Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 135/шш2018/00574

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум,  ******* баг, ******* тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхжаргалын Мөнх-Эрдэнэ /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, Буриад  овогт Төмөрийн Ариунчимэг /регистрийн дугаар ********/-т холбогдох

 

“6,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,900,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банкныи дансаар дамжуулан зээлсэн. Мөн бэлнээр 100,000 төгрөгийг тус тус зээлсэн. 2016 оны 08 дугаар сараас хойш нийт 6,000,000 төгрөгийг Т.Ариунчимэгт зээлсэн.

2017 оны 09 дүгээр сарын 19-ий өдөр тооцоо нийлж 6,000,000 төгрөгийн өртэй гэсэн тооцоо нийлсэн баримтыг үйлдэж  нотариатаар гэрчлүүлсэн.

Уг зээлсэн мөнгөө удаа дараа нэхэхэд элдэв шалтаг хэлж өдийг хүрлээ.

Иймд 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Иргэн М.Мөнх-Эрдэний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. М.Мөнх-Эрдэний гаргасан 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь М.Мөнх-Эрдэнэ манай өмчлөлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар брак байранд 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарын дуустал 8 сарын хугацаанд сарын 150,000 төгрөгний хөлсөөр суусан ба энэ мөнгөө төлөөгүй. Мөн дулааны мөнгө сард 21,000 төгрөг төлөх ёстой бөгөөд энэ мөнгөө мөн төлөөгүй. Дээрх 6,000,000 төгрөгийг би аваагүй бөгөөд манай нөхөртэй харилцан ярьж тохиролцсны үндсэн дээр өгсөн байдаг юм. Хэрэв М.Мөнх-Эрдэнэ нь 6,000,000 төгрөгөө нэхэж байгаа бол манай байранд 8 сар амьдарсан. 1 сард 150,000 төгрөгөөр бодож нийт 1,200,000 төгрөг, дулааны мөнгө сард 21,000 төгрөг, 8 сард 126,000 төгрөг бүгд 1,300,266 төгрөгийг М.Мөнх-Эрдэнэ нь дээрх мөнгөнөөс хасаж тооцвол бидний зүгээс зөрүү мөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй.” гэжээ.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Т.Ариунчимэгт холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,900,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус ХААН банкны дансаар, 100,000 төгрөгийг бэлнээр, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Т.Ариунчимэгт өгсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэний эзэмшлийн ХААН банкин дахь 5270480820 тоот дансны депозит хуулга, хариуцагч Т.Ариунчимэгийн “...М.Мөнх-Эрдэнээс 2016 оны 09 дүгээр сард 6,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд хүүгүй зээлсэн ба одоо буцаан төлөлтөө 2017 оны 10 дугаар сарын 15-нд дуусгавар болгохоор харилцан тохиролцлоо” гэж бичиж нотариатаар гэрчлүүлсэн баримт болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Ариунчимэг нь М.Мөнх-Эрдэний нэхэмжилсэн мөнгөнөөс байрны түрээсийн төлбөр 1,300,266 төгрөг хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагч тал дээрх орон сууцны түрээсийн төлбөрийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй тул түрээсийн төлбөр гэх 1,300,266 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд хариуцагч Т.Ариунчимэгээс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдолд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болох шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2190 дугаартай шүүгчийн захирамжаар уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

Нэхэмжлэгч тал хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Ариунчимэгээс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ариунчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        З.ТУНГАЛАГМАА