Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 05

 

 

Б. холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогч О.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.М давж заалдах гомдлоор, Б.М холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-уул аймгийн Дархан сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багт оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДК93080311 регистрийн дугаартай, Дархчууд овогт Б М.

Шүүгдэгч Б.Мнь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хохирогч О.М зодож, биед нь гавлын суурийн зүүн их баг далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дархчууд овогт Б. М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хохирогч О.М нь цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний

2.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргах хуульд заасан үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.М давж заалдах шатны шүүхэд гарсан гомдол тайлбартаа: Миний бие хохирогч О.М нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шүүгдэгч Б.М шалтгаангүй зодуулж улмаар биедээ хүнд гэмтэл авсан. Үүнээс хойш миний зүүн нүд юм харахаа больж, юм хардаг болох байх гэж өнөөдрийг хүртэл горьдож, найдаж явсан юм. Гэмтсэн нүдний уг эм дусааж явахгүй бол байнга хатгаж, биед зовиур гарч эмч нар яаралтай Улаанбаатар хот яв гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 17-ннд Улаанбаатар хотод нүдний нарийн мэргэжлийн 2 эмнэлэгийн эмчид үзүүлэхэд нүд нь ямар ч хараа орох боломжгүй болсон байна гэсэн. Иймд би давж заалдах шатны шүүх хурлаас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч Б. нь миний нүдийг хараагүй болгосонд гомдолтой байна. Энэ хүн өнөөдрийг хүртэл надтай уулзаагүй, аав нь л уулзсан. Иймд уг хэргийг дахин үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас яллагдагч Б.М нь О.М зодож гавлын суурийн зүүн их, бага далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боложтой бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн биед прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэн Б.М эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ.

Хавтаст хэрэгт буй баримтуудаас үзэхэд хохирогч О.М нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Миний зүүн талын нүд юм харахгүй байна. Цаашид нүд хардаг болчихвол гомдол санал байхгүй” гэж мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөгч прокурор тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, түүнчлэн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Сая эмчид үзүүлэхэд “Энэ нүд чинь харахгүй.” Нөгөө нүдээ үзүүл“ гэж эмч хэлсэн. Зүүн нүд харахгүй байгаа. Гомдолтой байна” гэж мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн зүүн нүдний харааны талаар тусгаагүй, Хохирогч О.М биед учирсан гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн

3.

улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтооно гэж заасан байна.

Гэтэл гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг бодитой тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, хэргийн талаар нотбол зохих байдал тогтоогдоогүй байгаа бөгөөд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Тиймээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тухайлбал хохирогчийн зүүн нүд хараагүй болсон эсэх, хэрэв хараагүй болсон бол хэний ямар үйлдэл буюу ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хараагүй болсон, уг гэмтлийн улмаас учирсан хор уршиг зэргийг бодитой тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хохирогчийн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай гомдлыг хүлээн авч Б.Мягмарцэрэнд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч О.М давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.М холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

  2. Хэргийг анхан шатны шүүх хүлээн авах хүртэл Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                   Ш.БАТТОГТОХ

                              ШҮҮГЧИД                                   Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                Ч.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН

                              ШҮҮГЧИД                               Ш.БАТТОГТОХ

                                                                                     Ч.ЭНХТӨР