Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 135/шш2018/00540

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** гудамж, ******тоотод оршин суух,  Эмч овогт Батчулууны Гантулга /регистрийн дугаар******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******баг, ******* хороолол, ****** тоотод оршин суух,  Дархан овогт Батмөнхийн Удвал /регистрийн дугаар ********/-д холбогдох

"орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гантулга, хариуцагч Б.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие Б.Гантулга нь Батмөнх овогтой Удвалтай гэр бүл байх хугацаанд 2013 онд Голомт банкны 8 хувийн зээлд хамрагдаж байр авсан юм. Одоо шүүхийн албан ёсны шийдвэрээр гэр бүл цуцалж тус тусдаа амьдарч байна. Иймд тухайн байрны хамтран өмчлөгчөөс хасуулах хүсэлтэй байна. ” гэжээ. 

 

 

Хариуцагч Б.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

         Нэхэмжлэгч Б.Гантулга нь хариуцагч Б.Удвалд  холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

            Хэрэгт авагдсан баримтаар

            Зохигчид болох Б.Гантулга, Б.Удвал нар нь 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч гэрлэлтээ албан ёсоор батлуулсан ба хамтран амьдрах хугацаандаа буюу  2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг өргөө баг 21 дүгээр хороолол 1а-18 тоот 2 өрөө орон сууцыг Голомт банкны зээлээр Б.Гантулга, Б.Удвал нар нь худалдан авч, өөрсдийн өмчлөлд бүртгүүлсэн ба уг орон сууц нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1419 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1419 дугаартай шийдвэрээр Б.Гантулга, Б.Удвал нар нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлүүлсэн боловч гэр бүлийн дундын хөрөнгө болох дээрх орон сууцны талаарх маргааныг шийдвэрлүүлээгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...Бид хоорондоо тохиролцож, гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцыг эхнэр Б.Удвалд үлдээсэн учир орон сууцны гэрчилгээнээс миний нэрийг хасаж өгнө үү” гэсэн тайлбарласан болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл зохигч талууд гэр бүлийн дундын хөрөнгийг хэний өмчлөлд үлдээх эсэх талаарх маргааныг шүүхээр шийдвэрлүүлээгүй, мөн  Голомт банкны зээлийн барьцаанд байгаа дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай маргааныг шийдвэрлэхэд банкны эрх ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа тул нэхэмжлэгч Б.Гантулгын гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гантулгын гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА