллаж байсан. Хүн бүхэнтэй тулж ажилладаг. Зохих хэмжээнд нь заавар зөвлөмжийг өгдөг байсан. Энэ хэрэг болсонд маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Мөнхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол санал байхгүй. Миний буруу байгаа. Өөрийнхөө үндсэн ажлаа хийхгүй саваагүйтээд тийшээ орсон. Хүрзний хусаж байтал хүрзний иш хугараад орчихоор нь араас нь орсон. Тэгээд би гараа өөрөө авчихсан. Өөр бодож санах зүйл байхгүй...” гэв.
Иргэний хариуцагч Р.Баасандагва нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай Оюут констракшн байгууллага бүрэн хариуцахаар байгаа. Нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Нэмж тодруулах зүйл байхгүй...” гэв.
Шинжээч М.Ууганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан дахин шинжээч томилуулахаар тогтоол ирүүлсэн. Үүний дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ууганбаатар миний бие, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Батцэнгэл, Бадмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн хэрэгт авагдсан материалууд, өмнөх шинжээчийн дүгнэлт бусад баримт зэргийг шинжлэн судалсны үндсэн дээр тухайн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд “Хасгуа” тоосгоны үйлдвэр дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй талаарх асуултуудад хариулж гаргасан байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын гэм бурууг нотлохоор дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.
Хохирогч Б.Мөнхболд нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр...12 цаг 30 минутын үед ажилдаа гараад зуурагчийн ажлаа хийж байтал шавар зөөх зам буюу ирмээн гацчихаар нь яваад очтол ирмээний араа буюу дамарт шороо ороод гацсан байсан. Би гараа оруулаад дамранд тээглэсэн шороог гараараа хусаж байтал гэнэт ирмээний төмөрт тээгэлдээд, дамарт ороогдохоор нь би орилоод тусламж гуйсан. Ямарч байсан тоногийг унтраагаад гараа татаад авахад миний гарны яснууд хугарсан, арьс мах нь унжсан байсан. Тэгээд манай үйлдвэрийн дарга шууд эмнэлэг дээр авчирсан. Би шавар зуураад эргэж байгаа ирмээнд шавраа тавиад цааш нь тоосго хэвлэх хэсэг рүү явуулдаг юм... Уг нь бол тоногийг зогсоогоод гацсан шороог гаргах ёстой. Тэгтэл би гацсан дамрыг хартал гайгүй наана татаад авчих боломжтой байхаар нь тоног, төхөөрөмжийг зогсоолгүй шууд татаж авч байтал гар тээгэлдээд явчихсан... Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр болгон Болд дарга өгдөг. Бид нарт аюулгүй ажиллагааны талаар яриад, дараа нь дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг... Би одоо баруун гараа тайруулсан, хөдөлмөрийн чадвараа алдсан учраас цаашид ажил хийж амьдрахад хэцүү байна. Гэхдээ манай дарга нарын зүгээс надад байшин барьж өгөхөөр болсон. Тийм болохоор гомдол санал байхгүй...” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
“...Надад тоосгоны үйлдвэрээс газар авч, байшин барьж өгнө гэсний дагуу газраа ав гээд 4,000,000 төгрөг өгсөн... Мөн Болд захирал компанийн нэрийн өмнөөс надтай байшин барих ажил гүйцэтгэх гэрээ нотариатаар ороод хийсэн байгаа. Энэ зундаа барьж дуусгахаар тохиролцсон. Сая л газраа хөөцөлдөөд авсан. Одоо байшин барих ажил удахгүй эхэлнэ. Мөн надад хиймэл гар хийлгэхээр 2,000,000 төгрөг өгсөн...” /хх-174/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Насанжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тус компанийн тоосгоны үйлдвэр хэрчигч ажилтай... Намайг шороо буталдаг хэсэг рүү харахад шороо нь дүүрээд орохоо болиод, хахчихсан байсан. Тэрийг оператор ах янзлах гээд төмөр барьчихсан ухаад зогсож байсан. Тэгээд би буцаж ажилдаа ороод ажлаа хийгээд байж байтал гэнэт эмэгтэй хүн орилох чимээ сонсогдсон. Би гүйгээд аваарын улаан товчлуурыг дарж тоног төхөөрөмжөө тэр чигээр нь унтраачхаад очтол Мөнхболд ах буталсан шороог дараагийн бутлуур луу явуулдаг дамар, ирмээн хоёрын хооронд баруун гараа оруулаад, гар нь дамараа дагаад бүтэн эргэчихсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би ирмээн, дамар хоёрыг гараараа эргүүлээд Мөнхболд ахын гарыг салгатал баруун гарын булчин, шөрмөснүүд нь бүгд задраад, яс нь бутарчихсан, арьс, махан дээрээ тогтчихсон байсан...Мөнхболд ах руу очих ёстой шороо нь гараа хавчуулсан төхөөрөмжөөр дамжиж очдог. Тэр нь өөрийнх нь ажилд хамааралтай. Засварын ажлыг тоног засварчин Досмуханбет хийх ёстой байдаг. Гэхдээ Досмуханбет ах ирээд 14 хоног л болж байгаа болохоор тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлүүдийг сайн мэдэхгүй. Тийм болохоор Б.Мөнхболд ах тусалж засварын ажлуудыг хамт хийдэг. Б.Мөнхболд тоног төхөөрөмжүүдийг хамгийн сайн мэддэг, ажиллуулдаг хүн нь байсан юм...Аюулгүй ажиллагааны зааварчилгааг яг ажил эхлэхийн өмнө, өглөөний цайны үеэр бид нар танилцаж гарын үсэг зурдаг. Манай ХАБ-ийн ажилтан Батсүх аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр ажилчдын нэрийг биччихээр нь бид нар өөрсдийнхөө нэрний хойд талд гарын үсэг зурдаг...Батсүх өөрөө аюулгүй ажиллагааны зааварчилгааг бид нарт нэг ч удаа уншиж өгч байгаагүй. Хааяа л тавчиктай ажиллаж байгаа хүмүүсийг гутал өмс гэж л хэлж байсан болохоос өөрөөр зааварчилгаа өгч байхыг нь би бараг хараагүй... 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг яг танилцуулсан хүн бол байхгүй. Мөнхболд ах бид хоёр хамт дэвтэр дээр гарын үсэг зурцгаасан...” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Гэрч Х.Досмуханбет нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Мөнхболдын эхнэр Отгоо гэнэт над руу “өвөө, Мөөгий, Мөөгий” гэж чанга орилох чимээ сонсогдохоор нь “юу болсон бэ" гээд доошоо буугаад очсон. Гэтэл Б.Мөнхболд бутлагчний доод хэсэгт байрлах 3-р ирмээн рүү гараа хийчихсэн, гарных нь булчин хэсгээр нэлээн гүн орж зүсэгдчихсэн байдалтай орилоод байж байсан. Тэгэхээр нь би Б.Мөнхболдын баруун гараа дотор нь хийчихсэн байсан 3-р ирмээнийг унтраагаад тухайн үед бутлагчнаас гарч ирсэн шорооноос чулууг нь түүдэг Батчулуун гэх залуутай хамт 3-р ирмээнийг буцааж хүчээр татаж Мөнхболдын зүсэгдэж гацсан гарыг нь татаж авч эмнэлэг, цагдаа дуудсан...Хэдий би тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин ч гэлээ Б.Мөнхболдын хувьд надтай адилхан үйлдвэрийн бүх л тоног төхөөрөмжүүдийг засаж мэддэг, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эвдрэлтэй холбоотой бүхий л ажилд өөрийн сайн дураар оролцдог, их чих зөөлөнтэй хүү болохоор л тухайн үед бутлагчний машин гацсан үед надад туслах санаатай тэр эрмен рүү гараа хийж дотор нь гацсан байсан шороог гаргах гэж байсан байх гэж бодож байна...” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Мөнхтамир нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний нагац эгч Өнөрбаясгалан нь “Хасгуа” тоосгоны үйлдвэрийн 100% хувьцаа эзэмшигч захирлаар ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сард “Оюут Констракшн” ХХК-д зарахаар тохиролцсон... Гэрчилгээгээ шилжүүлээгүй байж байтал Өнөрбаясгалан эгч 2021 оны 06 дугаар сард Баянхонгор аймаг руу шилжин амьдрах болоод надад тоосгоны үйлдвэрийн захиран зарцуулах эрхийг 100% шилжүүлж өгсөн. Ингээд миний бие эгч Өнөрбаясгалантай ярилцаж тохиролцоод 2021 оны 06 дугаар сард “Оюут Констракшн” ХХК-д худалдах, худалдан авах гэрээг хийхээр болж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ням-Очир гэж хүнд худалдах худалдан авах гэрээг байгуулж өгсөн. Гэрээн дээрх тооцоо арай дуусаагүй байгаа учраас өнөөдрийг хүртэл гэрчилгээг шилжүүлээгүй байгаа, гэхдээ манай мэдлээс гараад явсан... Үйл ажиллагаа болон бусад зүйлээр огт хамааралгүй болсон...” /хх-182/ гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Р.Баасандагва нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай Оюут Констракшн ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхтамир гэж хүнээс Хасгуа тоосгоны үйлдвэрийг 700,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн боловч одоогоор төлбөрийн үлдэгдэл арай дуусаагүй байгаа... Оюут Констракшн ХХК-ны ерөнхий захирал Р.Ням-Очир нь Д.Болдыг Хасгуа тоосгоны үйлдвэрийн захирлаар томилсон юм...” /хх-180/ гэх мэдүүлэг,
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №ХАБ 06/03 дугаартай шинжээч Г.Ариунбаярын дүгнэлт /хх-36-38/,
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №05-092/11 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /хх-186-189/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаартай дүгнэлтэд:
Хасгуа ХХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай тушаал “...үйлдвэрт Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Нярав хөдөлмөр хамгааллын ажилд Санжаагийн Батсүхийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” /хх-80/,
Хасгуа ХХК-ний захирлын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай тушаал “...үйлдвэр хариуцсан даргаар Даваажавын Болдыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” /хх-83/ гэх тушаал,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/,
Оюут констракшн ХХК-ны тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бүдүүвч зураг /хх-13/,
Хохирогчийн эрүүл мэндийн хохиролтой холбоотой бичгэн баримтууд /хх-42-50/,
Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Тохирлын гэрчилгээний хуулбар,
Тусгай зөвшөөрөл олгогч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар,
Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт,
Б.Мөнхболд, С.Батсүх, Х.Досмухайбет, Д.Болд нарын хөдөлмөрийн гэрээний хуулбарууд,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм Монгол улсын стандарт MNS4969:2000 ,
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: ” шүүгдэгч С.Батсүх, Д.Болд нарыг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. ...цаашид гарах хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигтай холбоотой тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговортой холбоотой зүйлийг иргэний хариуцагч Оюун констракшны зүгээс хариуцан төлөх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ”... Шүүгдэгч нар гэм буруугаа ойлгосон, хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эрүүл мэндэд нь анхаарал тавьсан. Энэ хүмүүсийн төлсөн төлбөр, өөрсдийнх нь оролцоо, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж энэ зүйл ангид заасан хамгийн доод хэмжээний торгуулийн хэмжээ болох улсын яллагчтай санал нэг байна. ... шүүхээс торгуулийн ял оногдуулбал уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Б.Мөнхболдын өгсөн: "...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр...12 цаг 30 минутын үед ажилдаа гараад зуурагчийн ажлаа хийж байтал шавар зөөх зам буюу ирмээн гацчихаар нь яваад очтол ирмээний араа буюу дамарт шороо ороод гацсан байсан. Би гараа оруулаад дамранд тээглэсэн шороог гараараа хусаж байтал гэнэт ирмээний төмөрт тээгэлдээд, дамарт ороогдохоор нь би орилоод тусламж гуйсан. Ямарч байсан тоногийг унтраагаад гараа татаад авахад миний гарны яснууд хугарсан, арьс мах нь унжсан байсан. Тэгээд манай үйлдвэрийн дарга шууд эмнэлэг дээр авчирсан....манай дарга нарын зүгээс надад байшин барьж өгөхөөр болсон. Тийм болохоор гомдол санал байхгүй...”, “...Надад тоосгоны үйлдвэрээс газар авч, байшин барьж өгнө гэсний дагуу газраа ав гээд 4,000,000 төгрөг өгсөн... Мөн Болд захирал компанийн нэрийн өмнөөс надтай байшин барих ажил гүйцэтгэх гэрээ нотариатаар ороод хийсэн байгаа. Энэ зундаа барьж дуусгахаар тохиролцсон. Сая л газраа хөөцөлдөөд авсан. Одоо байшин барих ажил удахгүй эхэлнэ. Мөн надад хиймэл гар хийлгэхээр 2,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Насанжаргалын өгсөн: "...Би тус компанийн тоосгоны үйлдвэр хэрчигч ажилтай... Намайг шороо буталдаг хэсэг рүү харахад шороо нь дүүрээд орохоо болиод, хахчихсан байсан. Тэрийг оператор ах янзлах гээд төмөр барьчихсан ухаад зогсож байсан. Тэгээд би буцаж ажилдаа ороод ажлаа хийгээд байж байтал гэнэт эмэгтэй хүн орилох чимээ сонсогдсон. Би гүйгээд аваарын улаан товчлуурыг дарж тоног төхөөрөмжөө тэр чигээр нь унтраачхаад очтол Мөнхболд ах буталсан шороог дараагийн бутлуур луу явуулдаг дамар, ирмээн хоёрын хооронд баруун гараа оруулаад, гар нь дамараа дагаад бүтэн эргэчихсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би ирмээн, дамар хоёрыг гараараа эргүүлээд Мөнхболд ахын гарыг салгатал баруун гарын булчин, шөрмөснүүд нь бүгд задраад, яс нь бутарчихсан, арьс, махан дээрээ тогтчихсон байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Досмуханбетийн өгсөн: "...Мөнхболдын эхнэр Отгоо гэнэт над руу “өвөө, Мөөгий, Мөөгий” гэж чанга орилох чимээ сонсогдохоор нь “юу болсон бэ" гээд доошоо буугаад очсон. Гэтэл Б.Мөнхболд бутлагчний доод хэсэгт байрлах 3-р ирмээн рүү гараа хийчихсэн, гарных нь булчин хэсгээр нэлээн гүн орж зүсэгдчихсэн байдалтай орилоод байж байсан. Тэгэхээр нь би Б.Мөнхболдын баруун гараа дотор нь хийчихсэн байсан 3-р ирмээнийг унтраагаад тухайн үед бутлагчнаас гарч ирсэн шорооноос чулууг нь түүдэг Батчулуун гэх залуутай хамт 3-р ирмээнийг буцааж хүчээр татаж Мөнхболдын зүсэгдэж гацсан гарыг нь татаж авч эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Р.Баасандагвын өгсөн: "...Манай Оюут Констракшн ХХК-нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхтамир гэж хүнээс Хасгуа тоосгоны үйлдвэрийг 700,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн боловч одоогоор төлбөрийн үлдэгдэл арай дуусаагүй байгаа... Оюут Констракшн ХХК-нийн ерөнхий захирал Р.Ням-Очир нь Д.Болдыг Хасгуа тоосгоны үйлдвэрийн захирлаар томилсон юм...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаартай дүгнэлтэд Б.Мөнхболдын биед баруун бугалганы дээд 1/3 хэсгээр тайрсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.06.25/, хүзүүнд сорви гэмтэл тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт, зэрэг баримтаар хохирогч Б.Мөнхболд нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 1-р хороонд байрлах Оюут констракшн ХХК-нийн тоосгоны үйлдвэрт зуурагчийн ажлаа хийж байтал шавар зөөх зам буюу ремений араа буюу дамарт орсон шороог авахдаа баруун гараа тасдуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэлд шүүгдэгч нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд улсын яллагч нь яллах дүгнэлтээр Шүүгдэгч Д.Болдыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснийг зөрчиж, эрсдэлтэй ажлын байран дээр үүрэг гүйцэтгэж буй ажилтныг зохих сургалтад хамруулж мэдлэг чадвар эзэмшүүлээгүй, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр ажилтныг хангаагүй, үйлдвэрийн удирдлага гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй, эс үйлдэхүйн улмаас, Шүүгдэгч С.Батсүхийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тухайн ажилбарт тохирсон нарийвчилсан давтан зааварчилгаа болох “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм Мнс 4969:2000 стандартын 4.16/ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэснийг зөрчиж өгөгдвөл зохих нарийвчилсан давтан зааварчилгааг холбогдох ажилтнуудад өгөлгүй, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж ялласныг шүүх хянаад шүүгдэгч нарын үйлдлүүдийг хууль тогтоомжинд заасан албан тушаалын чиг үүрэгтэй холбогдуулан дараах байдлаар тогтоолоо.
Үүнд хэрэгт авагдсан Хасгуа ХХК-ний захирлын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай тушаал “...үйлдвэр хариуцсан даргаар Даваажавын Болдыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулах тушаал...” 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №05-092/11 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт, Хасгуа ХХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай тушаал “...үйлдвэрт Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Нярав хөдөлмөр хамгааллын ажилд Санжаагийн Батсүхийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулах тушаал..”,
2021 оны 12 дугаар сарын 14 ны өдрийн №ХАБ 06/03 дугаартай шинжээч Г.Ариунбаярын дүгнэлт,
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №05-092/11 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Оюут констракшн ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бүдүүвч зураг,
Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм Монгол улсын стандарт MNS4969:2000, шинжээч С.Ууганбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар:
шүүгдэгч Д.Болдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна”, 9.1.1 дэх хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дахь хэсэгт заасан “ машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэсэн заалтыг зөрчиж хохирогчийн ажиллаж байсан бутлагч конверийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаагүй, шороог гараар гаргуулж ажилуулсан, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгт заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6 дахь хэсэгт заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж тоосгоны үйлдвэрийн ажилчдын учрах аюулын эрсдлийн үнэлгээ хийгээгүй, бутлагч машин дээр ажиллах заавар баталж мөрдүүлээгүй, ажилтан нарт тоног төхөөрөмж дээр ажиллах сургалт, дадал эзэмшүүлээгүй, шалгалт өгөөгүй ажилтныг бутлагч машин дээр ажиллуулж байсан үйлдлүүд нь,
Шүүгдэгч С.Батсүхийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 27.3.5 дахь хэсэгт заасан “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” гэсэн заалтуудыг зөрчиж үйлдвэрийн ажилчдад хөдөлмөр аюулгүй байдлын талаар сургалт явуулаагүй, ажлын байранд хэрэглэх хамгаалах хэрэгслийг бүрэн олгоогүй, хэрэглээнд хяналт тавиагүй зэрэг үйлдлүүд нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Болд, С.Батсүх нарыг энэхүү үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно “ гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж үзээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Болд, С.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар нь эрхэлж буй ажлын чиг үүргийг зохих ёсоор биелүүлдэггүй байдлаас гадна хохирогчийн хайхрамжгүй үйлдлээс үүдэлтэй гарсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Болд, С.Батсүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас: ”...шүүгдэгч Д.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд уул уурхайн инженерийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч С.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: ”...Энэ хүмүүсийн төлсөн төлбөр, өөрсдийнх нь оролцоо, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж энэ зүйл ангид заасан хамгийн доод хэмжээний торгуулийн хэмжээ болох улсын яллагчтай санал нэг байна...шүүгдэгч нарын үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хасахгүйгээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Хэрэв шүүхээс торгуулийн ял оногдуулбал уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгон шүүхээс ял оногдуулахдаа мөн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилтын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгон эдлүүлж, тухайн зүйлд заасан эрх хасах ялыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд эрхэлж байсан ажил үүргийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Мөнхболдод шүүгдэгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж эмчлүүлэхтэй холбоотой гэж 6,000,000 төгрөгийг нөхөн төлсөн талаар хэргийн оролцогч нарын мэдүүлсэн бөгөөд хохирогч нь иргэний хариуцагч хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч нь цаашид иргэний хариуцагч “Оюут Констракшн” ХХК-ниас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэсэн заалт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсэгт заасан “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” заалтуудын дагуу хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураан авсан үйлдвэрийн ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрийг “Хас Гуа” ХХК-д шилжүүлэж, 25 см урттай, 15 см өргөнтэй төмөрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шинжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Боржигон овогт Санжаагийн Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД