Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 135/шш2018/00555

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж,  ******* банк /утас *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух,  ******* овогт *******агийн ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/ нарт холбогдох

"зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 13,243,762.10 төгрөг гаргуулах тухай " иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ш.*******, Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Ш.*******, Н.******* нар нь ******* банкны Дархан салбарын Нийгмийн даатгал тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тоот зээлийн гэрээ, БГ201743036335-1 тоот барьцааны гэрээ байгуулж 13,973,236 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 1,083,405.75 төгрөг, хүүгийн төлбөрт  1,530,748.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 173.44 төгрөг,  нийт 2,614,328.01 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчин 36 хоног хугацаа хэтэрсэн тул 2018 оны 03 сарын 13-ны өдөр 5132/22 тоот зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэл гаргасан болно.

2017 оны 08 сарын 10-ны өдрийн тоот зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн төлбөр 12,889,829.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 352,965.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 966.78 төгрөг нийт 13,243,762.10 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2017 оны 08 дугаар сарын 10-ны БГ201743036335-1 тоот барьцааны гэрээнд дурдагдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэжээ. 

 

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Н.******* би Ш.*******тай хамтран амьдарч байхдаа 2017 оны 08 сард ******* банкны зээлэнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. 2018 оны 01 сард бидний гэр бүлийн байдал салалтын байдалд хүрч 2018 оны 03 сарын 06-нд албан ёсоор шүүхэд нэхэмжлэл өгсөн. Ш.*******тай харилцан тохиролцож тус тусынхаа цалингийн зээлийг өөрсдөө төлж барагдуулахаар тохиролцсон.  Миний бие өрх толгойлсон эх үлдэж өрхийн хэрэглээний зардлууд хүүхдүүдийнхээ сурч боловсрох, эрүүл мэнд ур чадварт нь төлбөр төлж өрхийн тогтмол болон өөр бусад зардлууд мөн өөрийн цалингийн зээлээ төлөн өнөөдрийг хүртэл зөвхөн цалингаараа амьдралаа залгуулж байна.

Би Дархан татах хэсэгт бага эмчээр ажилладаг.  Миний үндсэн цалин 641,323 төгрөг үүн дээр тухайн сарын нөхцөл байдлаас хамаарчур чадвар, шөнийн ээлжийн нэмэгдэл гээд 200,000 орчим төгрөг нэмэгддэг.

...Иймд уг зээлийг би төлөх боломжгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ш.******* миний бие Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2018 оны 02 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Өнөөдрийн байдлаар эрхэлсэн ажилгүй байгаа ба зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх боломжгүй байна.

Хариуцагч миний бие ******* банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Ш.******* миний бие ******* банктай шинээр зээлийн гэрээ байгуулан үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 

Зээлээ сайн дураар төлөхөө баталж байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

         Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Ш.*******, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 13,243,762.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар

            Хариуцагч Ш.*******, Н.******* нар нь ******* банкны Дархан салбараас 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 13,973,236 төгрөгийг, сарын 1,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь цалингийн зээлийн гэрээ , барьцааны гэрээ, дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

            Зохигчид зээл, болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

            Хариуцагч Ш.******* нь дээрх зээлийн үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийн график хугацаанд орж, зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж маргасан болно.

            Хариуцагч Ш.*******, Н.******* нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг 67 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн бөгөөд эргэн төлөлтийн хэвийн графикт ороход үндсэн зээл 1,163,118 төгрөг, зээлийн хүү 40,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 төгрөг, нийт 1,204,084 төгрөг болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ХААН банк нь хариуцагч нарт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн байна.

            Нэхэмжлэгч ХААН банкны 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зээл буцаан дуудах мэдэгдэлд “...та зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх хуваарьт хугацааг дахин 11 хоногоор хэтрүүлсэн төлөлт хийгдээгүй байна. Таны авсан зээл 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн бйадлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,889,829.89 төгрөг, зээлийн хүүнд 190,235.75 төгрөг нийт 13,080,065.64 төгрөг байна.  Зээлдэгч таныг 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор энэхүү зээлийн нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд ...зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүсэж...” байна гэжээ.

            Өөрөөр хэлбэл дээрх мэдэгдэлээр нэхэмжлэгч ХААН банк нь хариуцагч нараас хэтрүүлсэн хугацааны үүргийг шаардах байтал дээрх зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нар  нь 67 хоногийн  үндсэн зээл 1,163,118 төгрөг, зээлийн хүү 40,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 төгрөг, нийт 1,204,084 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т заасан гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд энэ тохиолдолд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс үүргийг тооцож, хариуцагч нараас үндсэн зээл 1,163,118 төгрөг, зээлийн хүү 40,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 төгрөг, нийт 1,204,084 төгрөгийг гаргуулан ******* банкинд олгох нь зүйтэй байна.

Үүргээ зөрчсөн үндэслэл бий болсон үед нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ шийдвэр нь гэрээг цуцлах талаар дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг цуцлах, 12,039,678.10 төгрөг гаргуулах тухай шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1.4, 451 дүгээр зүйлийн  451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******, Н.******* нараас зээлийн төлбөр 1,204,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх  2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг цуцлах, 12,039,678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,168 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 33,448 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА