Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 135/шш2018/00575

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** багтбайрлах, ***** ***** ХК /РД:*******-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ****** тоотод оршин суух, Боржигон овогт Оюундалайн Солонго /регистрийн дугаар ******/-д холбогдох

 

1,962,167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одончимэг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** ***** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...О.Солонго нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ий өдрөөс хуримтлагдсаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1,962,167 төгрөг болсон байна. Удаа дараа тухайн айл өрхийг хариуцсан  усны байцаагч, хяналтын инженэр техникийн ажилтнууд хэрэглэсэн усны төлбөрөө төлөхийг шаардахад гэртээ оруулдаггүй,  утсаа авдаггүй, хаалганы цаанаас за төлнө гэлэг.Дээрхи хэрэглэгч нь халуун хүйтэн усны тоолуур байхгүй задгайгаар тооцогддог. Хүйтэн ус 2 ам бүлээр  тооцогдож байгаад 2012 оны 04 сараас 1 ам бүлээр тооцсон байна.

Харин халуун ус нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ий өдрөөс 2 ам бүл тооцогдож байгаа.

Иймд хариуцагчаас 1,962,167 төгрөгийн цэвэр ус хэрэглэсэн бохир ус татан зайлуусны мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** ***** ХК нь хариуцагч О.Солонгод холбогдуулан 1,962,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

     Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны 44 тоотод оршин суугч О.Солонго  нь 2009 оноос 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөрт 1,962,167 төгрөгийн өртэй болох нь хэрэгт авагдсан ***** ***** ХК-ний харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасны дагуу хариуцагч О.Солонгоос 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөр 1,204,188 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч О.Солонгоос 1,204,188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 757,979 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч О.Солонгод шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч О.Солонгоос 1,204,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 757,979 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,345 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Солонгоос улсын тэмдэгтийн хураамж 33,450 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА