Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

хохирогч А.Баттулга,

шүүгдэгч А.Чулуундорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Амарсайханы Чулуундоржид холбогдох эрүүгийн 201619000739 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүү нарын хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Наран хороолол 26-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Чойжлынхон овогт Амарсайханы Чулуундорж /РД:НЬ96032615/ гэв.

           

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Чулуундорж нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Агуйт” гэх газар иргэн А.Баттулгатай тэжээвэр зэвүүн нохойн гөлөг гэж доромжиллоо гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч А.Чулуундорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч надтай сайн дураараа эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч А.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгчтэй эвлэрсэн байгаа. Иймд А.Чулуундоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй гэв.

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,

-А.Баттулгын өргөдөл /хх-06 тал/,

-яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-11 тал/,

-Төв Баянхангай сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-3 тал/,

           

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн №13909 дугаар шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд/:

            1. А.Баттулгын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-13 тал/,

 

-шүүгдэгч А.Чулуундоржийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-17 тал/, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар /хх-19 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч А.Чулуундоржийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-20 тал/,

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Чулуундорж нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Агуйт” гэх газар иргэн А.Баттулгатай тэжээвэр зэвүүн нохойн гөлөг гэж доромжиллоо гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн №13909 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогч А.Баттулга, шүүгдэгч  А.Чулуундорж нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Чулуунддоржийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд  хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна.

 

 

            Шүүгдэгч А.Чулуундоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч А.Чулуундоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

            Хохирогч А.Баттулга нь хохирлын төлбөрт нэхэмжилсэн 870000 төгрөгийг шүүгдэгч А.Чулуундорж нь нөхөн төлсөн байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Чойжлынхон овогт Амарсайханы Чулуундоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар А.Чулуундоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Чулуундорж нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Чулуундоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Чулуундоржид бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ