| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0996/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1001 |
| Огноо | 2022-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1001
2022 08 08 2022/ШЦТ/.........
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Б.Энэрэл /томилолтоор/,
хохирогч Б.Д,
шүүгдэгч: Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-ид холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Б-гийн П /РД:0000000/,
Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ******** аймгийн ********** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, “Х к” ХХК-нд дизайнер ажилтай, ам бvл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 0-р баг, ....., сургуулийн хашаанд оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Тахилтын 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Б.П нь 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын 0-0 тоотод хамтран амьдрагч Б.Д-ыг бусадтай хардлаа гэсэн шалтгаанаар цохиж, зодон толгойгоор нь орны толгой мөргүүлж биед нь "духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.П нь 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын 0-0 тоотод хамтран амьдрагч Б.Д-ыг бусадтай хардлаа гэсэн шалтгаанаар цохиж, зодон толгойгоор нь орны толгой мөргүүлж биед нь "духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Б.Д-аас тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан .... Сонгинохайрхан дуургийн 00 дугаар хороо Тахилтын 0-0 тоотод нөхөртөө зодуулсан..." гэх гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
-Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дуургийн 00 дугаар хороо Тахилтын 0-0 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн найз Х, А нар манай гэрт өдрийн 14 цагийн үед ирсэн юм. Ингээд...Х хэдэн пиво уух уу гэж яриад, дэлгүүр гарч 2 том 2,5 литрийн нийслэл пиво уусан юм. Би оройн 21 цагийн үед ядраад байхаар нь унтаж амрахаар болсон юм... Тэгээд 01 цаг өнгөрч байхад сэрээд гэрлээ асаасан чинь манай нөхөр П А-ын хажууд хэвтэж байхаар нь би уурлаад чи яагаад байгаан бэ" гэж хэлсэн чинь манай нөхөр П намайг алгадаж унагаагаад, миний үснээс зулгааж, орны толгой мөргүүлээд миний толгойг хагалсан...Би П-той 2013 оноос хойш хамт амьдарсан, бид хоёр 2019 онд гэрлэлтээ батлуулсан....Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж толгойдоо 6 оёдол тавиулсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,
Гэрч Г.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...найз П-ийн хамт үлдсэн пиво...уучхаад шөнийн 01 цагийн үед Д гэрэл асаачхаад "чи А-ын хажуугаар хэвтдэг хэн бэ" гээд уурлаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд П эхнэрээ алгадаж унагаад, үсдээд авахаар нь би салгах гээд очих хооронд ор мөргүүлээд эхнэрийнхээ толгойг хагалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1. Б.Д-ын биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхинд цус хуралт, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтэл тус бүр болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй...” гэх дугнэлт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.П-жийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэж /хавтаст хэргийн 74-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 27-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 30-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 31-р хуудас/, эд хөрөхгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 32-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 33-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 34-39-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43-р хуудас/, Хоум китчен ХХК-нд дизайнерээр ажилладаг тодорхойлолт /хавтаст хэргийн 44-р хуудас/, 2020.06.21-ний өдөр төрсөн охин П.А, 2017.11.29-ний өдөр төрсөн хүү П.А, 2013.11.20-ны өдөр төрсөн охин П.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 45-47-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.П нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-гийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Д-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Б.П нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.Д-ын нүүрэн тус газар цохиж, үснээс зулгааж, орны толгой мөргүүлж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.
Иймд Б.П-жийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Б.П-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.П нь мэтгэлцээгүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил хөдөлмөр /Х к ХХК-нд дизайнер ажилтай/, ам бүл /эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/-ийн байдлыг тус тус дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б-гийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.П-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА